З.Манлай: Мангаг зүгээр унших бус утгыг нь ойлгож, хэрэгтэй зүйлээ авч сурсан 
З.Манлай: Мангаг зүгээр унших бус утгыг нь ойлгож, хэрэгтэй зүйлээ авч сурсан 

Эх сурвалжийн хүсэлтээр хиймэл оюун ашиглан бүтээв.

Чөлөөт цагаараа гар утастай “нөхөрлөх” бус манга уншдаг сурагч З.Манлайтай товч ярилцлаа. Энэ жил 12 дугаар ангийн сурагч тэрбээр өсвөр насныхан дунд манга унших сонирхолтой хүүхдүүд олон байдаг гэдгийг онцолж байсан юм.

-Хэзээнээс манга уншиж эхэлсэн бэ. Одоо ямрыг уншиж байна вэ?

-Дунд ангиасаа сонирхон уншиж эхэлсэн. Одоо “Blue Lock” нэртэй манга уншиж байгаа. Өрсөлдөөн, сэтгэл зүйн тэмцлийг харуулдаг. Мөн өөрийгөө хөгжүүлэхийн тулд бусдаас ялгарах, шийдвэр гаргах чадвар чухал гэдгийг олж хардаг. Дүрүүдийн шийдвэр гаргах мөчүүд, алдаа гаргасныхаа дараа өөрчлөгдөж байгаа зэрэг нь маш сонирхолтой.

-Тогтмол уншдаг уу. Уншихад эсвэл төвлөрөхөд хүндрэлтэй үе гардаг уу?

-Хичээл ихтэй үед унших зав багасдаг. Төвлөрлийн хувьд гэвэл бага багаар унших эсвэл хэсэг хугацаанд завсарлаад дараа нь үргэлжлүүлдэг. Ер нь цагаа зохицуулахгүй бол хичээл хийхэд нөлөөлөх магадлал байдаг л даа.

-Одоо уншиж буй манганаас ойлгож, хүлээж авч буй зүйл бий юу?

-Шийдвэр гаргахдаа эргэлзэхгүй байх, алдаанаасаа суралцах хэрэгтэйг ойлгосон. Шалгалт, сонголт хийх үед илүү бодож, шийдвэр гаргахдаа итгэлтэй болсон. Манга уншаад ямар ойлголт авах эсэх нь хүн бүрд адилгүй л дээ. Яаж хүлээж авч байгаагаас л хамаарна.

-Манга уншихад сул тал бий юу. Хамааралтай болсон гэж бодож байсан үе бий юу?

-Хэт их цаг зарцуулах, бодит амьдралаас тасрах эрсдэлтэй. Зарим үед тийм санагдсан учраас өөрийгөө хянахыг хичээдэг.

-Манга уншдаг өсвөр насныханд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зүгээр уншихаас илүү утгыг нь ойлгож, хэрэгтэй зүйлээ авч сурах хэрэгтэй. Бас цагийн зохицуулалтаа сайн хийвэл зүгээр гэж хэлье дээ.

Д.Жавзансүрэн