2 Цагийн өмнө.
Баянгол сумын сурагчид танин мэдэхүйн аялал хийв
Баянгол сумын сурагчид танин мэдэхүйн аялал хийв

Баянгол сумын сурагчид танин мэдэхүйн аялал хийв

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид өнгөрсөн баасан гараг /2026.03.27/-т нийслэл Улаанбаатар хотод танин мэдэхүйн аялал хийв. Сурагчид Төрийн ордонд зочилж, зарим их сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ.

Аялал “Чингис хаан” музейгээс эхэлж, монголын эзэнт гүрний түүх, соёлтой холбоотой ховор үзмэрүүдийг үзэж сонирхон мэдлэгээ тэлсэн байна. Сурагчид “Маш сонирхолтой, дурсамжтай аялал боллоо. Музей үзэж, их сургуулиудтай танилцсан. Сэтгэл өндөр, гоё өдөр байлаа” гэж сэтгэгдлээ хуваалцав. Төрийн ордонд зочилж, Монгол Улсын төрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа болон чуулганы танхимтай танилцжээ.

Мөн Монгол Улсын Их сургуулийн хичээлийн I байр, Номын сан, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн хичээлийн байр, номын сангаар орж, сургалтын орчинтой танилцсан байна. Багш н.Оюунсүрэн “Сурагчдыг бодит орчинтой танилцуулж, ирээдүйн зорилго, мэргэжлээ зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ аяллыг зохион байгуулсан. Их, дээд сургуулиудтай танилцсанаар сурагчид боловсролын талаар илүү бодит ойлголт авсан байх” гэж ярилаа.

Д.Жавзансүрэн