“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян эхлүүлжээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос замын хөдөлгөөнд оролцогчдыг унадаг дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээнээс үүдэлтэй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян санаачилжээ. Иргэдийн аюулгүй зорчих мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн энэ аяныг зарим төрийн байгууллагатай хамтран эхлүүлсэн байна.
Учир нь 2025 онд суррон загварын тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол Улаанбаатар хотод 160, мопед (скүтер загвар)-той холбоотой зам тээврийн осол Улаанбаатар хотод 64 бүртгэгдсэн тоо баримтыг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Эдгээр ослын улмаас зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа юм. Урин дулаан цагт нийслэлд өдөрт дунджаар 36.990 хэрэглэгч дээрх тээврийн хэрэгслийг ашиглаж 600 мянга орчим автомашин болон явган зорчигчидтой зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцож буй судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахын тулд иргэд, төр, төрийн бус байгууллагуудыг бодит оролцоо, санаачилгаараа энэхүү аянд нэгдэхийг ХЭҮК-оос уриалж байна.
Одоогоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд Тээврийн цагдаагийн алба, Жэт шэйринг ХХК, Тапатрип ХХК, Эко технологи ХХК, Юу гөү инвестмент монголиа ХХК, Хурд хүч ХХК-ийнхан нэгджээ.