Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж
Өндөр уулын бүс дэх уур амьсгалын өөрчлөлт, ирвэсийн амьдрах орчны чиглэлээр хийж буй судалгааны ажлын үр дүнг танилцуулах судлаач, сэтгүүлчдийн уулзалтын үеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддоржтой ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр биологич амьтан судлаач мэргэжилтэй юм.
-Удахгүй “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа болох гэж байна. Та бүхэн өндөр уулын экосистемийг сонгож авч онцлохоор шийджээ. Энэ тухай та мэдээлэл өгнө үү?
-Эх дэлхийн цаг бол дэлхий нийтийн хэмжээнд нэлээн өргөн хүрээтэй явдаг томоохон үйл ажиллагаа. Өргөжсөөр ч байгаа. 2007 оноос Австралийн Сидней хотоос үүсэлтэй бөгөөд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулаад уур амьсгалын өөрчлөлтөд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр анх гарч ирсэн ийм санаачилга. Манай улс 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд өндөр уулын экосистемийг сонгож аваад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн яаж нөлөөлж байгаа юм бэ гэсэн чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийсэн ажлын үр дүн бусад холбогдох мэдээллийг хүргэхээр зорьж байгаа. Өндөр уулын бүс гэдэг яах аргагүй цоохор ирвэс гэдэг амьтантай холбогдоно. Цоохор ирвэсийн амьдардаг орон гэр нь, оршин тогтнодог үндсэн бүс нутаг нь. Тэгэхээр ирвэсээр дамжуулаад өндөр уулын бүс нутгийг хамгаалах томоохон хэмжээний үйл ажиллагааг манай байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж явдаг. Ирвэс гэдэг амьтнаар дамжуулаад тухайн экосистемийг хамгаалах, тэнд амьдарч байгаа ард иргэдийн сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх гэх мэтчилэн олон ажлыг бид хэрэгжүүлдэг.
-Танай байгууллагаас хэрэгжүүлдэг ирвэс хамгааллын ажил амжилттай болж байгаа. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс хуваалцвал?
-Өндөр уул гэр орон нь болсон ирвэс гэдэг амьтан хамгааллаар бид 1994 оноос хойш анхаарал хандуулж ирсэн. Ялангуяа баруун монголд бидний гол ажил төвлөрч явдаг. Тэгэхээр үндэсний хэмжээнд анх удаа бид шинжлэх ухааны судалгааны аргачлалын дагуу судалгаа хийгээд 2017-2020 онд судалгааныхаа үр дүнг нэгтгээд монгол оронд нийтдээ 953 орчим бие гүйцсэн ирвэс байх боломжтой юм гэдгийг гаргасан. Үүнийг олон улс хүлээн зөвшөөрсөн, тэнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр бид энэ ажлаа хийсэн. Гурван жилийн хугацаанд асар их хүн хүч, зардал шаардаж хийсэн ажил. Гэхдээ байгаль хамгаалах ажилд нэлээн томоохон хэмжээний түлхэц, үр нөлөө өгсөн ажил болсон. Дэлхийн түвшинд ирвэс хэмээх амьтан Улаан дансны үнэлгээгээрээ эмзэг гэдэг статустай.
Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйл болоод тэдгээрийн эд эрхтнийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад нэгдүгээрт бүртгэгдсэн. Нүүдэллэдэг зүйл амьтдыг хамгаалах олон улсын конвенцын хавсралтад мөн нэгдүгээрт бүртгэгдсэн. Үндэсний хэмжээнд 1972 оноос хойш ирвэс агнахыг хуулиар хориглосон. 1993 оноос эхлээд ангийн зориулалтаар тусгай зөвшөөрөл олгодог байсныг нь зогсоосон. Мөн Амьтны тухай хууль буюу 2012 онд гарсан Амьтны тухай хуулиар нэн ховор амьтан гэж тодорхойлсон. Монгол орны хэмжээнд 2025 онд хийсэн Улаан дансны үнэлгээгээрээ устаж болзошгүй гэж гарч ирсэн. Амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 22 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны “Нэн ховор, ховор амьтан хамгаалах хөтөлбөр”-ийн тавдугаар хавсралтаар цоохор ирвэс хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж гаргасан. Тэгэхээр цоохор ирвэс хамгаалах чиглэлээр бид бодлогын баримт бичгийг боловсруулаад, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна гэсэн үг. Тоо толгой гэвэл монгол орны хэмжээнд нийтдээ 953 бие гүйцсэн ирвэс байна. За яах вэ, доод хязгаарыг нь авбал 806 орчим, дээд хязгаарыг нь авъя гэвэл 1127, дунджаар бол 953 ирвэстэй гэсэн дүн гарсан. Монгол орны хэмжээнд ирвэс яг хаагуур байдаг юм бэ гэвэл өндөр уулсыг дамнаад, тэндхийн системийг дамнан оршиж байна. Ирвэсийн амьдрах үндсэн орчин нь өндөр уулс юм.
-Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийж буй судалгааны үр дүнгээс харахад амьд ертөнц хэмээх илэрхийлэл байнга буурч байна гэж танай мэдээлэл дурдагдлаа.
-Ерөөсөө л энэ амьд байгаль гэдэг бол бидний орон гэр болж байгаа юм. Мөн дээрээс нь хүнс, эмийн их нөөц. Цаашилбал бусад амьтан, ургамал энэ дэлхий дээр байж буй бүхий л амьд биетийн оршин тогтнох үндсэн бүс нутаг нь болж байгаа юм л даа. Байгаль биднийг цэвэр усаар, цэнгэг агаараар, эрүүл хөрсөөр хангадаг. Байгаль бид нарт тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Сайхан байгальд гараад салхинд гараад ирье, агаарт яваад ирье гээд өөрийнхөө стрессийг тайлдаг, тайвширдаг. Тэгэхээр байгаль эх дэлхий гэдэг бол юугаар ч орлуулшгүй, хэмжигдэхгүй хэмжээний үр өгөөжийг бидэнд өгч байдаг. Өнөөдрийн бидний амьсгалж байгаа агаарыг ямар нэгэн байдлаар эдийн засгийн тооцооллоор гаргаад мөнгөн өртөгт шилжүүлэх юм бол түүнийг өдөр болгон төлөх боломж бололцоо байхгүй. Ингээд бодвол байгаль бидэнд үнэхээр үр өгөөжөө тасралтгүй, үнэ төлбөргүйгээр өгч байдаг товчхон хэлэх байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн зүгээс дэлхий нийтийн хэмжээнд 1970 оноос хойш байгальд явагдаж байгаа өөрчлөлтийг хэмжиж үзсэн. Хэмжилтийн үр дүнг харах юм болбол яг тэр амьд ертөнц гэдэг илэрхийлэл 1970-аад оноос хойш байнга доошоо буурч байна. Үүнийг амьд байгаль гэдэг зүйл дэлхий дээр байхгүй болоод байна аа л гэж ойлгож болно. Гэтэл үүний эсрэг хүний амьд байгальд үзүүлж буй, экологийн процесст үзүүлж байгаа сөрөг үр дагаврууд, үр нөлөөнүүд, ул мөрүүд улам бүр нэмэгдээд яваад байгаа юм.
Тухайлбал, даян дэлхийн хэмжээнд гаргаж байгаа амьд ертөнцийн индекс, амьд байгалийн илэрхийлэл гэдэг юмыг аваад үзэхээр сүүлийн 50 жилийн дотор зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурсан байна. Энийг жил болгон гэж аваад үзвэл зэрлэг амьтдын тоо толгой нэг жилд 2.6 хувиар байнга доошоо буурах хандлагатай байгааг дүгнэсэн.
Энэ дүгнэлт дэлхий нийтийн хэмжээнд судалгаа, мониторинг хийдэг эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнгээс гарсан учраас үнэнд ойрхон нийцнэ ээ. Амьд ертөнцийн нэгэн илэрхийлэл, үндсэн бүрэлдэхүүн болсон зэрлэг амьтдын тоо толгой буурч байгаа дүр зургийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2024 онд гаргажээ.
-Цэнгэг ус болон хуурай газарт ямархуу нөхцөл байдал ажиглагдсан бэ?
-Сая хэлсэн зэрлэг амьтнаас илүүтэй том асуудал үүсэж байна. Тухайлбал, 1970 оноос өнөөг хүртэлх гаргасан судалгааны үр дүнгээс үзэхэд цэнгэг усны амьд илэрхийлэл, амьд ертөнцийн индекс 85 хувиар буурч байгаа буюу жил бүр дунджаар 3.8 хувь буурч байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Усгүйгээр өнөөдөр амьдрал оршин тогтнохгүй. Цэнгэг усны асуудал өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд анхаарал хандуулах асар том зүйл болжээ. Хуурай газрын амьд ертөнцийн индекс харьцангуй гайгүй. Гэхдээ л 69 хувийн бууралттай байгаа юм. Энийг жил бүрд аваад үзэх ойролцоогоор 2.3 хувьтай гарч байна. Манайд далай тэнгис байхгүй боловч амьд ертөнцийнх нь индексийг аваад үзэхээр ойролцоогоор 56 хувиар буурсан буюу жил бүрд 1.6 хувийн хорогдлыг дэлхий нийтийн хэмжээнд үзүүлж байгаа. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн амьд ертөнцийн индекс, амьд байгаль гэдэг зүйл жил болгон уруудан доройтох хандлагатай байна. Үүнд үндсэндээ хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгааг дурдах ёстой. Хууль бус ан агнуур, хэт их ашиглалт, бохирдол, хөдөө аж ахуйн хэрэглээ зэрэг хүний буруутай үйлдэл, уур амьсгалын өөрчлөлт, харь түрэмгий зүйлийн нөлөөлөл гэх мэтийн улмаас эдгээр биологийн олон янз байдал, амьд байгаль доройтож байна.
-Манай орны зэрлэг амьтдын тоо толгойг өсөлт, хорогдлыг үнэлсэн судалгаа, жишээ бий болов уу?
-Бий, бий. Тухайлбал 1986 оны үед 130 мянга орчмоор тоологдож байсан халиун буга 2010 оны тооллогоор 16.500 болтлоо буурсан. Үндсэндээ 87.3 хувиар буурсан байгаа юм. Тарвага гэхэд 1990-ээд онд 20 сая болтлоо буурсан. 1980-аад оны үеэр 40 сая тарвагатай гэж байсан бол 2000-2002 он гэхэд таван сая хүрч 87.5 хувиар буурсан түүхэн баримтууд байж байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд зэрлэг амьтдын тоо толгой дунджаар 73 хувиар буюу гамшгийн хэмжээнд буурсан гэсэн. Монгол орны хэмжээнд ч зэрлэг амьтны тоо толгой буурч байна гэдгийг баримтаар дурдахыг хүссэн учир хэлээд байгаа юм. Мөн соргог бөхөн, монгол бөхөн гээд хоёр зүйл амьтан Монголд байдаг. Гэтэл 1960-аад оны төгсгөлөөс хойш соргог бөхөн ерөөсөө үзэгдэж харагдахаа байсан. Монголоос устаж алга болсон. Мөн тэдгээр онтой зэрэгцээд тахь гэдэг амьтан байхгүй болсон. Харин тахийг 1992 оноос хойш Монгол Улсад сэргээн нутагшуулаад өнөөдөр 760-аад тахьтай болж дэлхий нийтийн хэмжээнд байгальд тахь эргээд сэргээн нутагшсан гэдэг байгаль хамгааллын сайхан үр дүнг гаргаж ирсэн. Соргог бөхөн одоо манайд байхгүй. Зөвхөн Казахстан, ОХУ-ын зарим бүс нутагт тархаж амьдарч байна.
Ер нь ингээд дэлхий нийтийн хэмжээнд явагдаж байгаа энэ дүр зураг, бүх зүйлийг аваад үзэхээр 2035 он гэхэд бид нарт магадгүй хоёр дахь дэлхий хэрэг болох вий гэдэг дүгнэлтийг зарим эрдэмтэн судлаач хийдэг. Өнөөдөр бид байгалийг нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 30 хувиар илүү ашиглаж байна. Байгалийн нөөцийг хэтэрхий их ашиглаж байна гэдэг дүгнэлтийг гаргаад хоёр дахь дэлхийн эрэлд мордох эрсдэл байна шүү гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид гаргаж ирээд тавьчихсан.
Тийм учраас манай байгууллагын зүгээс дэлхий нийтийн хэмжээнд байгаль хамгаалах ажлыг санаачлах хэрэгжүүлэх олон талын оролцоог хангах үүднээс байгаль хамгаалах ажлыг авч хэрэгжүүлдэг.
Хэлэлцүүлгийн үеэр.
-Тэгвэл монгол бөхөнгийн тоо толгой өнөөдөр ямар байна вэ. Хамгаалах ажил ямар түвшинд байдаг юм бол?
-Монгол бөхөнгийн хамгаалалттай холбоотой асуудлыг бид 1997 оноос хойш авч хэрэгжүүлж байгаа. Монгол бөхөн маш эмзэг амьтан. Уур амьсгалын ямар нэгэн хүчтэй нөлөөлөлд тоо толгой нь огцом буурдаг. Тухайлбал, 2002, 2003 онд болсон зудын нөлөөгөөр 80 гаруй хувиар хорогдоод 750-хан амьтан үлдэж хоцорсон. Тэгэхээр мөхлийн ирмэгт ирчихсэн энэ амьтныг бид эргээд байгалийнхаа нөөц, боломжоор эргээд сэргэх бололцоог нь бид бий болгож чадсан. 1997 оноос хойш авч хэрэгжүүлсэн Монгол бөхөнгөө хамгаалах ажлын хүрээнд өнөөдөр тоо толгой нь 28.857 болж өссөн. Нэг үе 750 хүртлээ буурч байсан амьтан өнөөдөр 30 мянгад хүрч байна гэдэг бахархалтай, бидний томоохон амжилтын нэг. Энэ бол ерөөсөө маш их хөрөнгө, хугацаа, хүн хүч зараад сэргээн нутагшуулаад байгаа ажил биш. Байгальдаа байгаа амьтныг эргээд байгалийнх нь нөхцөлд сэргээж буй маш том байгаль хамгаалах чиглэлийн ажил, амжилт бас сургамж юм болов уу гэж бид үздэг.
-Ер нь Дэлхийн байгаль хамгаалах сан монгол орны аль бүсэд голчлон төвлөрч ажилладаг вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сан 1961 онд үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн жилүүдэд томоохон өөрчлөлтүүд, байгаль хамгаалах санаачилгуудыг хийсээр ирсэн. Хулсны баавгайгаар төлөөлүүлсэн эмблем нь дэлхийн хэмжээнд танигдсан, 100 гаруй улс оронд салбартай, 6500 гаруй үндсэн ажилтан, таван сая орчим дэмжигч, хандивлагч гишүүнтэй, 13 мянга гаруй байгаль хамгааллын төслийг дэлхий нийтийн хэмжээнд хэрэгжүүлсэн. Дэлхийд байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа тэргүүлэх олон улсын байгууллагуудын нэг. Ойролцоогоор 12, 13 миллиард ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн байгаль хамгаалах чиглэлээр зарцуулсан байдаг. Монгол оронд 1992 онд байгуулагдсан. 1997-2002 онд Монгол дахь салбар оффис болж арай өргөжсөн. Төсөл хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр олон төрлийн төслийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд 1997 оноос хойш олон улсын ТББ гэсэн бүртгэлтэйгээр ажиллаж байна даа. Өнөөдөр 50 орчим ажилтан, хоёр салбар оффистой үйл ажиллагаа явуулж байна. 1998 онд баруун бүсэд, 2008 онд зүүн бүсэд салбараа нээсэн. Дэлхий нийтийн хэмжээнд ерөөсөө 200 томоохон бүс нутгийг байгаль хамгаалах болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын үүднээс зайлшгүй хамгаалах ёстой гэж тогтоосон байдаг. Тэдгээрийн хоёр нь Монгол Улсын газар нутгийг хамарч явж байгаа юм. Алтай Саяны бүс нутаг, Амар мөрний сав газар гэж энэ хоёр томоохон хэмжээний бүс нутаг олон орны газар нутгийг хамарч оршиж байгаа. Монгол орны хэмжээнд баруун талын тав, зүүн гурван аймаг энэ хоёр бүс нутагт орж дэлхий нийтийн хэмжээнд зайлшгүй хадгалан үлдэх хамгаалах ёстой хэмээн тодорхойлогдож гарч ирсэн. Тэгэхээр манай байгууллага энэ хоёр бүс нутгийн хэмжээнд гол анхаарлаа хандуулж байгаль хамгааллын үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой.
-Тэгвэл эдгээрээс гадна говийн бүс нутгийг сонгосон шалтгаан юу байсан бэ?
-Аан заа. Үндэсний хэмжээнд чухал ач холбогдолтой биологийн олон янз байдлыг нь хамгаалах шаардлагатай ямар газар байна вэ гэж үзэж байгаад говийн бүс нутгийг гаргаж ирсэн. Ингээд манай байгууллагын зүгээс нийтдээ 99.3 сая га газар нутаг буюу түрүүний хэлдэг дэлхийд ач холбогдолтой хоёр бүс нутгаас гадна үндэсний хэмжээнд чухал ач холбогдолтой, хамгаалах зайлшгүй шаардлагатай говио оруулаад гурван бүс нутгийн хэмжээнд байгаль хамгаалах чиглэлийн ажлыг авч хэрэгжүүлэх үндсэн зорилго чиглэлтэй явдаг. Мэдээж энэ өргөн уудам газар нутгийн хэмжээнд бүх зүйлийг, байгаль хамгаалах ажлыг манайх хийхгүй. Байгаль хамгаалах ажил маш өргөн бөгөөд бүх талын оролцоог шаарддаг учраас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй хамтарсан үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ гурван том бүс нутгаас бид ач холбогдолтой биологийн төрөл зүйлийг нь сонгож аваад тэдгээрээр дамжуулан тухайн нутгийн хэмжээнд байгаль хамгааллын ажлаа хийдэг. Тухайлбал, ойн экосистем, цэнгэг усны экосистем, тал хээрийн экосистем гэх мэт. Ялангуяа “том муурууд” буюу ирвэс, шилүүс зэрэг амьтан орсон. Говийн бүс нутагт нүүдэллэдэг зүйлийн амьтад шүү дээ. Тэд нүүдэл хийж байж экологийн процесс нь явагдаж байж амьтан оршин тогтнох экологийн зохилдлоготой учраас нүүдэллэдэг зүйл амьтдыг хамгаалах замаар говийн экосистемийг хамгаална гэдэг стратегийн хүрээнд сонгон авч ажиллаж байна.
-Тэгэхээр том хэмжээний, өргөн хүрээтэй байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулах тодорхой зарчим, шаардлага байдаг байх?
-Мэдээж байлгүй яах вэ. Англи хэл дээр бол “гурван М”-н гэж нэрлэдэг үндсэн зарчим бий. Харин монгол дээр буулгахаар “гурван С” болчхоод байдаг юм. Тайлбарлавал, эхнийх нь нийтдээ 12.5 сая га газар нутагт биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээг сэргээнэ. Энэ нь 880 мянган га газар нутагт амьдарч байгаа 45 сумын 36 мянга гаруй иргэний амьжиргааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход уламжлалт экологийн мэдлэг болон байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх замаар сайжруулна гэсэн үг. Малчид, ард иргэд, тэр нутагт байгаа хүмүүсийн амьдрах орчныг сайжруулахтай холбоотой асуудал яригдаж байна. Улмаар энэ гурван том бүс нутгийн хэмжээнд байгальд ээлтэй, сөрөг нөлөө байхгүй дэд бүтцийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэсэн гурван үндсэн зарчмын хүрээнд манай байгаль хамгаалах ажил дараагийн таван жилийн хугацаанд өрнөх нь ээ. Бас нэгэн онцлог ажлыг дурдъя.
1992 оноос хойш манай байгууллагын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах чиглэлээр нийтдээ 11.9 сая га газар нутаг буюу монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн 36.4 хувь нь манай байгууллагын оролцоотойгоор, санаачилгаар улсын Тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэгдсэн байна.
Тийм учраас бид энэхүү ажлаараа нэлээн бахархаж явдаг. Мөн монгол оронд анх удаа усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг зарчмыг 2003 онд нэвтрүүлээд түүнээс хойш нийт газар нутгаа 29 усны сав газарт ангилаад өнөөдөр усны сав газрын менежментийг авч явдаг тусгай бүтэц бий болоод явж байгаа. Урсац бүрэлдэх эх ус бий болдог тэр газар нутгийг нэгдүгээрт тодорхойлох, хоёрдугаарт усны сан бүхий хамгаалалтын бүсийг тогтоох гэдэг томоохон ажлыг бид 2014 оноос хойш авч хэрэгжүүлсэн. Тэгэхээр яг шинжлэх ухааны үндэстэйгээр эдгээр бүс нутгийг тогтоогоод хамгаалалтад авна гэдэг усныхаа эх үүсвэрийг хангалттай байлгаж чадна гэсэн санаа. Тиймээс ус бүрэлддэг эхийг, тэрхүү усан сан бүхий газраа зөв хамгаалж чадах юм бол тогтвортой үр өгөөжөө өгөх нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Бид монгол орны хэмжээнд ажиллаад ойролцоогоор 13 сая га газар нутгийг усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэж тогтоож гаргаж ирсэн. Түүнээс ойролцоогоор 8.2 сая га газрыг нь албан ёсоор орон нутгийн шийдвэрээр орон нутгийн ИТХ-ын захирамжаар хамгаалалтад аваад явж байна. Эдгээр хамгаалалтад авсан газрын менежментийг зөв голдиролд нь оруулаад явах юм бол ядаж усаа, усныхаа нөөцийг бууруулахгүй байх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж харж байгаа юм.
-Усны эхийг хамгаалах гэж та дурдлаа. Булаг шандын эхийг хамгаалж, хашиж буй ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хуурайшилтаас булгийн эх ундарга ширгэж байхгүй болох тохиолдол сүүлийн жилүүдэд маш их ажиглагдаж байгаа. Булаг шанд байхгүй болно гэдэг тэнд буй амьдрал байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс булаг, шандын эхийг хамгаалах замаар урсцыг нь нэмэгдүүлж, тэндхийн хүн, амьтан, зэрлэг амьтад ундаалах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж харсан. Өнөөдрийн байдлаар баруун монголд 91 булгийн эхийг хашиж хамгаалаад байна. Биднийг хашиж хамгаалахаас өмнө гуравхан метр урсдаг байсан булаг нэг жилийн дараа 23 метр урт болтлоо урсан нэмэгдэж байх жишээтэй. Дөрвөн метр булаг маань дөрвөн км болсон байна. Энэ км-ээр хэмжигдэж байгаа нь бол яах вэ 10 жилийн хугацааных л даа. Гэхдээ л говийн тэр хатуу ширүүн нөхцөлд дөрвөн км урсаж байгаа булаг гэдэг бол нөгөө Амазон шиг л том мөрөн байгаа юм шүү дээ. Үнэхээрийн ач холбогдолтой том ажлыг бид санаачилж, хэрэгжүүлж, хийж буй юм. Ялангуяа энэ ажил уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нутгийн ард иргэд, зэрлэг амьтдад нэн ээлтэй сайхан ажил гэж бодож байгаа.
-Ярилцлагын төгсгөлд ой хамгаалал, ойжуулах чиглэлээр хийсэн ажлынхаа тухай та товч мэдээлэл өгвөл?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулахтай холбоотой асуудлуудад манай байгууллага бас орж явдаг. Бид 1997 оноос л ойтой холбоотой асуудал руу гол анхаарлаа хандуулсан. Ойн нөхөрлөлийг байгуулахаас эхлээд л баруун монголд ажиллаж байсан. Тэгээд 2008 оноос хойш зүүн монгол руу яг энэ ой хамгаалалт, ойг нөхөн сэргээхтэй холбоотой асуудал руу анхаарлаа хандуулж ажиллаад явж байгаа. Нийтдээ 1300 га орчим талбайд бид ойжуулалтыг бусад талтай хамтран хийсэн. Байгаль хамгаалалд хөрөнгө санхүүжилт хамгийн чухал. Мөнгөгүйгээр бид байгаль хамгаалах гэдэг бол маш хэцүү. Тэгээд яаж тэр хөрөнгө санхүүг бий болгож байна гэхээр ерөөсөө компанит ажил өрнүүлснээрээ тодорхой хэмжээнд нийт төсвийнх нь хоёр орчим хувийг гаргаад бусдыг нь улсын болоод орон нутгийн төсөв, хувийн хэвшлээс татах замаар ойжуулалтын ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ нь шинэлэг бөгөөд байгаль хамгаалалд бүх талын оролцоог нэмэгдүүлсэн ажил болсон юм болов уу гэж хардаг.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.