4 Цагийн өмнө.
Хууль бусаар алт борлуулсан бүлэг этгээдийг саатуулжээ
Хууль бусаар алт борлуулсан бүлэг этгээдийг саатуулжээ

Зургийг мэдээний агуулгын дагуу хиймэл оюунаар бүтээлгэв.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй  их хэмжээний алтыг ченжид худалдан борлуулсан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн бүлэг этгээдийг энэ сарын 2-нд саатуулсан байна.

Дээрх хүмүүс сүүлийн нэг жилийн хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний алтыг Улаанбаатар хотын алтны ченж нарт бэлэн мөнгөөр худалдан борлуулж Улаанбаатар хотын үнэ цэнтэй бүсэд болон Дархан-Уул аймгийн шинэ суурьшлын бүсэд өндөр үнэлгээтэй орон сууц, тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгсэл, худалдан авч бохир мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулан цэвэршүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдсон гурван этгээдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж нуугдмал хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, бэлнээр хадгалж байсан 150 сая төгрөг, 1 кг орчим байгалийн алт, их хэмжээний үнэт эдлэл, тэрбум төгрөгийн үнэ бүхий таван тээврийн хэрэгслийг шалгалтын ажиллагаагаар хураан авч битүүмжилсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монголбанканд алт тушаалт буурч байгаа бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг Засгийн газраас үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.