3-6 сар тутам үзлэгт хамрагдах нь шүдний өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга
Шүд цоорох өвчин нь амны хөндийн хамгийн түгээмэл тохиолддог өвчний нэг. Өвчний гол шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйг зөв сахихгүйгээс үүдэлтэй байна.
Энэ тухай шүдний эмч н.Баярмаа “Шүдээ угаахдаа сойз ашиглахаас гадна шүдний утас, хэл цэвэрлэгч хэрэглэх нь зохистой. Мөн урьдчилан сэргийлэхийн тулд 3–6 сар тутам шүдний эмчид тогтмол үзүүлж, амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамрагдах нь чухал” гэж зөвлөлөө.
Шүдийг буруу эсвэл дутуу угаах, амттан болон сахар ихтэй хүнсийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь шүд цоорох өвчний шалтгаан болдог байна. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, тогтмол үзлэгт хамрагдах нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга ажээ.
Д.Жавзансүрэн