Ойрх Дорнодын бүс нутгаас 91 хүн эх орондоо иржээ
Ойрх Дорнодын нутагт үүсэн мөргөлдөөний улмаас тухай бүсийн орнуудад байсан монгол хүмүүс эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан. Улмаар Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын 91 иргэн өнөөдөр /2026.03.11/ эх орондоо иржээ.
Энэхүү ажлыг Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны Шуурхай ажлын хэсэг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа Элчин сайдын яамд болон Зам тээврийн яам, МИАТ ХК-тай хамтран амжилттай зохион байгуулсан байна.
Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэхэд аюулгүй байдлыг хангаж, онцгой анхаарал тавьж ажилласан Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар болон тусгай үүргийн нислэг агаарын орон зайгаар нь дамжин өнгөрөхөд холбогдох зөвшөөрлийг шуурхай олгож дэмжлэг үзүүлсэн БНХАУ, Бангладеш, Оман, Энэтхэг, Мьянмарын Засгийн газруудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.