Хиймэл оюун ашиглан бүтээв.
Мах болон өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүний үнэ өсжээ. Тодруулбал, нийслэлийн Статистикийн газрын гуравдугаар сарын 2-ны мэдээнд хоёрдугаар сарын 23-ны байдлаар хонины мах /ястай/ нэг кг нь 19.314 төгрөг, үхрийн мах /ястай/ 24.765, үхрийн цул мах 28.986 төгрөгийн үнэтэй байжээ. Мөн “миний монгол” сүү нэг литр нь 4.997, нэг кг төмс 2.812 төгрөгийн ханштай байсан байна.
Харин энэхүү статистик мэдээлэгдсэнээс хоёр долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 6-ны өдөр зарим зах, худалдааны төвд зарагдаж буй мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь ажиглагдлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Баян-Уул” худалдааны төвд хонины махыг /ястай/ 19.500, үхрийн мах /ястай/ 25 мянга, үхрийн цул мах 29 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үүнийг дээрх статистикт дурдсан дундаж үнэтэй харьцуулбал 100-200 төгрөгөөр илүү байгаа юм. “Миний монгол” сүү 5.200, төмс 3.000 төгрөг бөгөөд мөн л 188-203 төгрөгийн зөрүү харагдаж байна.
Мах худалдан авч буй иргэн н.Даваадулам “Махны үнийн өсөлт өрхийн зардалд хамгийн их нөлөөлж байна” гэв. Харин н.Нандиа ам бүл олуулаа учраас хүнсээ цуглуулахдаа 500 мянган төгрөг зарцуулдаг. Цалингийн тал нь хүнсэнд явчихдаг. Жимс, жимсгэнийг тогтмол худалдан авч чаддаггүй гэж ярьж байсан юм. Түүнчлэн сүүлийн үед хамгийн ихээр үнэ нь өссөн бүтээгдэхүүн мах. Тиймээс ч иргэд бага хэмжээгээр авч гүйлгээ багассан гэдгийг худалдагч эмэгтэй хэлж байв.
Д.Жавзансүрэн