“Гоо бэхи” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ нээнэ
Олон улсын чанартай энэхүү үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд уламжлалт бийрийн урлагийг XXI зууны дижитал шийдэл, визуал арттай хослуулан монгол өв соёлыг дэлхийн соёлын зах зээлд өрсөлдөхүйц үнэ цэнтэй харуулахаар зорьж буйгаа зохион байгуулагчид онцолж байна.
Монгол үндэсний бичгийг сурч эзэмшсэн, уран бүтээлээ туурвидаг бүсгүй уран бүтээлчид бүтээдэг “Гоо бэхи” үзэсгэлэнгийн бүтээлүүдээс шилдгийг тодруулдаг. Энэ жил шилдгийн шилдэг бүтээлийн эзэн хоёр сая төгрөгөөр шагнуулах бол шилдгээр хоёр бүтээлийг тодруулж тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах ажээ. Мөн олон нийтийн хандалт, үнэлгээгээр тусгай байрын эзнийг тодруулах юм байна.
“Бичиг соёл” төв, “SPR Rising Group” санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар “UGC Mongolia”, дэмжигч байгууллагаар Хүүхдийн урлан бүтээх төв хамтран ажиллаж буй үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 17:00 цагт болохоор төлөвлөгджээ.