“AI Academy Asia”-с санаачлан хэрэгжүүлдэг “Үндэсний Хиймэл Оюуны Аян” нь 2025 оноос 2030 он хүртэл 5 жилийн хугацаанд нийт 2,500 хиймэл оюуны хүний нөөцийг бэлтгэх, Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах хөтөлбөр юм.
2025 онд аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 450 багш, 50 инженерийг хиймэл оюуны мэдлэг, хэрэглээнд чадавхжуулсан. Тэгвэл энэ жил хоёр дахь жилдээ Голомт банкны дэмжлэгтэйгээр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын AI Skills Coalition-ны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 500 багшийг хамруулж эхэллээ.
Өнөөдөр /2026.02.28/ “Хиймэл оюуны 500 багш бэлтгэх хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа цахимаар боллоо. Энэхүү хөтөлбөрт шалгарсан 500 багш нийт 3 сарын хугацаанд хиймэл оюуны сургалтад хамрагдаж, өөрийн сурсан мэдлэгээ сум орон нутгийн сурагчдад заах юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтад нийт 3998 багш нар материалаа илгээсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Беате Дастел, хөтөлбөрийг санаачлагч, AI Academy Asia гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, Боловсролын яамны Цахим боловсрол статистик мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр багш нар анхны хичээлээ Бостоны их сургуулийн доктор, Стэнфордын их сургуулийн постдоктор Б.Ундрал багшаар заалгалаа.
Энэ жилийн хөтөлбөрийн нэг онцлог нь Голомт банкнаас хувийн санхүүгийн удирдлагын багц хичээл багш нарт заах бөгөөд Голомт банкны Эдийн засгийн судалгааны хэлтсийн Эдийн засгийн шинжээч Б.Анунжин эхний хичээлээ орлоо. Өнгөрсөн 2025 онд хөтөлбөрт хамрагдсан 500 багш нар өөрийн багшилдаг сургууль, сум, орон нутагтаа 10,000, сурагчдад хиймэл оюуны хичээл зааж, бодит үр дүнд хүрсэн байна.
“Үндэсний Хиймэл Оюуны Аян”-ы гол зорилго нь багш, сурагчдын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв болон хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэн, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд чиглэнэ.