“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын гурав дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын гурав дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриа дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болоход 168 хоног үлджээ.  

“НОГООН” ӨДӨР

Бямба гараг буюу хоёрдугаар сарын 28-нд “Үндэсний бахархалт амьтан Мазаалай баавгайг хамгаалах өдөр” тохиолоо. Зөвхөн Монгол оронд амьдардаг мазаалай баавгай нь дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) “Улаан данс”-нд “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн тоо толгой амьдарч буй нь тодорхойгүй бөгөөд хэдэн жилийн өмнө БНХАУ-ын техникийн туслалцааны хүрээнд хийсэн судалгаагаар 50 орчим бодгаль бий гэж тоологдсон байдаг. Харин энэ онд мазаалайн генетикийн иж бүрэн судалгааг Монгол Улсдаа хийхээр болжээ. Энэ удаагийн генетикийн судалгаагаар популяцийн бодит тоо, хүйсийн харьцаа, насны бүтэц, өсөлтийн эрчим, ирээдүйн өсөлтийн боломж зэргийг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тогтоохоор төлөвлөжээ.

Манай bpress.mn мэдээллийн сайтын редакцаас 2025 онд бэлтгэн олон нийтэд хүргэсэн Нэг л асуулт: Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүй вэ?” нэвтрүүлгийг энэ өдөрт зориулан дахин хүргэж байна.

“НОГООН” ТАЙЛАН

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын дэргэдэх “G20 Олон улсын газрын санаачилга /Global Land Initiative/-ын 2025 оны тайлан гарчээ. Энэхүү тайланд Засгийн газар, иргэний нийгэм, залуучууд, шинийг санаачлагчид болон хувийн хэвшлийн оролцоо хурдацтай өргөжиж буй байдал, дэлхийн хэмжээнд өрнөж буй технологийн томоохон нээлт зэргийг багтаасан бөгөөд урьд өмнө байгаагүй оролцоотой жил болсныг онцлон дурдсан байна.

2020 онд G20-н бүлгийнхэн газрын доройтлыг бууруулах, хуурай газрын амьдрах орчныг хамгаалах ажлыг сайжруулах дэлхийн санаачилгыг эхлүүлсэн. Энэхүү дэлхийн санаачилгын зорилго нь газрын доройтлыг урьдчилан сэргийлэх, зогсоох, буцаах, 2040 он гэхэд доройтсон газрыг 50 хувиар бууруулах явдал юм. 2025 оны тайланд энэхүү алсын хараа руу чиглэсэн дэлхийн улс орнуудын үйл ажиллагаа, анхаарал нэмэгдэж байгааг онцолжээ. Тайлантай G20 тайлан-2025 холбоосоор орж танилцана уу. Манай редакц ирэх долоо хоногт энэхүү тайлангийн онцлох баримтуудыг орчуулан уншигчдадаа хүргэх болно.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim3-2 “Хаан хатан”. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр.

Орхон Сэлэнгийн бэлчир “Сайханы хөтөл” хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар хүний гараар бүтээсэн хөшөө. Хөшөө дээр “Энэ дэлхийн мянганы суут хүн Эзэн дээд Чингис хаан Энэ дагшин амгалан нутгаас Хулан хатнаа залсан билээ” хэмээн сийлсэн байдаг. Хүний гараар бүтсэн хөшөө дурсгал, өвөл цагийн байгалийн үзэсгэлэн шингээсэн гэрэл зургийг таны мэлмийд толилуулъя. 

“НОГООН” ДЭЛХИЙ

Хойд америкт европ тодол шувууны тоо толгой буурч байгааг “Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтлэгдсэн шинэхэн судалгааны ажилд өгүүлжээ. Хойд америкийн тэнгэрт хэдэн арван жилийн өмнөхөөс тэрбум тэрбумаар цөөн шувуу нисэж байгаа бөгөөд тэдний тоо толгой хурдацтай буурч байгаа нь эрчимтэй хөгжиж буй газар тариалан, температурын дулаарал зэргээс голчлон үүдэж байна гэж судлаачид онцолсон байна. Судалгааны гол зохиогч Охайо мужийн экологич Франсуа Лерой “Тоо толгойгоороо хамгийн хурдан цөөрч буй шувууд бол европ тодол, харин хэрээ, бор шувуу зэрэг олон тооны популяцтай зүйлүүд устаж үгүй ​​болох эрсдэлд ороогүй байгаа нь цорын ганц тайвшрал болж байна” гэж өгүүлжээ. Судалгаанд 261 зүйлийн шувуудыг хамруулсан бөгөөд шувуудын тоо толгой 1987 оноос хойш хурдацтай буурч байгааг судлаачид тогтоосон аж.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.02.27-03.08/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Анхааруулга: Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 28-нд Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 1-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,

2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр,

5-нд Халх голын хөндийгөөр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 28-нд нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 хэм, өдөртөө -22...-27 хэм,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -17...-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 хэм, өдөртөө -1...-6 хэм,

Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -5...-10 хэм, бусад нутгаар шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -11...-16 хэм хүйтэн байна. Гуравдугаар сарын 6-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.