Эх сурвалж: ОБЕГ
Онцгой байдлын байгууллагаас нуур, гол, мөрний мөсөн дээгүүр явганаар зорчих болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр энэ сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд таван см нимгэрсэн, Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос зургаан см нэмэгдэж 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.
Харин Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрнэ. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагчид та бүхнийг мөсөн дээгүүр явганаар зорчих болон авто тээвэр хийхгүй байж болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.