02 сарын 14, 2024
Сар шинийн өдрүүдэд 6500 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
 Сар шинийн өдрүүдэд 6500 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас cар шинийн баярын өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар  мэдээллээ. Энэ жилийн сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийт 6500 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 246 дуудлага мэдээлэл, зөрчлийн шинжтэй 5136 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын өдрүүдээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодистой холбоотой буюу хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн түвшин өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа аж. Харин залилах төрлийн гэмт хэргийн түвшин дөрөв дахин буурчээ .Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх төрлийн гэмт хэрэг 25-65 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Харин баярын өдрүүдээр хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2-60 орчим хувиар өсжээ.

Нийтдээ 6100 орчим алба хаагч баярын өдрүүдэд ажиллажээ. Тодруулбал явган болон автомашинт эргүүлийн 1300 орчим чиглэлд 2600 алба хаагч, дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яамд, монгол банк, шүүхийн байр, ундны цэвэр усны нөөц болон улсын онцгой бүсэд цагдаа, дотоодын цэргийн 1500 орчим алба хаагч 24 цагийн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэжээ.

Мөн цагдаагийн байгууллагаас “Цахим архи худалдаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд 96 фейсбүүк хаяг 74 группийг илрүүлэн, 5500 орчим хуурамч архийг хураач авчээ. Баярын өдрүүдээр 299 иргэн эрүүлжүүлэх байранд хоносон бол нийт аймгийн хэмжээнд 10 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.