2 Цагийн өмнө.
Чех, Солонгос зэрэг улсад төвтэй зургаан байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Чех, Солонгос зэрэг улсад төвтэй зургаан байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зургаан зөвшөөрлийг Гадаадын иргэн харьяатын газраас хүчингүй болгожээ.  

Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл”, Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”, Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”, Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа”, Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”, Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв” байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Гадаадын иргэн харьяатын газраас “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу хяналт тавьж ажилладаг. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.