Монгол–Японы бизнес форум баасан гарагт болно
Монгол–Японы бизнес форум баасан гарагт болно

Монгол–Японы бизнес форум баасан гарагт болно.

Монгол–Японы бизнес форум ирэх баасан гараг /2026.02.27/-т Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн форумыг Парисын хэлэлцээрийн зургаадугаар зүйлийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэх, бодит төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой ажээ.

Тодруулбал, Парисын хэлэлцээрийн зургаадугаар зүйлийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол–Японы “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй  Хамтарсан кредит олгох механизм /Joint Crediting Mechanism/-ын бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.  

Зохион байгуулагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Япон Улсын Байгаль орчны яам, манай улсын Эрчим хүчний яам болон хоёр орны түнш байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Парисын хэлэлцээрийн зургаадугаар зүйл нь улс орнуудын хооронд уур амьсгалын хамтын ажиллагааг зах зээлийн механизмаар хэрэгжүүлэх боломжийг олгодог. Тэгэхээр энэхүү форумаар төр, хувийн хэвшлийн оролцоотой ногоон шилжилтийг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг хөрөнгө оруулалттай холбох,  Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийн хэрэгжилтийг дэмжих ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Форумд Монгол, Японы 200 орчим төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож нар, салхи, ус, устөрөгч зэрэг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, дулааны шийдлүүд, мал аж ахуйн тогтвортой менежмент, тээвэр, барилга, үйлдвэрлэлийн ялгарлыг бууруулах шийдлүүдийг хэлэлцэж, хамтын ажиллагаа үүсгэх боломжтой байна.