“Үндэсний ногоон лаб” ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчтай холбоно
“Үндэсний ногоон лаб” ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчтай холбоно

“Үндэсний ногоон лаб” ногоон төслүүдийг СОР17-р дамжуулан оруулагчидтай холбоно

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-г Монгол Улс зохион байгуулж буй билээ. Ирэх наймдугаар сард болох бага хурлын үйл ажиллагаатай уялдуулан, байгаль орчинд суурилсан бодит шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт өнөөдөр /2026.02.11/ Төрийн ордонд боллоо.

Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлж буй платформын “Үндэсний ногоон лаб” нь байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэх ажээ. Улмаар бэлтгэгдсэн ногоон төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгоход дэмжих зорилготой байна.

nogoon lab (3) “Үндэсний ногоон лаб” ногоон төслүүдийг СОР17-р дамжуулан оруулагчидтай холбоно.

Үүнээс гадна шалгарсан төслүүдийг COP17 бага хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү платформ нь төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон судалгаа, шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн хамтын ажиллагааны платформ бөгөөд тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, ногоон санхүүжилтэд бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэж байгааг хөгжүүлэгчид хэлж байлаа. 

Мөн эхний үе шатанд газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистем, тогтвортой бэлчээрийн менежментийг сайжруулах болон байгальд суурилсан шийдлүүд гэсэн чиглэлүүдийг онцолж сонгосон нь Монгол Улсын бодлогын тэргүүлэх зорилт, COP17 хурлын агуулгатай бүрэн уялдаж буйг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Монгол Улсад байгальд суурилсан, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүдийг олноор нь бойжуулж, цар хүрээг нь тэлэх цогц платформ болгохыг зорьж буй “Үндэсний ногоон лаб” платформтой хамтран ажиллах гэрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлж дэд дарга Э.Золбоо, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Н.Сувд, Байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар гарын үсэг зурав.

nogoon lab (2) COP 17 бага хурал зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Д.Батмөнх

Үйл ажиллагааны үеэр “Монгол Улсын бэлчээрийн экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн чиг хандлага, шинэлэг шийдлүүд” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинжээч Ц.Мөнхнасан илтгэсэн бол COP 17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Д.Батмөнх “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх санаачилга”-ын тухай илтгэл хэлэлцүүллээ.

“Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдэл” панел хэлэлцүүлэгт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Азийн Хөгжлийн Банкны ахлах эдийн засагч Мартино Пелли, Монголын Бэлчээрийн нэгдсэн холбооны “Бэлчээрийн судалгаа хөтөлбөр”-ийн захирал доктор Д.Булгамаа, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Рандолф Коппа нар оролцож, Юрика ХХК-ийн Байгаль орчин хариуцсан захирал модератор хийсэн. Энэхүү хэлэлцүүлгээр панелистууд бэлчээрийн тогтвортой менежментэд тулгамдаж буй санхүүжилтийн болон бусад практик асуудлуудыг хэлэлцэж өөрсдийн шийдлийг дэвшүүллээ.

nogoon_lab_4 “Үндэсний ногоон лаб” ногоон төслүүдийг СОР17-р дамжуулан оруулагчидтай холбоно

Үндэсний ногоон лаб платформыг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд Монголын бизнесийн зөвлөл, Монголын байгалийн өв сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, хувийн хэвшлээс Олон улсын Төслийн Удирдлагын Институтийн Монгол дахь салбар, Стратегийн зөвлөх үйлчилгээний Capital Markets Mongolia компани, Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний НоваТерра компани, Ди Би Эм ассет менежмент компани, Ди Би Эм лизинг компани, Эрксис Монголиа компани зэрэг байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүд, ногоон шилжилт зэрэг чиглэлээр өндөр үр нөлөөтэй, шинэлэг, хэрэгжих боломжтой, өргөжих чадвартай бүх төрлийн ногоон төслүүдийг  Үндэсний ногоон лаб -д нээлттэй урьж байгааг зарлалаа.