Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна

ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн профессор, доктор, цагдаагийн хошууч Э.Дашгаадан

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хошууч Э.Дашгаадантай ярилцлаа.

-ДХИС-ийн багш нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Таны сэтгэгдлийг сонсъё?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдал, хууль сахиулах, онцгой байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэх, шаталсан сургалтыг зохион байгуулах, эрдэмтэн, судлаач, багш, оюутан, сонсогчдын сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт-боловсруулалтын ажлыг бодитойгоор дэмжих, салбарын шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн багш нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, судалгаанд суурилсан сургалт, практик-онолын уялдааг сайжруулах асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж буйгаараа онцлог, ач холбогдол өндөртэй болж байна.

-Танай бүрэлдэхүүн сургууль ямар хөтөлбөрөөр мэргэжилтнүүдийг бэлтгэж байна вэ?

-Бид цагдаагийн эрх зүйн тэнхим, эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, гүйцэтгэх ажлын тэнхим, мөрдөх арга зүйн тэнхим, замын цагдаагийн тэнхим, дотоодын цэргийн албаны тэнхим гэсэн долоон мэргэжлийн тэнхимтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааны хувьд бакалаврын түвшинд “Цагдаа судлал”, “Мөрдөх алба”, “Кибер гэмт хэрэг судлал”, “Дотоодын цэрэг судлал” гэсэн үндсэн хөтөлбөрөөс гадна “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Харин магистрын түвшинд “Цагдаа судлал”, “Гэмт явдал судлал” хөтөлбөр, докторын түвшинд “Гэмт явдал судлал” хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээрээс “Цагдаа судлал”, “Дотоодын цэрэг судлал” бакалаврын хөтөлбөр, “Гэмт явдал судлал” магистр, докторын хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн.

-Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа захиалагч байгууллагын хэрэгцээг голлон анхаардаг уу. Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бид захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлага, төгсөгчийн загварт үндэслэхээс гадна Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэх, сургалтын хөтөлбөрийн нийцлийн үр дүнд суурилж боловсруулж ажилладаг. Энэ утгаараа эдгээр хөтөлбөр улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг бэлтгэх, тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр шаталсан сургалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгдөг гэдгээрээ онцлогтой. Цаашид манай сургуулийн зүгээс “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Одоогоор магистр, докторын хөтөлбөрөөс гадна үндсэн дөрвөн жилийн бакалавр, их, дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөр, эчнээ зэрэг сургалтын хэлбэрүүд хэрэгжиж байна.

-Цагдаагийн сургуулийн багшлах бүрэлдэхүүний талаар та мэдээлэл өгөх боломжтой юу. Ер нь багшийн хөгжилд хэрхэн анхаардаг вэ?

-Цагдаагийн сургууль нийт 63 багш, албан хаагчтай бөгөөд багшлах бүрэлдэхүүний 30 хувь нь докторын зэрэгтэй эрдэмтэн судлаачид байдаг. Мөн мэргэжлийн чиглэлээр салбартаа үнэлэгдсэн ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээлээрээ алдартай олон эрдэмтэн, багш нар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа нь бидний бахархал юм. Манай их сургууль багшийн мэргэжлийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгож, дотоод болон гадаад сургалт, эрдэм шинжилгээний хурал, судалгаанд идэвхтэй хамруулах, эрдмийн зэрэг хамгаалахад бодит дэмжлэг үзүүлдэг.

Багш нар маань зөвхөн онол заахаас гадна практик туршлагатай хослуулж ажилладаг нь сургалтын чанарыг бодитоор дээшлүүлж байна. Судалгаанд суурилсан сургалт нь оюутнуудад шинжлэх ухаанч сэтгэлгээ төлөвшүүлэх, бодит нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийх чадварыг олгодог чухал давуу талтай.

Шинэ залуу багш нар маань практик байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан байх, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэсэн үндсэн шалгуурыг хангасан байдгаараа онцлогтой. Их сургуулийн зүгээс багшлах чиг үүрэгтэй алба хаагчдыг тасралтгүй хөгжүүлэх, суралцах, эрдмийн зэргээ ахиулах тал дээр байнга дэмжлэг үзүүлдэг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Миний хувьд ч гэсэн эрдмийн зэрэг хамгаалахад их сургуулийн зүгээс бүх талын боломжоор хангаж өгсөнд үргэлж талархаж явдаг.

-Цагдаагийн сургууль өнөөдрийн байдлаар хэд орчим сонсогчтой байна вэ. “Цагдаа судлал” хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцахын давуу талаас та дурдвал?

-Өнөөдрийн байдлаар Цагдаагийн сургуульд 1000 гаруй сонсогч, суралцагч бакалаврын түвшинд, магистрт 70 орчим, докторт 30 гаруй суралцагч суралцаж байна. “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөр нь онол, практикийг хослуулсан сургалтаар төрийн тусгай албанд ажиллах мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэдэг. Суралцах хугацаанд маш олон давуу тал бий болдог. Тухайлбал, сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох, цэргийн алба хаасанд тооцох, нийгмийн даатгал төлөгдөж, сонсогч цолны цалин олгогдох, сургалтын төлбөр, дүрэмт хувцасны зардлыг төр бүрэн хариуцах, дотуур байраар хангагдах зэргийг дурдаж болно. Үүнээс гадна, төгсөгчид нь 100 хувь  ажлын байраар хангагддаг буюу цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх чиглэлээр томилогдон дэслэгч цол олгогддог.

Мөн Цагдаагийн сургууль нь суралцагчдын сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой клуб, дугуйлангийн үйл ажиллагааг хичээллүүлдэг. Тухайлбал, Цагдаа судлал клуб, Хууль сахиулагч клуб, Мэргэн буудагч клуб, Мөрдөгч клуб, Зохицуулагч, Гэмт явдал судлал клубүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Үүнээс гадна манай сургууль БНСУ, БНХАУ, БНЭУ, БНСВУ зэрэг улсын ижил мэргэжлийн их, дээд сургуулиудтай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаа явуулдаг бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн байдаг нь том давуу тал юм.

–Суралцагч төвтэй сургалтыг хэрэгжүүлэх чиглэлд танай сургууль ямар бодлого баримталдаг вэ?

-Бид сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах стратегийн зорилтыг тавьж ажилладаг. Оюутан төвтэй сургалтын арга зүйг нэвтрүүлж, мэдлэг олгохоос илүүтэй суралцагчийг асуудал шийдвэрлэх чадварт сургах, бие даан судлах, шүүн тунгаах, бодит нөхцөлд ажиллах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, кейс дээр суурилсан сургалт, симуляци сургалт, практик дадлагын цагийг нэмэгдүүлэх, цахим сургалтын орчныг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ нь төгсөгчдийг шууд ажлын байранд дасан зохицох, бодит асуудалд шийдэл гаргах чадвартай мэргэжилтэн болоход чухал нөлөө үзүүлж байна.

–Тусгай чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд ёс зүй, хүний эрхийн боловсролыг маш сайн анхаарах хэрэгтэй гэдэг. Танайд хангалттай түвшинд байж чадаж буй юу?

-Орчин үеийн цагдаагийн алба хаагчийн хамгийн чухал үнэт зүйл бол хууль дээдлэх зарчим, хүний эрхийг хүндэтгэх хандлага, ёс зүйн өндөр ухамсар юм. Иймд бид хүний эрх, жендерийн тэгш байдал, ёс зүйн боловсролыг бүх түвшний сургалтын хөтөлбөрт уялдуулан тусгаж, бодит жишээ, нөхцөлд суурилсан сургалтаар мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг зорьж  байна. Мөн сахилгын хариуцлагаас илүү ухамсарт суурилсан ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч, хэлэлцүүлэг, сургалт, төсөлт ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

Цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтыг цаашид хэрхэн хөгжүүлж, боловсронгуй болгох шаардлагатай вэ?

-Цаашид цагдаагийн алба хаагчийг бэлтгэх боловсролын тогтолцоо нь технологид суурилсан, судалгаанд тулгуурласан, хүний эрхийг дээдэлсэн, олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Кибер аюулгүй байдал, дижитал мөрдөн шалгах ажиллагаа, хиймэл оюун ухаан ашиглах чадвар зэрэг шинэ чиглэлүүд улам бүр чухал болно. Мөн зөвхөн хууль сахиулагч бус, нийгэмд итгэл төрүүлдэг, иргэдтэй хамтран ажилладаг, урьдчилан сэргийлэх чиглэлд төвлөрсөн мэргэжилтэн бэлтгэх нь ирээдүйн гол зорилт байх ёстой гэж үзэж байна. Үүний тулд алба хаагч бүр тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх шаардлага бий болно.

-Ярилцсанд баярлалаа.