Х.Өнөрбаян: Та бизнесээ сайн хий, бид “ай ти”-н ажлыг нь хариуцъя гэдэг зарчим баримталж байна

“Инженерийн өнцөг” булангийн энэ удаагийн зочноор “Дельтасофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, сүлжээний инженер Х.Өнөрбаяныг урьж ярилцлаа. Мэдээлэл технологийн “хэл”-ийг ойлгодог, шинжлэх ухаанд итгэдэг эрхэм уншигч та инженерийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

-Сайн байна уу? Таны мэдээллийн технологийн салбарт ажилласан болон “Дельтасофт” компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн тухай асуултаар ярилцлагаа эхэлье.

-Сайн байна уу. Би МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуульд суралцаж Сүлжээний инженер гэдэг мэргэжил эзэмшсэн. Ажлын гараагаа гэр хорооллыг интернэтжүүлэх зорилготой “Кевико” компаниас эхлүүлсэн. Тухайн үед Улаанбаатар хотын гэр хорооллыг утасгүй интернэтэд холбох буюу вайфайжуулах /wifi/ төсөлд анхнаас нь гар бие оролцон ажилласан. Компанидаа зургаан жил ажиллахдаа инженер хүний мэдэж, суралцаж болох олон зүйлийг олж авсан даа. Анхны ажлаас олсон туршлагаараа 2018 онд “Таван Богд” группт сүлжээний инженерээр орсон. Тэндээс бизнес гэдэг зүйлийг ойлгосон. Энэ олон компани яаж амжилттай явж байна вэ, групп компани яаж ажилладаг юм бэ, соёл нь ямар байдаг юм зэрэг олон зүйлийг суралцаж, өөрийн компаниа үүсгэн байгуулах, цаашлаад одоогийн инженерээс  менежер болох гараагаа эхлүүлсэн гэж хэлж болно. Улмаар Айти /IT/-н үйлчилгээ үзүүлэх боломж, хэрэгцээ зах зээлд байгааг олж хараад 2020 оноос “Дельтасофт” компанийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлэн, гүйцэтгэх захирлаар нь ажиллаад энэ салбарт хувийн бизнесээ эхлүүлээд явж байна даа.

deltasoft_zahiral_2 “Дельтасофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Өнөрбаян

-Компани идэвхтэй ажиллаад зургаа дахь жил рүүгээ орж байгаа юм байна. Үйл ажиллагаа тогтворжих хангалттай хугацаа болж чадаж байна уу?

-2020 онд өмнөх ажлаасаа гараад “Дельтасофт” компаниа эхлүүлэх хугацаа ковид цар тахлын үетэй давхацсан л даа. Тэгээд л жижиг, дунд компаниудад “Ай Ти” бүхий л үйлчилгээг үзүүлж, боломж, шийдлүүдийг санал болгоод эхэлж байсан. Одоо бол таван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа нэлээн тогтворжоод “Ай Ти”-с гадна программ хангамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Мөн “Ай Ти”-н тоног төхөөрөмж, худалдаа, нийлүүлэлт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон. Сүүлийн үед технологи хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл их үүсдэг боллоо. Тэгэхээр бид бас харилцагч компаниуддаа, олон нийтэд болон бусад байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээг давхар үзүүлж аюулгүй байдалд нь анхаараад явж байна. Үүнээс гадна манай олонх харилцагч дижитал шилжилтүүд, тэр чиглэлийн үйлчилгээ сонирхож, санал тавьж байна. Тиймээс бид харилцагчдынхаа хүсэлтээр сошиал сүлжээнд дижитал маркетингийн чиглэлээр давхар үйл ажиллагаа явуулаад эхэлсэн.

-Та байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлүүдийг дурдаж байна. Танай компанитай ижил төстэй үйл ажиллагаатай олон компани өнөөдөр зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл та бүхний тэдгээрээс ялгарч буй онцлог, давуу тал нь юу вэ. Харилцагч, хэрэглэгч танайхыг сонгон хамтарч ажиллах шалтгаан нь юу юм бол?

-Зөв, зөв. Бидний хамгийн том онцлог бол “Ай Ти”-н цогц үйлчилгээ үзүүлдэгт байгаа юм. Яагаад ингэж хэлж байна гэдгийг тайлбарлая. Мэдээлэл технологийн салбар хөгжөөд маш өргөн цар хүрээтэй болчихсон. Бид нарын анх мэддэг “Ай Ти инженер” гэдэг нэршилтэй ганцхан хүнээр төсөөлдөг байсан салбар асар их хөгжсөн, одоо бүр “Эй Ай” буюу хиймэл оюун ухаан, дата гэдэг зүйл үүсэн гараад маш олон нарийн мэргэжлээр салсан. 

Яг л анагаах ухааны салбарт эмч нар нэг чиглэлээ дагнан мэргэшдэгтэй ижил манай мэдээлэл технологийн салбар нарийн мэргэжлийн инженерүүдээр задарч өргөн цар хүрээтэй болчихсон. Гэтэл одоо байгууллагууд нэг л “Ай Ти” инженер ажилд аваад хамаг юмаа хийлгэчих гэж үздэг. Тэр хүн нь ямар мэргэжлээр сурч, аль чиглэлээр мэргэшсэн юм бэ гэдгийг сонирхдоггүй.

Уг нь сүлжээ, программ, систем эсвэл дата анализаар мэргэшсэн үү гэдгээс хамаараад тухай ажилтны ур чадвар ондоо байдаг байхгүй юу. Энэ нь цаашлаад байгууллага, ажилтан хоёрын дунд зөрчил болдог бас өөр чиглэлээр мэргэшсэн хүн нөгөө талдаа алдаатай шийдвэр гаргадаг гэх мэт эрсдэл үүсдэг. Бид үүнийг олж харсан.

Тиймээс мэргэжил тус бүрдээ мэргэшсэн, чадвартай хүмүүсээр цогц багаа бүрдүүлээд харилцагчдад төгс үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. Манай компанид системийн, сүлжээний инженерүүд, камер, холбоо дохиолол, “ай ти”-н дэмжлэгийн үйлчилгээгээр мэргэшсэн мэргэжилтнүүд байна. Ийнхүү салбар, салбарын ур чадвартай инженерүүдээр багаа бүрдүүлчихсэн харилцагчдадаа бүрэн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн “Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн удирдах тухай олон улсын стандарт ISO/IEC 27001”-ыг баримтлан ажилладаг, байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг бидний бас нэгэн ялгарал гэж үзэж болно. Өмнө дурдсанчлан зарим байгууллагад дутагдалтай дижитал маркетингийг нь хариуцаж сошиал медиа чиглэлд нь хамтран ажиллаж байна. Энэ саналыг манай харилцагчид бидэнд тавьснаар эхлүүлсэн. Ингээд харахаар “ай ти” инженер хэрэгтэй, мэдээллийн аюулгүй байдлаа давхар анхаарчихмаар байгаа, дээр нь дижитал маркетингийн үйлчилгээ шаардлагатай байгууллага, захирлуудад манай гурван цогц үйлчилгээ сайхан тохироод байгаа юм. Дээр нь харилцагч байгууллага шинэ салбар үүсгэн байгууллаа, шинэ ажилтан ажилд орлоо компьютер худалдаж авъя, камер авъя, шинэчилье гэхэд бид аваачиж тавиад угсарч суурилуулаад өгчихдөг гэх зэрэг давуу тал олон бий.

БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦҮҮД “АЙ ТИ”-Н АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГЫГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ

-Харилцагчийн веб системийн хөгжүүлэлтийг хийдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Байгууллагуудын веб сайтыг хийдэг, хөгжүүлээд явдаг. Харилцагч компаниудын зарим системийг хийнэ ээ. Жишээлбэл, Мэдскан гээд хавдрын эрт илрүүлэг оношилгооны төвийн цаг захиалгын системийг хийсэн, одоо хариуцаад явдаг. Эрүүл мэндийн компаниуд, хувийн эмнэлгүүдтэй нэлээн хамтарч ажилладаг. Бид гэрээт байгууллагууддаа веб сайтыг нь үнэгүй хийж өгөөд гэрээний хугацаандаа хариуцаад явчихдаг юм. Энэ нь манай цогц үйлчилгээний нэг давуу тал юм даа.

deltasoft_zahiral_3  “Дельтасофт” ХХК-ийнхаа зарим инженерийн хамт

-“Ай Ти инженер” бол компьютер, камер, ер нь тухайн байгууллагын технологитой холбоотой бүхий л зүйлийг мэддэг, чаддаг хүн гэж ойлгодог. Принтер нь хэвлэхээ больчихоор хүртэл дууддаг үзэгдэл түгээмэл байдаг л даа. Тэгэхээр “Ай Ти” гэж хэн бэ?

-IT гэдэг үг бол Information technology буюу мэдээллийн технологи гэдэг ерөнхий одоо нэршил шүү дээ. Үүнийг монголчууд маань “Ай Ти” гээд товчлоод сурчихсан. Таны асуултад дурдсан принтер янзлах, компьютер форматлах, программ суулгах зэрэг ажлыг бол дэмжлэгийн инженер гэдэг хүмүүс хийдэг, ажилладаг болоод байгаа. Харин үүний цаана интернэтээр дамжиж байгаа урсгал, сүлжээгээр дамжиж буй зүйлийн аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллуулахыг сүлжээний инженер гэдэг хүн хариуцаж ажилладаг. 

Байгууллага болгон дээр байдаг өөрсдийн дотоод файл, санхүүгийн мэдээллээ хадгалдаг серверийг хариуцах нь системийн инженер гэдэг хүн байна. Мөн байгууллагад зориулсан программыг бол программистууд хөгжүүлдэг, тэрхүү программ дотроо задарч өөр төрөл чиглэлээр хуваагдана гэх мэт. Эндээс мэдээллийн технологи гэдэг зүйл ямар олон мэргэжил болж хөгжиж, задарсан байдгийг мэдэж болно. Сүүлийн үед кибер аюулгүй байдал хүчтэй орж ирж байна шүү дээ. Одоо хиймэл оюун ухаан орж ирснээр яг энэ чиглэлийн нарийн мэргэжлийн инженерүүд шаардлагатай болж байгаа. Цаашид хөгжих хэрээр шинэ мэргэжлүүд, ур чадварууд хэрэгтэй болох байх.

Өмнө нь бид ганцхан “Ай Ти” гэдэг үг дээр л бүхнийг хийдэг байлаа шүү дээ. Одоо бол технологи хурдан хөгжих хэрээр тийм боломжгүй болчхоод байна л даа. Нэг хүн бүгдийг хийх боломжгүй болчихсон. Яг л нэг зүйлээр нарийсаж, мэргэшиж явахгүй л бол бүхнийг чаддаг байсан бид нарын үе өнгөрчхөөд байгаа юм. Бид нар чинь нэг зах зухаас нь мэддэг тэгээд л бүгдийг оролддог үед ажиллаж байлаа. Энийг нь мэдээлэл технологийн салбарын биш хүмүүс ойлгохгүй, “Ай Ти” гэдэг хүн бүхнийг хийх ёстой гэдэг ойлголттой байдаг. 

Ер нь үүнтэй зэрэгцээд манай хүний нөөцийн салбарынхан ч гэсэн жаахан хөгжмөөр санагдаад байгаа юм. Бодит байдал дээрээ аливаа байгууллагын хүний нөөцийн хүн л тэр “Ай Ти”-г ажлын байранд авч байгаа. Гэвч байгууллагад нь ямар үйлчилгээ хэрэгтэй, юу хүсэж буйгаа тодорхой болгохгүй эсвэл мэдэхгүй байна. Танайд яг программ бичдэг хүн хэрэгтэй юм уу, компьютер, принтер янзалдаг хүн хэрэгтэй юу эсвэл аюулгүй байдлыг нь анхаарч системийг чинь найдвартай авч явдаг хүн хэрэгтэй юм уу гэдгийгээ тухай байгууллага, хүний нөөц нь тодорхойлж чадаж байж зөв мэргэжилтнээ олж ажилд авна шүү дээ.

Тэгэхгүйгээс дэмжлэгийн инженерийн ажлын байранд код бичдэг банканд ажиллаж байсан хүн авч ирж суулгачхаад камер янзлаадах гэж зовоодог. Энэ мэтчилэн асуудал үүсэж нөгөө хүн ажлаасаа гардаг, ард нь “Ай Ти” олдохгүй байна гээд үлддэг жишээнүүд бодитоор байна л даа. Тэгэхээр манай компанийн нэг зорилго бол энэ асуудлыг шийдвэрлэх байгаа юм. Бид тухайн байгууллагад ямар үйлчилгээ үзүүлэх ямар чадвартай инженер хэрэгтэй байгааг нь тодорхойлоод үүнд нь таарсан үйлчилгээг үзүүлэх уян хатан хамтын ажиллагаа санал болгож байгаа гэсэн үг.

-Тэгэхээр танайх харилцагчдадаа тухайн компанийн “Ай Ти”-н хэлтэс, тасаг эсвэл мэргэжилтнийх нь хийх бүх ажил, үйлчилгээг үзүүлдэг. Тухайн байгууллагад бүтэн цагийн ажилтнууд хэрэггүй гэсэн үг байх нь, тийм үү?  

-Яг зөв. Ер нь бол олонхдоо дундаж эсвэл жижиг байгууллагын “Ай Ти” инженер гэдэг хүн өдөр бүр 09:00-18:00 хүртэл тасралтгүй ажилтай байна гэдэг хэцүү л дээ. Том компаниуд л тийм байх магадлалтай. Дундаж байгууллагууд “Ай Ти”-аа хянаж, удирдаж чаддаггүй байх нь олон. Яагаад гэвэл, тэр хүний хийж байгаа ажлыг мэддэггүй буюу хангалттай удирдлага чиглэлээр хангаж чаддаггүй. Тэгээд түрүүний миний ярьсан шиг байгууллагын хүсээд байгаа зүйл, инженерийн ур чадвар хоёр зөрчилддөг. “Ай Ти”-нхаа үгээр байгууллагадаа сөрөг үр дагавартай шийдвэрүүд гаргах нь ч бий. Харин бид харилцагчтай гэрээ байгуулахдаа мэдээлэл технологи чиглэлийнх нь хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоод үүнийхээ дагуу үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, гэрээний дагуу долоо хоногийн нэг өдөр харилцагч байгууллага дээр очиж ажиллана, бусад өдөр дуудлагаар буюу зайнаас үйлчлэх байдлаар ажилладаг гэсэн үг. Харин Даваагаас Баасан хүртэл тогтмол цагаар байнга хүн ажиллах шаардлагатай газар бол манай үйлчилгээ нь жаахан тохиромжгүй болчхоод байгаа юм.

deltasoft_zahiral_5   “Дельтасофт” ХХК-ийнхаа зарим харилцагч

ХАРИЛЦАГЧТАЙГАА ЦУГ ХӨГЖИХИЙГ ХҮСДЭГ БОЛОХООР АШИГТАЙ, ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ

-Таны ярианаас “Гэрээт Ай Ти үйлчилгээ” гэдэг зүйлийг хийж, зах зээлд нэвтрүүлэхийг зорьж буй юм байна гэж ойлголоо. Үүнийг дагаад бүтээмж болон итгэлцлийн асуудал давхар гарч ирэх болов уу. Бүтэн цагаар ажиллахгүй хүний бүтээмж ямар байх вэ гэдэгт. Мөн танай компани харилцагчийнхаа хамгийн эмзэг, нууц мэдээлэлтэй танилцах, харах, аюулгүй байдлыг хангах зэрэгт ажиллахаар тэдний итгэлийг олж авах, алдахгүй хариуцлагатай байх тухайд хэрхэн анхаардаг байна вэ?

-Тийм ээ. “Гэрээт Ай Ти үйлчилгээ”-гээ монголын зах зээлд ойлгуулах, хүргэх, түүчээлэх, өргөжүүлэх, хөгжүүлэх нь манай хамт олны алсын хараа. Цаашлаад олон улсын зах зээл рүү гарах сонирхол, зорилготой байна. Монголдоо өөрсдийн гэсэн стандарт, зарчмыг бий болгоод, үүнийгээ баримтлан гаднын зах зээл рүү гарч яагаад болохгүй гэж гэдэг зорилго тавьсан. Одоогоор 40 гаруй компанитай тогтмол хамтын ажиллагаатай, энэ онд харилцагчийнхаа тоог 100-аас илүү хэмжээнд хүргэхээр ажиллаж байна. Мэдээлэл технологийн салбарын таван чиглэлээр мэргэшсэн инженерүүдийн үзүүлдэг цогц үйлчилгээнд манай харилцагчид таатай хандаж байна шүү. Мөн харилцагчдын хэлдэг нэг зүйлийг энд онцолъё гэж бодож байна. Энэ бол харилцагчид үүсэж буй санхүүгийн хэмнэлт. Тухайлбал, танай байгууллага нэг инженер ажилд авбал цалин, нийгмийн даатгал, бусад хангамж, хэрэгцээний эд зүйлс, өрөө тасалгаа гэх мэтэд тодорхой зардал зарцуулна шүү дээ. Харин манай “гэрээт Ай Ти инженер” үйлчилгээг авсан тохиолдолд авах үйлчилгээг заасан гэрээний дагуу төлбөрөө хийгээд л болчихдог. Энэ нь санхүүгийн хэмнэлттэйгээр “Ай Ти”-н асуудлуудаа шийдэх боломжийг бий болгодог гэж манай харилцагчид хэлдэг юм. Эдгээрээс гадна бид харилцагчийнхаа бизнест ашигтай, тэдэнд тохирсон оновчтой шийдэл болох зөвлөгөө өгдөг.

Бүтээмжийн тухай товчхон хариулъя. Нийтлэг зургаар харвал, аливаа компани 30-аас дээш ажилтантай, 2-3 салбартай байгаа бол “Ай Ти”-н хэрэгцээ үүснэ л гэсэн үг. Өмнө байнга дурдаад байгаачлан тус компанид ямар нэгэн чиглэлээр мэргэшсэн инженер хэрэг болно. Тэр орон тоонд бүтэн цагийн ажилтан авч ажиллуулах эсвэл гэрээт “Ай Ти” инженерийн үйлчилгээг авах уу аль нь бүтээмжтэй бөгөөд санхүүгийн хэмнэлттэй байх вэ гэдэг сонголт ажил олгогчийн өмнө ирнэ. 

Бидний зүгээс харилцагчийнхаа хэрэгцээнд тааруулан бүтээмжтэй, төлөвлөгөөтэй ажиллая, сар бүр үр дүн, сайжруулалт, шинэчлэлтээ танилцуулаад явъя гэдэг энгийн, амархан, ойлгомжтой зарчим баримталж ажилладаг. Ер нь цар тахлаас хойш дэлхий нийтээрээ өдөрт найман цаг суудаг хүнээс илүү бүтээмжтэй ажилладаг мэргэжилтэнд анхаардаг болоод байгаа шүү дээ. Гэхдээ таны бизнес нь “Ай Ти” инженерээс үнэхээр хамааралтай бол үндсэн мэргэжилтнээ авч ажиллуулах нь мэдээж зөв.

Сүүлийн үеийн захирлууд манай үйлчилгээний нөхцөл боломжийг сийрэг олж харж байна. Ер нь ирээдүйд нэлээн эрчтэй энэ чиглэл рүү шилжих байх аа. Өөрөөр хэлбэл, чаддаг, чаддаг юмаа л хийе гэдэг юм болчхоод байна. Танай үндсэн бизнес үйлдвэрлэл бол тэрийгээ л сайн хий, “Ай Ти”-тай холбоотой асуудалд захирал нь толгой гашилгахгүй мэргэжлийн багт нь хариуцуулаад явчих гэдэг зарчим.

Итгэлцлийн тухай асуух нь үнэхээр зөв. Бид бизнесийг эхлэхдээ л өөрсдөөсөө асуусан асуултуудын нэг. Итгэлийн тухай асуулт, итгэхгүй байх эрсдэл хамгийн түрүүнд ирэх юм байна гэж бодсон. Тэгээд л өөрсдөөсөө асууж, хариулт хайж эхэлсэн, олсон. Үнэт зүйлдээ тусгасан. Ёс зүйтэй, зөв хандлагатай, түргэн шуурхай, хариуцлагатай, шинийг санаачлагч, мэргэжлийн ур чадвартай байх гэдгийг үнэт зүйлсээ болгож, баримталж ажилладаг. Таны асуусан итгэлцэл, нууц хадгалахтай энэ бүхэн шууд холбогдоно.

Харилцагчийн үйлчилгээний стандарт гэж манай инженер өглөө очихоос эхлээд ажиллах, тарах, үйлчлүүлэгчтэй харилцах гээд бүгдийг тодорхой заасан баримт бичигтэй. Үүнийхээ дагуу ажиллаж, хүмүүсээ байнга сургаж бэлтгэдэг. Харилцагчтай хамтран гэрээнээс гадна , нууцлалын гэрээ байгуулдаг. Эрсдэлийг сайтар тооцоолж үйлчилгээгээ үзүүлнэ. Өөрсдөө мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг туршлагаараа харилцагчдаа эрсдэлээс сэргийлэх тухай зөвлөнө. Бид дотоодын болон гаднын хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, үйлчилгээ, гоо сайхан, эрүүл мэнд, уул уурхайн салбарын компаниудын итгэл даах түнш болж, туршлага хуримтлуулж хаана ч ямар ч байгууллагатай хамтарч ажиллах хэмжээний болчихлоо. Харилцагч байгууллагаа “Ай Ти” талаас нь илүү амжилттай ажиллуулахын тулд өдөр тутамдаа судалж, шинийг санаачилж, хамтдаа хөгжихийн тулд бие биеэ дэмжин ажиллаж байна даа. Алдаанаас суралцдаг гэдэг шиг инженерүүд маань энд тэнд явж, алдаа, асуудалтай нүүр тулж тэр болгоны ард шийдэл гаргалгааг нь гаргаж, ур чадвараа нэмж, өсөж хөгжөөд л явж байна.

-Мөн танай байгууллага “Чингис хаан” олон улсын нисэх буудалд технологийн үйлчилгээ үзүүлж ажилладаг юм билээ. Та энэ тухай мэдээлэл өгөх боломжтой юу?

-Манайх ерөнхийдөө нисэх буудлын үйл ажиллагааны цогц программ хангамжийг хариуцдаг. Тухайлбал, нисэх буудлын дэлгэцийн мэдээллийн урсгалыг гаргадаг системийг хариуцаж дэмжлэгийн үйлчилгээ үзүүлж, карго системийг хариуцдаг. Бид саяхнаас нисэх буудлын бүртгэлийн дэлгэц дээр одоо реклам гаргадаг үйлчилгээ эхлүүлчихсэн. Тэндээ аль болох Монгол Улс, монголчуудынхаа тухай харуулж, үндэсний бүтээгдэхүүнүүдээ гаргах зорилготой байна. Нисэх буудал чинь манай олон улсын гарцууд байгаа, гаднын хүмүүс байнга явж байгаа. Тэгээд үндэсний брэнд компаниуд маань гэрээ хийж тодорхой төлбөр төлөөд рекламаа байршуулах боломжтой болсон.

deltasoft_zahiral_1 BNI үйл ажиллагааны үеэр

МАНАЙ УЛС МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТАА НАРИЙН МЭРГЭЖЛИЙН САЙН ИНЖЕНЕРҮҮД БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Мэдээлэл технологийн салбарын мэргэжлүүд илүү нарийн болж байгааг та хэлсэн. Тэгвэл манай улсад энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг хангалттай бэлтгэж чадаж байгаа болов уу. Салбарын мэргэжилтэн болон ажил олгогчийн зүгээс та хэрхэн харж байна вэ?

-Ажил олгогчийн зүгээс харахад шинээр төгсөгчид суурь мэдлэгтэй ирж байгаа ч шууд ажилд ороод үнэ цэн бүтээх түвшинд хүрэхэд тодорхой хугацаа, дадлага, бодит төсөл дээр ажиллах хэрэгтэй болдог. Тиймээс компаниуд өөрсдөө дотоод сургалт, дадлагаар дамжуулж хөгжүүлэх шаардлага бий болно. Харин мэргэжилтний хувьд бол тасралтгүй суралцахгүй бол “Ай Ти” салбарт удаан тогтох боломжгүй болсон. Энэ салбарын онцлог нь дипломоос илүү бодит чадварыг л үнэлдэг болсон гэж хэлнэ. Их сургуулиуд мэдээж мэргэжилтнүүдийг сайн бэлтгэж байгаа. Гэхдээ сүүлийн үеийн нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тал дээр туршлага ч бага, боловсон хүчин ч хангалттай бэлтгэгдэхгүй байгаа гэж бодож байна. Жишээ нь, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд, систем архитектур, шийдлийн түвшний инженерүүд, клауд чиглэлийн инженерүүд, дата инженер зэрэг мөн эдгээрээс гадна “ай ти” төслийн менежер их эрэлттэй санагддаг.

-Танай салбарт хиймэл оюун хэрхэн нөлөөлж байна вэ? Хиймэл оюун бүгдийг чадах тул түүгээр юу ч хийж болно гэдэг үзэлтэй хэсэг бүлэг байна. Түүнийг хүний сайн туслах гэж үзэж, хэрэглэж байгаа хүмүүс ч байна л даа.

-Мэдээж хиймэл оюун ухаан хөгжсөнөөр ажлыг илүү амархан болгож харагдуулаад байна. Хиймэл оюунаар ямар нэгэн ажил гүйцэтгүүлэх, үүнийг ашиглахын тулд тухайн хүн өөрөө тодорхой хэмжээний мэдлэгтэй байж хийнэ. Түүнээс биш таг харанхуй бол бүтэлтэй зүйл болохгүй. Жишээлбэл, би хиймэл оюун ашиглаад мэс засал хийж чадахгүй, болохгүй. Анагаах ухаан, эмнэл зүйн талынх нь нарийн ширийнийг ойлгохгүй. Яг тэрэнтэй адилхан хиймэл оюун ашиглаад 

“Ай Ти”-н асуудлаа шийдчихсэн гэж харж байгаа бол өрөөсгөл ойлголт. Хиймэл оюун ухааны өгч байгаа мэдээлэл өгөгдлийг ойлгож, датаг зөв, оновчтой ашиглаж чадах уу, үгүй юү гэдэг нь чухал асуудал. Түүнээс биш хиймэл оюун ухаан бидний хүссэн байдлаар бүх дата мэдээллийг бэлдэж өгч чадаж байна. Иймээс л нөгөө мэргэжлийн экспертүүдийн зөвлөх үйлчилгээ байснаар зөв шийдвэр гаргана гэсэн үг. Тэгэхээр аль болох хиймэл оюун ухааныг ашиглах нь зөв. Ашиглахдаа аль үед юуг ашиглах вэ гэдгээ салбарын эксперт хүмүүсээс зөвлөгөө авч хоршиж ажиллах юм бол бизнест мэдээж үр өгөөжтэй, ашигтай байна л даа.

Манай инженерүүд ч хиймэл оюун ашиглаж зарим ажлаа үнэхээр хөнгөвчилж чадаж байна. Гэхдээ хиймэл оюуны тусламжтайгаар өөрийн мэргэшлээс өөр салбарын ажлыг хийнэ гэдэг ер нь бол худлаа шүү гэдэг санааг дахин хэлье. Энэ чиглэлд ямар нэгэн ойлголт, мэдлэггүй бол “Ай Ти”-аа хиймэл оюун ухаанаар шийдүүлчихнэ, вебээ хийлгэчихнэ, системээ, аюулгүй байдлаа хариуцчихна гэж бодож байгаа нь эрсдэл дагуулсан том алдаа юм. Хиймэл оюуны боловсруулж өгч буй дата мэдээлэл 100 хувь үнэн, зөв үү гэдэг эргэлзээтэй гэдгийг ойлгож эргэлзэх, нягтлах хэрэгтэй. Гэхдээ давуу тал бол бий. Программ зохиох, код бичих ажлыг хөнгөвчилж, хүний нөөцийн хэмнэлт хийж, хурдтай шийдвэр гаргахад нөлөөлж, дата мэдээллийг нэгтгэхэд оновчтой байна гэх зэргээр ажлыг ямар нэгэн байдлаар хялбарчилсан нь үнэн. Гэхдээ тэр ажлыг хүн л хийж байгаа учраас хүн байсны эцэст л явна, үргэлжилнэ. Хиймэл оюун олон боломж, шийдлийг болгож байгаа ч хүнийг 100 хувь орлоно гэж хэлж чадахгүй. Түүнд чадахгүй зүйл ч олон бий.

-Танай компани мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлыг түвшин хэр байдаг юм бэ. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн томоохон компани ч л үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг алдсан гээд мэдээлэгдэх юм. Төрийн зохицуулалт, хуулийн хэрэгжилт болон энэ салбарыг хамгаалах ёстой мэргэжилтнүүдийнх нь чадамж чадвар ямархуу байдаг юм бол?

-За яах вэ, сүүлийн одоо 5-6 жил бол нэлээн эрчтэй хөгжиж байна л даа. Таны хэлдгээр төрийн зохицуулалт орж хууль гарснаар байгууллагууд чухалчлан үзэж байна. Мөн асуултад дурдсанаар хувийн, төрийн байгууллагууд аюулгүй байдлын эрсдэл учирснаар илүү анхаарч эхэлж байна гэх мэт. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг нэг үеэ бодоход хүмүүс, хувийн хэвшил, төрийн байгууллагууд их анхаарч, бодлогуудын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь энэ салбар хурдтай хөгжихөд нөлөөлж байна. 

Жишээ нь, манай компанитай хамтарч ажилладаг байгууллагуудад гарч байгаа, гарах эрсдэлүүд юу байна гэдгийг олж хараад бид мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг орхигдуулах юм бол дагаад тухайн байгууллагын бизнест эрсдэл, доголдол үүсэх магадлалтайг тооцсон. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг давхар үзүүлж яваа. Мэдээллийн аюулгүй байдлын янз бүрийн стандарт байна. Олон улсын ISO/IEC 27001 стандарт болон Монгол Улсын стандарт, хуулийн хүрээнд хэрэглэгчид харилцагчдадаа үйлчилгээ үзүүлдэг.

Ер нь бол мэдээллийн аюулгүй байдал гэдэг чинь гарч болох эрсдэлийг урьдчилж тооцоолоод,  бууруулах төлөвлөгөөг нь боловсруулж явах зорилготой. Харин 100 хувь мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалсан, огт эрсдэлгүй гэдэг зүйл бол байхгүй. Бид ч эрсдэлийг нь гаргаад яаж хамгаалах тал дээр нь ажиллаад явдаг.

Манай энэ салбарын хүмүүсийн чадамж ер нь дажгүй болчихсон. Яг мэдээллийн аюулгүй байдлаар мэргэшсэн нэлээн хэдэн компани байна. Нэг үеэ бодоход аюулгүй байдлын салбар маань хөгжчихсөн мэргэжлийн бас мэргэшсэн олон инженертэй болчихсон. Технологийн компаниуд ч гэсэн анхаараад эхэлчихсэн байна. Эрүүл мэнд, банк санхүү, эрчим хүч цахилгаан гээд Монгол Улсын онц чухал дэд бүтэцтэй байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын журам, олон улсын стандартыг нэвтрүүлэх ёстой гэдэг шаардлагыг төрөөс тавьж, хуулиар баталгаажуулчихсан учир төрийн байгууллагууд ч тэр тал дээрээ анхаараад эхэлчихсэн. Тийм учраас дажгүй явж байгаа гэж хардаг. Дээрээс нь СЗХ-ноос финтек буюу банк бус санхүүгийн байгууллагуудад мөн стандарт нэвтрүүлэх шаардлага тавьсан нь сайн хэрэгжиж байна. Тэдний араас эрүүл мэндийн салбаруудыг нэлээн шахаж байх шиг байгаа юм.

delta_sodt_5 “Дельтасофт” ХХК-ийн "Гэрээт Ай Ти" үйлчилгээний товч танилцуулга

-Мэдээллийн технологийг ашиглах тэр тусмаа мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд бизнес эрхлэгчдээс, компаниудаас тийм их хөрөнгө шаарддаг салбар уу?

-Бас л гоё асуулт байна шүү. Ер нь бол хөрөнгө шаардах гэхээс илүү хөрөнгө шаардахгүйгээр шийдэх боломжууд тухайн байгууллагад байдаг. Байгууллагын соёлоороо, дүрэм журмынхаа хэрэгжилтээр. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нь ихэнхдээ хүнээс хамаардаг. Хүний мэдлэггүй байдлаас, санаатай үйлдлээс эсвэл туршлагагүй, хайнга байдлаас болж аюулгүй байдлын эрсдэлүүд учирдаг. Бидэнд хамгийн ойрын жишээ гэвэл, фейсбүүкээр дамжуулан залилуулдаг, аливаа хаягийнхаа нууц үгийг маш амархан тайлагдахаар хийдэг гэх мэтчилэн. Аюулгүй байдлын эрсдэл хувь хүнээс, байгууллагын ажилтнуудаас их хамаардаг. Тэгэхээр тухайн байгууллага мэдээллийн аюулгүй байдлын стандарт, дүрэм журмаа маш сайн боловсруулах, үүнийгээ ажилтнуудаа танилцуулах, эрсдэлүүдийг тооцоолсон сургалтыг байнга явуулдаг, хүмүүсээ мэдээллээр хангадаг байвал учрах эрсдэлээ буулгана. 

Энийг бол хөрөнгө зарахгүйгээр хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа. Тэгээд л бид энэ соёл, мэдээллийг харилцагчдадаа түгээх зорилготой зорилготой явж байна. Ер нь технологиор юм бүгдийг шийднэ гэх нь боломжгүй. Яагаад гэвэл технологитой хүн харьцаж байгаа, гарч болох эрсдэлийг хүн л үүсгэж байгаа учраас эхлээд хүмүүсээ сургаж өөрийгөө, байгууллагаа хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөх нь зүйтэй.

УРТ ХУГАЦААНД ТӨЛӨВЛӨЖ, ЗОРИХ ЮМ БОЛ БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА

-Тэгвэл танай харилцагч дунд таны ярьж буйг хэрэгжүүлсэн, мэдээллийн аюулгүй байдлын тухай тусгай журам гаргасан эсвэл дотоод дүрэм, журамдаа шингээж ийм соёл төлөвшүүлсэн байгууллага хэр олон байсан бэ?

-Бид олон улсын түвшинд туршиж стандарт болоод гарчихсан, Монгол Улсын стандартын дагуу орчуулаад дагаж мөрдөхийг заасан стандартын дагуу л харилцагчдадаа үйлчилдэг. Тухайн байгууллагад тохирч болох хэсгүүдийг нь аваад дүрэм журамд нь оруулж, оруулахыг зөвлөдөг. Дүрэм журамдаа оруулсан энэ чиглэлийн соёл төлөвшүүлсэн байгууллага яг үнэнийг хэлэхэд байхгүй байсан. Гаднын, олон улсын байгууллагуудтай харилцдаг томоохон ганц хоёр компани л цаад талынхаа шаардлагын дагуу мэдээллийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүлсэн байдаг байлаа. Харин одоо бол нэлээн дажгүй болчхоод байгаа. Тухайн байгууллага, бизнесийн нэр хүндийн баталгаа ч болчхоод байна шүү дээ. Уг нь энийг хэрэгжүүлж байж бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа найдвартай болно. Аюулгүй байдлын инженер, мэргэжилтэн нь авъя гэдэг ажлын байрны зар ч их явдаг болчихсон байна лээ.

-Энэ салбарын хүнтэй ярилцаж буй учраас сервер хадгалалт, хамгаалалт гээд манайхны нэг сайн ойлгодоггүй эсвэл ойшоодоггүй зүйлийн тухай асууя. Хамгийн чухал зүйлдээ ач холбогдол өгөхгүй байх шиг санагддаг.

-Заа, наадах чинь л харин одоо байгууллагуудын хамгийн том асуудал болчхоод байгаа байхгүй юу. Байгууллагууд ажилтнаа хараад, ажилтны компьютер анхаараад л байдаг.

Гэтэл яг үнэндээ хамгийн үнэ цэнтэй байгаа дата байгаа серверээ огт хамгаалдаггүй, анхаардаггүй байдлаасаа болж эрсдэл учирдаг. Эрсдэл учирсны дараа бидэнд ханддаг нь олон. Ер нь ийм шархадсан мэдрэмж авсан захирлуудтай цөөнгүй таардаг. Уул нь ингэхээсээ өмнө бид нартай хамтарсан бол тэр эрсдэл, шархыг авахгүй байх боломжтой. Тэгэхээр энэ талын ойлголт ер нь бол “тэг”. Олонх нь ач холбогдол өгөх ёстойгоо, чухал зүйл гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр одоо мэдүүлэх ажлыг л бид нар хийж байна.

Өмнө ярьсан мэдээллийн аюулгүй байдлын тухай зөвлөгөө дотроо багтааж, гарч болох эрсдэлүүдийг нь урьдчилан тооцоолж өгч байна. Датагаа, серверээ хадгалах, хамгаалах зөндөө шийдэл манай улсад бий болчихсон шүү дээ. Ялангуяа клауд шийдлүүд  түгээмэл болчихсон. Мөн дата төвүүд ч байна. Хамгийн гол нь бизнес эзэмшигч л яаж хамгаалах ёстойгоо, хамгаалахын үнэ цэнийг мэддэг болох нь чухал. Ер нь ирээдүйд хамгийн том бизнесийн өрсөлдөөн чинь дата болчхоод байгаа шүү дээ. Хэн нь их дататай байна тэр оновчтой шийдвэр гаргана, өөртөө давуу тал, үнэ цэнийг бий болгоно. Энэ ирээдүй рүү тэмүүлж байна. Тэгэхээр бизнесийг авч явж байгаа хүмүүс аль болох өөрсдөө датагаа хайрлах, хамгаалах, датагаа үүсгэж явах ёстой.

deltasoft_zahiral_4 "BNI-2025" үйл ажиллагааны үеэр

-Та BNI /Business Network International/-н үйл ажиллагаанд оролцоод ирж. Бизнес эрхлэгчдийн оролцдог үр дүн гардаг чухал уулзалтуудын нэг танд ямар боломж өгсөн бэ?

-Анх компаниа байгуулаад бизнесээ эхлэхдээ өөрөө инженер хийгээд л байгууллагуудаар явдаг байлаа. Нэг жил гаруй тэгж явж үзээд ер нь өөрөө ингээд яваад байх юм бол бизнес өсөхгүй, явахгүй юм байна. Өөрөө борлуулалт хийх, бүтээгдэхүүнээ танилцуулах менежер рүү шилжих ёстой юм байна гэж олж харсан. Тэгээд нэтворкинг байгууллагууд дээр явж байж илүү амжилттай болох юм байна гэж анхаараад хоёр жилийн өмнө BNI-д гишүүнээр элссэн. Энэ сүлжээ хамтралд нэгдсэнээр олон захиралтай танилцаж, хүмүүсээс их мэдлэг мэдээлэл авсан. Давуу тал олон байгаа. Салбар, салбарын хүмүүс байдаг учраас санхүүгийн асуудлаа анхаарах, хуулийн зөвлөгөө авах гээд мэдэхгүй, чадахгүй зүйлийнхээ шийдлийг олж авдаг. Олон салбарын хүмүүс бие биеэ дэмжинэ. Түншүүдээ ч олж бизнес хамтралыг бий болгож чадсан.

-Ярилцлагын төгсгөлд манай улсын бизнесийн орчин нөхцөл хувийн хэвшилд, тань шиг өөрийн компаниа үүсгэн байгуулаад, хөгжүүлэх гээд ажиллаж буй хүмүүст ямар байгааг асуумаар байна. Боломж байгаа ч хэцүү бэрх нь түүнээсээ олон байгаа нь анзаарагддаг?    

-Манай улсад бизнес эхлүүлэх боломж бизнесийн орчин хангалттай байна гэж үзэж байна. Ялангуяа технологи, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт илүү боломж бололцоо байх шиг санагддаг. 

Хамгийн чухал нь бизнес эхлүүлж байгаа бол тууштай байж сорилт бэрхшээлүүдийг даван туулах эхний шалгуур байдаг байх. Яах вэ, өөрсдөөс хамаарахгүй зүйлүүд байна л даа. Улс төрийн тогтворгүй бодлого, татварын систем, хүний нөөцийн асуудал гэх мэт. Гэхдээ энэ бүхнээс шантраад байвал улс орон болон хувь хүн өөрөө хөгжихгүй шүү дээ.

Тиймээс аль болох өөдрөгөөр төсөөлж зорилготой, хүсэл тэмүүлэлтэй хийж буй зүйлдээ урт хугацааны төлөвлөгөө тавьж зорих юм бол монголд бизнесээ өргөжүүлэх, амжилттай ажиллах бүрэн боломж байгаа гэж хардаг. Тиймээс ялангуяа ид хийж бүтээх насандаа гаднын орныг зорихоос илүүтэй эх орондоо амьдарч өөрсдийн мэдлэг ур чадвараа эх орноо хөгжүүлэхэд зориулаасай хэмээн хүсмээр байна.

Танд баярлалаа. Амжилт хүсье.