Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх
Тэмээний аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэрийн талаар Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөс тодрууллаа.
- Өмнөговь аймгийн ИТХ тэмээний аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжих бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, говийн брэндийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж байгаа юм байна. Ямар боломжууд байна вэ? Үр дүн гарч эхэлсэн үү?
- Тэмээ нь өөрөө Монголыг дэлхийн зах зээлд гаргах газар зүйн онцлогтой, давуу талыг илэрхийлсэн бүтээгдэхүүн. Говийн бүс нутгийн тогтвортой хөгжилд тэмээний аж ахуйн ач холбогдлыг бодлогоор дэмжиж, тэмээгээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, уламжлалт мал аж ахуйг орчин үеийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм.
ӨМӨЗО-ны эрдэмтэн судлаач н.Журамт өөрийн орны тэмээг 10 жилийн турш судлаад нэг ингэнээс өдөрт 2 литр сүү саадаг байсныг 3,6 литр болгож нэмэгдүүлсэн байна. Манай Өмнөговь аймагт байгуулагдсан ингэний ферм мөн өдөрт нэг ингэнээс 2,6 л сүү авч байна. Уламжлалт аж ахуйгаар бол өдөрт 800 гр сүү саадаг. Гурван жилийн хугацаанд ажиллахад бид нэг ингэнээс авах сүүний гарцыг гурав дахин нэмж байна.
Эдийн засгийн эргэлтэд ингэж хурдан оруулахад хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллага, малчид хамтран оролцох нь чухал байгаа юм. Үүн дээр манай Өмнөговь аймагт байгуулагдаж байгаа Тэмээ судлалын төв ажиллах юм. Тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийг эдгээх, өндөр чанартай үнэтэй бүтээгдэхүүн гаргаж авах гээд Тэмээ судлалын төвийн гүйцэтэх үүрэг их. Тус төв энэ оноос судалгааны ажлаа эхэлнэ. Зарим нь тэмээ судлах төв гэж байгаа юм бол ямаа судлалын төвийг байгуулъя гэж байна. Байж ч болно.
Тэмээний бүтээгдэхүүн маш чухал, үнэ цэнтэй гэдгийг судалгаа шинжилгээгээр тогтоосоор байна. Тухайлбал тэмээний бөхнөөс гаргаж авч байгаа гоо сайхны бүтээгдэхүүн өндөр чанартай бүтээгдэхүүний нэг болж байна. Монгол эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авч эхлээд байна. Дахиад ч олон бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж буй. Одоо тэмээний тавхайг ч судалж байна. Энэ хилийн цаадах зарим жишээг хэлбэл Хятадад Алшаа аймагт ингэний сүүний томоохон үйлдвэрүүд сүүгээ дроноор татаж өдөрт 30 тн сүү боловсруулж байна. Энэ мэтчилэн бид уламжлалт мал аж ахуйг орчин үеийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх нь чухал байна.
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тэмээний аж ахуй, түүнтэй холбоотой үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжих бодлого, шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлж, говийн брэндийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж байна. Цаашид ч ажиллана.
- Түмэн тэмээний баярыг гадаадаас олон дагагчтай инфлюнсер, мөн нэртэй агентлагийн баг бүрэлдэхүүн, төлөөлөл ирж сурвалжилж, дэлхий нийтэд хүргэдэг болж байна. Тэд та бүхний урилгаар ирж байна уу?
- Энэ жилийн баярт өөр өөр онцлогтой соёлуудыг дэлхий дахинаа түгээдэг ОУ-ын томоохон гэрэл зурагчдын холбооноос хоёр гэрэл зурагчин ирлээ. Ийм байдлаар тэмээний баяр гадаад харилцаа, соёл сурталчилгаа талаасаа маш чухал үйл ажиллагаа болдог. Бидний хувьд ямар ч төлбөр төлдөггүй. Тэмээний баярын үйл ажиллагааг олон улсад мэддэг, ач холбогдолыг нь ойлгодог болсон.
“Түмэн тэмээний баяр” нь Монгол Улсад зохион байгуулагддаг тэмээтэй холбоотой хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй соёл-аялал жуулчлалын арга хэмжээ. Тэмээчдийн уламжлалт ахуй, нүүдэлчдийн өв соёлыг хадгалан хамгаалж, дэлхий нийтэд сурталчлан таниулж буй онцгой үйл явдал юм. Энэхүү баярыг олон улсын түвшинд зохион байгуулж байгаа нь Монгол орныг гадаад, дотоодын жуулчдад таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
- Баярлалаа.