Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна

ДХИС-ийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн ахлах багш, хошууч Ч.Дашням

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр тус сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн ахлах багш, хошууч Ч.Дашнямтай ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. ДХИС-д багшлахаас өмнө ямар байгууллагад ажиллаж байсан бэ?

-Намайг Ч.Дашням гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2011 оноос хойш найман жил, үүнээс ахлагч албан тушаалд хоёр жил ажилласан. Дотоод хэргийн их сургуульд 2019 оноос хойш долоо дахь жилдээ багшаар ажиллаж байна. Энэ хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар 1600 орчим ахлагч, офицер сургаж бэлтгэж өгөөд байна.

-Тусгай чиг үүрэгтэй байгууллагуудад мэргэжилтэн бэлтгэдэг “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай сургууль 2012 оноос “Ахлагчийн сургууль” нэртэйгээр захиалагч байгууллагууд буюу ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын захиалгаар ахлагч болон офицер бүрэлдэхүүнийг бэлтгэж ирсэн. Засгийн газрын 2024 оны 122 дугаар тогтоолоор ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль нэршилтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтуудыг захиалагч байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нэг сараас нэг жилийн хугацаатайгаар зохион байгуулдаг.

-Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэх сургалтын онцлогийг товчхон тайлбарлавал?

-Захиалагч байгууллагын ахлагч бүрэлдэхүүн гэдэг бол галын шугамд жадны үзүүр, сумны зэв болж ажилладаг алба хаагчид байдаг. Тиймээс ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэхдээ танхимын сургалт, онол гэхээсээ илүү практик ур чадварт суурилж, бодит орчинд тулгуурлаж явуулдгаараа онцлогтой. Боловсролын салбарт үүнийг чадамжид суурилсан сургалт гэж нэрлэдэг. Манайх бүх сургалтаа чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг бөгөөд захиалагч байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг.  

Манай сургууль одоогоор ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШЕГ, Аж ахуйн нэгж байгууллага, иргэний захиалгаар нийт 19 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд 8300 орчим ахлагч, офицер, жилд дунджаар 2000 гаруй төгсөгчийг захиалагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.  

-Ахлагч бүрэлдэхүүнд бэлтгэгдэж буй алба хаагчдын ур чадварыг сайжруулахад хэрхэн анхаардаг вэ. Сургалтын арга зүйн тухай?

-Манай сургуулийн багш нарын онцлог нь практик байгууллагад тодорхой хугацаанд ажилласан туршлагатай, ялангуяа ахлагч албан тушаалд ажиллаж байсан, ахлагч бүрэлдэхүүний ажлын онцлогийг мэддэг алба хаагчид байдаг. Тийм сургалт маш үр дүнтэй явагддаг.

Бид сургалтын чанараа нэмэгдүүлэхийн тулд практик байгууллагуудтайгаа хамтран бодит орчинд үүрэг гүйцэтгэх клиник сургалт, танилцах болон мэргэжлийн дадлага, хээрийн сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтын орчин нөхцөлөө симуляци буюу адилтгасан орчин байдлаар тохижуулж, практик ур чадвар эзэмшүүлэхэд анхаарч ажилладаг.

Мөн ахлагч бүрэлдэхүүний зайлшгүй эзэмших ёстой ур чадварууд буюу усан сэлэлт, мото бэлтгэлийн сургалтуудыг нэмэлтээр зохион байгуулдаг. Түүнчлэн орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар эзэмшүүлэх үүднээс нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодох ур чадварын сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

-Цагдаа нар хүний эрхийн мэдрэмж муу байна, онцгой байдлын алба хаагчдын амь нас эрсдэж байна гэх мэт яриа, шүүмжлэл байдаг. Энэ талаар танай сургууль сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө ямар агуулгууд тусгасан байдаг вэ. Яагаад ингээд асуудлууд гараад байна вэ?

-Манай ахлагч бэлтгэж байгаа бүх сургалт Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн зэрэг холбогдох байгууллагуудын шаардлага, шалгуур,  баталсан стандарт, агуулгад нийцсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагддаг. Тухайлбал, цагдаагийн ахлагч бэлтгэх сургалтад “Хүний эрхийг хангах” хичээлийг хөтөлбөрийн дагуу ордог. Онцгой байдлын ахлагч бэлтгэх сургалтад практикт үүсэж болзошгүй бүх төрлийн эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх ур чадварын даалгавруудыг гүйцэтгүүлдэг.

-Суралцагчдадаа ямар мэдлэг, ур чадварыг түлхүү олгохыг зорьдог вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу хорих байгууллагад ажиллана гэдэг ахлагч нараас харилцаа, ёс зүй, хүний эрхийн мэдрэмж, мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн төвөгтэй ажил байдаг. Энэ ажлыг хийж үзсэн, практик туршлагатай алба хаагчийн хувьд өөрөө үлгэрлэж, өөрт байгаа бүхий л ур ухаан, арга барилаа суралцагч нартаа эзэмшүүлэхийг хичээж ажилладаг.

-“Бидний манлайлал - Чанартай боловсрол” уриан дор зохион байгуулж буй Дотоод хэргийн их сургуулийн багш нарын нэгдсэн зөвлөгөөний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Манай их сургууль жил бүр, улирал тутам багш нарынхаа хөгжлийг дэмжиж, нэгдсэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Их сургуулиас 2026 оныг “Багшийн хөгжил, чанартай боловсролыг дэмжих” жил болгон зарласантай холбоотойгоор өнөөдрийн багш нарын нэгдсэн зөвлөгөөнийг олон шинэлэг ажил, онцлогтойгоор зохион байгуулж, багш нарынхаа хөгжлийг дэмжиж байгаад туйлын талархалтай байна. Багш нар бид бүхэн өөрсдөө хөгжиж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байж суралцагч нартаа чанартай боловсролыг түгээнэ. Тиймээс энэхүү уулзалт зөвлөгөөн цаг үеэ олсон, үр дүнтэй үйл ажиллагаа болж байна гэж дүгнэж байна.