Ж.Жойсын хотод суут Д.Нацагдоржоо дурсана.
Нүүгэлтсэн саарал манан дундаас нохой хөтөлсөн эмэгтэй, хүзүүндээ дуран зүүсэн шувуу ажиглагч хосууд, өглөөний гүйгчид гарч ирээд зөрж өнгөрнө. Тэдний хувьд будан тунасан энгийн нэгэн бороотой өглөө надад ер бусын санагдах билээ. Ном, үлгэр дунд яваа ч юм шиг. Ноосон малгай, ус нэвтрэхгүй хүрэм өмссөн боловч хаймран углааштай эзэгтэй инээмсэглээд
“Хайр татам өглөө байна шүү, тийм ээ?” гэж мэндлэхийн зуурт хөөрхөн цоохор нохой сүүлээ өргөж эрхлээд зөрлөө. Манан цоолж тэмүүлсэн өндөр загалмайт сүмийн аварга модон хаалгаар орж буй тод хувцастай хүмүүс улаан, ягаан, шар цэг шиг л үзэгдэнэ.
Салхи сөрж алхсаар шүхэр нэвтэрч ус дуслаад барьсан, бариагүй ялгаагүй боллоо. Буулгаж хажуудаа бариад гар амар алхав. Дугариг нүдний шил, бүрх малгайтай, хүрмийнхээ хормойг арагш шидээд зүүн гараа халаасалж, баруун гартаа таяг барин, хөлөө солбин зогсоод бодлогошрон алсыг ширтэх хээнцэр эрийн хүрэл хөшөөний хажууд ирлээ. Ямар ч үед дэргэдүүр нь шууд өнгөрдөггүй юм.
Ирландын алдарт зохиолч, өнгөрсөн зууны уран зохиолын сод төлөөлөгч Жеймс Августин Алоисиус Жойсын хөшөө. Түүнийг 1882.02.02-1941.01.13-ныг хүртэл 59 жил амьдарч бас туурвисан гэж тайлбарт бичсэн байдаг. Ж.Жойсын амьдрал, авьяас, бүтээл, тэмцэл, хайр дурлал, хаалт боолт, үгүйсгэл гээд туулсан бүхэн нь монгол дээлийн дотор зангиа, цамц өмсөж, бүрх духдуулан, гаанс бариад сууж буй Монголын уран зохиолын тод хүмүүн их зохиолч Д.Нацагдоржийг санагдуулдаг юм, надад. Аугаа авьяас, суу алдар, бүтээл туурвилаа амьд ахуйдаа үнэлүүлж чадаагүй тэд зуурдхан гялалзаад өнгөрсөн ч он цагийн уртад олон хүний оюуныг гэрэлтүүлэх одод байжээ.
Д.Нацагдорж “Миний нутаг” шүлгээрээ монгол орны байгаль цаг уур, хүн ард, аж амьдралаас эхлээд хилийн цэсийг нь хүртэл тодорхойлж, тамгалж үлдээсэн байдаг. Харин Ж.Жойс “Хэрэв Даблин сүйрвэл тоосго, тоосгоор нь дахин босгоход Үлиссыг ашиглаж болно” гэж бардамнасан. Үнэхээр ч тэднийг салгаж үл болом.
Усан борооноор зорьж ирээд номын сангийн үүдээр орвол шүхэр хадгалах савнууд дүүрч, өнгө өнгийн нойтон шүхэр хатахаа бас гарахаа хүлээх шиг эгнээстэй. Ус асгарсан шүхрээ эвтэйхэн эвхэж тавиад уншлагын танхимд ороход ихэнх суудал эзэнтэй болжээ. Эртлэн ирээд эзэн нь юм шиг тухтай суудаг цонхны хажуугийн жижиг ширээ намайг хүлээсэн мэт хүнгүй байна. Өглөөний нар түр саатдаг тэр суудалд би бүлээцдэг юм. Нааш явахад багш минь энэ номын санг зааж өгөөд, өөрийн бичдэг зэс толгойтой үзгээ дурсгасан билээ. Хорин жилийн өмнө багш энд хичээлээ хийгээд сууж байсан гэж бодохоор сэтгэлд даанч дулаахан.
Бие даалтаа хийхээр номууд аваад суусан ч өчигдөр үзсэн Ж.Жойсын төвийн үнэр, алхахад чахран дуугарах хэдэн зууны настай модон шал, хуудас нь үнгэгдэж шарласан түүний бичсэн номууд, Сэтгэгдлийн дэвтэрт үг үлдээхийн тулд амьсгалаа түгжин цомцойж суусан хуучны модон сандал нүдэнд харагдаад байна. Ирландын уран зохиолын музейд Ж.Жойсын тусгай булан, үзмэрүүдээс гадна үзэсгэлэнгийн танхимын нэгдүгээр давхрын таазанд тулсан өндөр цагаан тавиурт түүний бүтээлийн дэлхийн олон хэлнээ орчуулагдсан хувилбарууд бий. Тэдний дунд монгол байхгүйг үзээд Улаанбаатараас “Үлисс”, “Дүблинчүүд” хоёрыг шуудангаар авч, хүлээлгэн өгч санаа амарсан билээ.
“Монголоос ирсэн монгол оюутан байна. Танайд Ж.Жойсын номуудын монгол хэл рүү орчуулсан хувилбарыг бэлэглэе” гэж илгээгээд номоо бэлдэж тавьчхаад хэдэн өдөр цахим шуудангийн хариу хүлээн догдолж байсан юм.
Шүхэр хатаж, тэнгэр цэлмэжээ. Сандлын түшлэг дээр санаа алдах шиг налмайж хэвтсэн нойтон хүрэм ч овоо эвэрч. Борооны дараах онцгой сайхан мэдрэмжүүдийн нэг бол Даблины гудамж дахь Ж.Жойсын цутгамал дүрс, Үлисс романы гол дүрийн эшлэлүүдтэй гуулин хавтангууд өнгөлөгдөж, шармал мэт гялалзаж байгааг харах.
Намайг мэндлэхээс ч өмнө зохиогчийнх нь дурсгалд зориулан хийж, суурилуулсан 14 ширхэг гуулин хавтан өчигдөрхөн байрлуулсан мэт л үг үсэг нь элэгдээгүй гялтганасаар байдаг юм. Эдгээр хавтанг Үлисс романы гол баатар Леопольд Блумийн замыг тэмдэглэж суурилуулсан гэдэг бөгөөд алдарт удирдагч Парнеллын нэрэмжит гудамжнаас ОКоннелын гудамж уруудаж Степпений цэцэрлэгт хүрээлэн явах замд хамгийн олонтой нь таарна.
Хүмүүс гишгэлдэг ч би тойрдог. Өнгөрсөн зууны дэлхийн уран зохиолын оргил бүтээлийн эшлэл чиний хөл дор хэвтэж буйг мэдэж байгаа бол гишгэж зүрхэлнэ гэж үү?
Даблин бол уран зохиолын хот. ЮНЕСКО-оос батламжилсан уран зохиолын хэмээх тодотголтой дөрөв дэх хот юм. Номын дэлгүүрүүд ямагт л дүүрэн хүнтэй. Хэвлэгдээд удаагүй ном төдөлгүй л шинэ номын хэсгээс шилжиж өөр нэгэн зохиол байрыг нь эзэлсэн байдаг. Эцэг, эхээ дагасан улбар үстэй, усны гуталтай охид, цоохор нүүртэй бяцхан хөвгүүдээс эхлээд таяг тулсан, алхуулагч түрсэн жижигхэн эмээ, өвөө нартай номын дэлгүүрт таарна. Уугуул хүмүүс нь өтгөн ирланд цай, кофе уунгаа сүүлд уншсан ном, үзсэн шинэ киноныхоо талаар ярих, зүгээр ч нэг уншигчийн бус шүүмжлэгчийн түвшинд хэлэлцэх дуртай. Уншдаг учраас.
Навч ногоон, улаан, шар болж бүр унаж дууссан ч, хүмүүс намрын хүрмээ тайлж, ноосон малгай өмсөн, хавраас зугтаж зуныг хүсэн байвч зүс, усан, аадар, шиврээ, солонготой бороо орж л байдаг, тэнгис, манан хоёрын хязгаар үл ялгарч байдаг, хүний сэтгэлийн хөдөлгөөний үелзлийг хамгийн доод эсвэл хамгийн дээд түвшинд аваачих ид шидтэй хот.
Ийм газраас Жонаттан Свифт, Жеймс Жойс, Оскар Уайльд, Уильям Батлер Йейтс нар төрөхгүй гээд ч яах вэ. Жорж Бернард Шоу, Уильям Батлер Йейтс, Сэмюэл Бекетт, Симус Хини нар Нобелийн утга зохиолын шагналыг хүртэхгүй гээд ч яах вэ. Энд төрсөн, амьдарсан, жаргасан, зовсон, явсан, ирсэн Ж.Жойс оюун санааны эрх чөлөөг олохгүй гээд яах вэ.
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Будхүү, “Дулаахан бороо” номын есдүгээр тэмдэглэл.