Зөөлөн хүчний индексээр Монгол Улс гурван байр урагшилжээ
Зөөлөн хүчний индексээр Монгол Улс гурван байр урагшилжээ

Зөөлөн хүчний индексээр Монгол Улс гурван байр урагшилжээ

Дэлхийн тэргүүлэх брэндийн үнэлгээний зөвлөх тодотголтой “Brand Finance” компаниас жил бүр “Дэлхийн орнуудын зөөлөн хүчний индекс” /Global Soft Power Index/-ийг тодорхойлдог. НҮБ-ын гишүүн 193 орныг хамруулан 100 гаруй зах зээлийн 150 мянга гаруй оролцогчийн дунд явуулсан энэ жилийн судалгааны үр дүнгээ танилцуулжээ.

Монгол Улс энэ удаа 33.2 оноо авч өмнө оныхоос 0.8 оноогоор ахиж, гурван байраар урагшлан 105 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн улсуудын зөөлөн хүчийг танигдац, нэр хүнд, нөлөө гэх гурван үндсэн шалгуур болон 35 дэд үзүүлэлтээр хэмждэг юм. Дэд үзүүлэлтүүдийн дунд бусад оронтой тогтоосон найрсаг харилцаа, дипломат хүрээн дэх нөлөө зэрэг олон улсын харилцааны байдал ч багтдаг.

Судалгааг тэргүүлсэн АНУ-аас эхлээд дөрөвдүгээрт жагссан Их Британи, тав, зургаадугаар эрэмбэлэгдсэн Герман, Франц зэрэг эхний 10-т багтсан хөгжингүй улсын индекс 0.8-4.6 оноогоор буурчээ. Харин Хятад 0.7 оноо нэмсэн бол Япон, Швейцарь улс тус бүр нэг байр ахисан байна.

Жагсаалтыг тэргүүлэгч орнуудын үнэлгээ буурсан нийтлэг нөхцөлд Монгол Улсын үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн байдлыг манай орны соёл, өв уламжлал, олон улсын харилцаа дахь эерэг нөлөө, гадаад бодлогын үр дүнтэй холбон судлаач тайлбарлаж байна.

“Дэлхийн орнуудын зөөлөн хүчний индекс-2026”-д дээрх үзүүлэлтүүдээс гадна улс орнуудын тогтвортой хөгжил, байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөлөл, худалдаа, эдийн засаг, засаглалын хэлбэр зэрэг олон хүчин зүйлийн үр дүнг багтжээ.

Эх сурвалж: static.brandirectory.com