Ослын улмаас гэр бүлээ алдсан зарим иргэн Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрсний улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон осол гарсан. Энэ явдлаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд өнөөдөр /2026.01.23/ ослын улмаас гэр бүлээ алдсан зарим иргэн эрх баригчид болон шат шатны төрийн байгууллагуудад дуу хоолойгоо хүргэхийн тулд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлбэрэлтийн улмаас нөхрөө алдсан эмэгтэй н.Батчимэг “Сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох бүх шатны албан тушаалтнуудтай уулзахыг удаа дараа оролдлоо. Гэвч өнөөдрийг хүртэл биднийг хэн ч хүлээж авч уулзаагүй, хууль, хяналтын байгууллагууд бодитой арга хэмжээ авахгүй байна. Ослын дараа манай гэр бүлд үнэхээр хүнд байсан. Одоо ч миний хүүхдүүд ээжийгээ зовоочих вий гэсэндээ нуугдаж уйлдаг. Тэр битгий хэл цагдаагийн байгууллагын харьяаны хашаанд аваачаад тавьсан байгаа дэлбэрэлтэд өртөж шатсан автомашиныхаа татварыг төл гэж хоёр жилийн турш шаардаж байна. Хэрэв хохирогчдын дунд өндөр албан тушаалтай эсвэл нийгэмд нөлөө бүхий хүн байсан бол төрийн байгууллага, эрх бүхий хүмүүс бидэнд ингэж хандахгүй байсан болов уу” гэж ярилаа.
Осолд өртөж хохирсон хүмүүсийн хэрэгт анхаарал хандуулах, хариуцлага хүлээх, хохирол барагдуулах тодорхой ажил, шийдвэр байхгүй хоёр жил өнгөрч буйг онцлон хэлж, Үндсэн хуулиар олгосон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ ч эдэлж чадахгүй байна гэсэн юм.
Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэний хүү Б.Гантулга “Аав минь осолд өртөж, түлэгдсэн. Эмнэлэгт эмчлүүлж байгаад удаа ч үгүй 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нас барсан. Улсад 36 жил хөдөлмөрлөсөн, сүүлийн таван жилийн турш давхар ажил байсан Хөдөлмөрийн баатар цолтой хүн байлаа. Одоог хүртэл хэрэг ямар шатандаа явж байгааг хэн ч тайлбарладаггүй, хааяа цагдаагийн байгууллагаас дуудаж гарын үсэг л зуруулдаг. Хэрэв шаардлагатай бол Сүхбаатарын талбайд суулт зарлахад ч бэлэн байна. Бид зүгээр явж байгаад хүнээ алдсан. Яагаад энэ бүхнийг ганцаараа үүрэх ёстой юм бэ” гэлээ.
Дөнгөж амьдралын эхлэлээ тавьж байсан 18 настай залуугаас эхлээд ганцхан жилийн дараа гавьяаны амралтаа эдэлнэ гээд ажиллаж, хөдөлмөрлөж явсан олон хүн энэхүү гэнэтийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Тэдний гэр бүлийнхэн эл хэрэг мартагдах ёсгүйг хэлж байв.
М.Солонго