Г.Хулан: Үндэсний хувцасныхаа мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр загварчлан гоёхыг хичээдэг
Г.Хулан: Үндэсний хувцасныхаа мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр загварчлан гоёхыг хичээдэг

Залуус үндэсний хувцсаа орчин үеийн хэв маягтай хослуулан өмсөх нь нэмэгдэж, үндэсний өв соёл, ёс уламжлалаа улам бүр баяжуулж байна. Тэд өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлахдаа нэг хэвэнд баригдалгүйгээр өөрсдийн сонирхолд нийцүүлэн хэрэглэж, хөгжүүлж буй нь бахархалтай. Иймээс бид энэ долоо хоногт наадам, цагаан сар, сонгууль зэрэг тэмдэглэлт, чухал өдрүүдэд үндэсний хувцсаараа гоёдог залуусын төлөөллийг уншигч та бүхэнтэй уулзуулах болно. Энэ цувралын эхний зочин “Говь” ХК-ийн маркетингийн менежер Г.Хулан.

- Үндэсний хувцсаа өмсөх дуртай юу?

- Миний хувьд үндэсний хувцсыг тэр бүр өмсөөд байдаггүй ч уламжлалт баяр ёслолын үеэр заавал өмсдөг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч яг тэр л өдрүүдэд дээлээ өмсөхөөр цаанаа л нэг дотно санагдаж, монгол хүн гэдгээрээ омогшиж явдгаа нуухгүй ээ. /инээв/

- Өмсөхөд ямар байдаг вэ? Таны бодлоор бусад хувцаснаас ялгарах онцлог нь юу вэ?

- Үндэсний хувцасны давуу талыг тоочоод баршгүй олон. Гэхдээ тэр дундаас онцолж хэлэхэд яг л манай орны цаг агаарт хамгийн тохиромжтой хувцас шиг санагддаг. Тэр тусмаа аялал зугаалгын цагт ч хамгийн тохиромжтой дулаан хувцасны сонголт болж чаддаг.

- Зургийг тань харж байхад уламжлалт хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан дээлэнд дуртай бололтой.

- Тийм. Би өөрөө хувцас загварт дуртай учраас аль болох үндсэн мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр загварчлан уламжлалт хувцсаараа гоёхыг хичээдэг.

222 

- Залуус үндэсний хувцсаараа гоёхын ач холбогдол нь таныхаар юу вэ?

- Бид уламжлалт өв соёлоо байнга дараа дараагийнхаа үед өвлүүлж байх хэрэгтэй гэж боддог. Ийм болохоор баяр ёслолын үеэр үндэсний хувцсаараа гоёосоо гэж хүсдэг дээ.

Өв соёл, уламжлалт зүйлсээ бага багаар алдаж байгаа энэ үед монгол гэж омогших зүйлсийн эн тэргүүнд үндэсний хувцас орох байх гэж би хувьдаа боддог. 

Анх удаа сонгууль өгөхдөө дээлээр гоёсон

- Зөвхөн баяр наадам, цагаан сар гэлтгүй сонгуулийн үеэр хүмүүс үндэсний хувцсаа өмсөж, сонголтоо хийдэг. Таны хувьд?

- Би энэ үйлдлийг их дэмждэг. Анхныхаа сонгуульд оролцож, санал өгөхдөө дээлээр гоёж очсон. Улсынхаа нэг үйл хэрэгт оролцож, иргэн хүнийхээ үүргийг ёс төртэйгөөр биелүүлэхдээ үндэсний хувцсаараа гангарч очсондоо бахархдаг.

11 

- Үндэсний хувцсаа өмсөж, өв соёлоо өвлөн уламжлах тухайд үеийн залуустаа юу гэж уриалах вэ?

- Цаг цагаар алсарч байгаа өв соёлоо улам цааш төгөлдөржүүлэн авч явахад залуус бидний хувь нэмэр их үнэ цэнтэй учраас үндэсний уламжлалт баяр ёслол, өв уламжлалдаа төвөгшөөж хандалгүй үнэт зүйлсийг нь ойлгож, хамгаалаасай гэж хүсдэг.

- Ярилцсанд баярлалаа.