Итгэл үнэмшил ба геополитик огтлол
Итгэл үнэмшил ба геополитик огтлол

FABRICE COFFRINI/AFP/

Далай ламын залгамжлалын хямрал буюу Төвөдийн ирээдүйн төлөөх дэлхийн тэмцэл

АНУ-д төвтэй Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-өөс “Итгэл үнэмшил ба геополитик огтлол” сэдэвт “Далай ламын залгамжлалын хямрал буюу Төвдийн ирээдүйн төлөөх дэлхийн тэмцэл” хэмээх дэд гарчигтай судалгааны өгүүллийг энэ сарын 9-ний өдөр цахим хуудастаа нийтэлжээ. Хэнриэтта Лэвин, Алисон Бартел нар сурвалжлан бичсэн ажээ. Хэнриэтта Лэвин тус төвийн Хятад судлалын Фрийманы тэнхимийн ахлах судлаач бол Алисон Бартелыг Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний ​​эрхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын дэд зөвлөх асан гэж танилцуулжээ.

Тухайн өгүүлэлд дурдагдсан Монгол Улс, монголчуудтай холбоотой мэдээллийг түүвэрлэн орчуулж уншигч танд хүргэж байна. Сонирхуулахад, “монгол” гэдэг үг нийт 30 удаа дурдагдсан байгаа юм.

Стратеги, олон улсын судалгааны төвийн тухай

Юуны урьд Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн тухай товчхон мэдээллийг хүргэе. АНУ-д төвтэй энэхүү байгууллага нь 1962 онд байгуулагдсан бөгөөд дэлхий дахинд тулгарч буй хамгийн том сорилтуудад бодитой шийдэл хайдаг, улс төрийн хамааралгүй, ашгийн бус, бие даасан бодлогын судалгааны төв гэж тодорхойлдог. Тус төвийг 2000 оноос хойш Жон Ж.Хамре удирдаж байгаа бөгөөд 2015 онд бизнесмен, буяны үйлстэн Томас Ж.Притцкер Удирдах зөвлөлийн даргаар томилогдож АНУ-ын Сенатын гишүүн асан Сэм Нанныг залгамжилж байсан гэдгийг танилцуулгадаа дурджээ.

Тэд өөрсдийгөө үндэсний аюулгүй байдлын ирээдүйг тодорхойлогч оюуны төв гэж тодорхойлдог. Иймдээ ч Стратеги, олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа нам бус буюу улс төрийн хамааралгүй байдал, хараат бус сэтгэлгээ, шинэлэг судалгаа, ёс зүй, мэргэжлийн ур чадвар зэрэг үнэт зүйлд тулгуурлан олон улсын харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг, технологи зэрэг салбарт бодлогын судалгаа хийж, дэлхийн шийдвэр гаргагчдад нөлөөлөхийг зорьдог гэсэн байна.

Стратеги, олон улсын судалгааны төвийн судлаачид бодлогын гүнзгий мэдлэг, олон улсын сүлжээгээ ашиглан тайлан, дүн шинжилгээ гаргаж, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, хэвлэл мэдээллээр дамжуулан үзэл бодлоо олон нийтэд хүргэдэг. Тэдний судалгаа нь зөвхөн академик хүрээнд үлдэлгүй, бодлого боловсруулагчид, нөлөө бүхий хүрээнийхний шийдвэрт шууд тусахыг зорьдгоороо онцлог гэдгээ ч өгүүллийн өмнөх танилцуулгадаа өгүүлжээ.

Судалгааны өгүүллийн товч

Төвөдийн буддын шашны дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч XIV Далай лам 2025 оны долоодугаар сарын 2-ны өдөр 90 насныхаа ойг угтахын өмнөхөн нас эцэслэснийхээ дараа ч дахин төрөх уламжлалаар Далай ламын институц үргэлжилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. 

Харин түүний энэхүү шийдвэр шашны хүрээнээс хальж, дэлхийн олон улсын харилцаанд нарийн төвөгтэй геополитикийн сорилт үүсгэхээр байна.

Далай ламын залгамжлал хэрхэн өрнөх нь зөвхөн сая сая төвөдүүдийн хувь заяанд нөлөөлөөд зогсохгүй, маргаантай Гималайн хилийн бүсүүд дэх зөрчил мөргөлдөөний эрсдэл, АНУ–БНХАУ-ын өрсөлдөөний ирээдүй болон бүс нутгийн болон олон улсын өөр хувилбар дэг журам тогтоох оролдлогоо Хятад улс амжилттай хэрэгжүүлж чадах эсэхэд ч нөлөөлөх ач холбогдолтой юм.

Бээжин Төвөдийг өөрийн “үндсэн ашиг сонирхол”-ын салшгүй хэсэг хэмээн үздэг. Төвөдүүд болон тэдний соёлыг хянах нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “үндэстний сэргэн мандалт”-ын үзэл баримтлалын гол тулгуур юм. 

Далай ламын дараагийн үеийг угтан Хятадын Коммунист нам Төвөдийн үндэсний амин чанар, шашны үнэмшлийг шахаж хавчих, шашны амьдрал болон хойд дүр тодруулах үйл явцыг намын хатуу хяналтад оруулах, улмаар Төвөдөд өндөр технологид суурилсан хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Гэсэн ч одоогоор бусад орны Засгийн газар Далай ламын залгамжлалаас үүдэх урт хугацааны, өргөн хүрээтэй үр дагаврыг хангалттай анхаарч эхлээгүй байгаа юм. Төвөдийн  асуудлыг ихэвчлэн зөвхөн хүний эрхийн хүрээнд тайлбарласнаар бодлого боловсруулагчид түүний стратегийн ач холбогдлыг дутуу үнэлэх хандлагатай байна. Харин Хятадын Засгийн газар Төвөдийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг ихэвчлэн “дотоод хэрэгт нь халдсан үйлдэл” хэмээн анхааруулж, зарим улсыг Бээжингийн байр суурийг шүүмжлэхгүй байх эсвэл уг сэдвээс бүрэн зайлсхийхэд хүргэсээр иржээ.

Харин одоо Засгийн газрууд Төвөдийн талаарх бодлогын сууриа нэн даруй дахин нягтлах шаардлагатай болж байна. Учир нь Далай ламын залгамжлал нь геополитик, эдийн засаг, байгаль орчин болон хүмүүнлэгийн олон талт сорилтыг зэрэг өдөөх магадлалтай. Бодит хяналтын шугам /Хятад-Энэтхэгийн хилийн маргаантай холбоотойгоор хоёр улсын тус бүрийн нутаг дэвсгэрийг нэгнээс нь тусгаарладаг хязгаарыг Бодит хяналтын шугам буюу Line of Actual Control гэж нэрлэдэг.орч/ дагуух хурцадмал байдал, Гималайн бүс нутаг; усны аюулгүй байдалд нөлөөлж буй эдийн засгийн албадлага, чухал ашигт малтмал болон хил дамнасан худалдаа; үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлт зэрэгтэй Хятадын дотоодод үүсэх шинэ сорилтууд огтлолцон урьдчилан тааварлашгүй үр дагавруудыг бий болгоно.

Иймийн тулд энэхүү судалгааны өгүүлэлд залгамжлалын үйл явцын үндсэн тойм, үүнд өртөх олон талт оролцогчид болон залгамжлалын хямралаас үүдэн бий болох геополитикийн эрсдэл, эмзэг цэгүүдийг тодорхойлж, эцэст нь бодлого боловсруулагчдад зориулсан зөвлөмжүүдээр төгсөж байна.

Геополитикийн оролцогч Төвөд

Төвөд түүхийнхээ ихэнх хугацаанд бие даасан улс байсаар ирсэн. Ялангуяа VII–VIII зуунд Төвөдийн нутаг дэвсгэр өнөөгийн Шиньжянд багтах Таримын хотгороос эхлэн Энэтхэгийн хойд хэсэг хүртэл өргөжин тэлж байжээ. Зарим эх сурвалжид Бенгалын булан хүрч байсан гэж дурдсан байна.

Эртний Төвөдийн хаант улс тухайн үеийн Монгол болон Хятадын эзэнт гүрнүүдтэй удаа дараа мөргөлдөж, нэгэн үед Монголын эзэнт гүрний хараат улс болж байсан түүхтэй. Мөн өөр нэг үедээ ч Хятадын Тан улсын нийслэл ЧанАнь хотыг эзэлж байсан гэдэг.

/Судалгааны өгүүллийн гуравдугаар хуудаст/

Маргаантай залгамжлалын гол тоглогчид

Далай ламын залгамжлалын асуудалд оролцож буй тоглогчдын тоо нь уг үйл явдлын өргөн хүрээ, ач холбогдлыг илэрхийлж байна.

Энэ асуудал Бээжингийн хувьд туйлын ач холбогдолтой бөгөөд Хятадын Коммунист нам дотооддоо болоод дэлхий даяар өөрийн хүссэн үр дүнг бий болгохын тулд ямар ч зардал гаргахаас буцахгүй.

Харин Энэтхэг улс өнөөдрийг хүртэл Далай лам болон олон мянган төвд дүрвэгчийг хүлээн авч ирсэн. Тиймээс Төвөдийн асуудлыг Хятадтай хийж буй ээдрээтэй харилцааныхаа хүрээнд авч үздэг бөгөөд энэ нь нэг талаас боломжит хөшүүрэг, нөгөө талаас маргаантай хил дагуух тогтворгүй байдлыг өдөөж болзошгүй эмзэг хүчин зүйл гэж хардаг. Тэр тусмаа Төвд, Энэтхэгийн хойд бүс нутагтай залгадаг маргаантай хил орчимд хурцадмал байдлын үүсвэр болж мэднэ.

Балба болон Монгол Улс бол Хятадын анхаарлын төвд зайлшгүй орно. Эдгээр орон Төвөдийн буддын шашинт хүн ам ихтэй, Төвөдтэй шашин, улс төрийн гүн гүнзгий түүхэн холбоотой. Иймээс тэд Бээжингийн зүгээс өөрийн хяналтад авсан хойд дүр тодруулах үйл явцыг хууль ёсны мэт болгон хүлээн зөвшөөрүүлэх хүчтэй дарамттай тулгарах нь гарцаагүй.

АНУ уламжлал ёсоор Төвөдийн өөртөө засах байдал болон Далай ламыг тууштай дэмжигч байсаар ирсэн ч өнөөгийн засаг захиргаа нь энэ асуудалд харьцангуй бага анхаарал хандуулж буй нь ажиглагдаж байна.

 Үүний зэрэгцээ Ази, Европын бусад олон оролцогч улс орон ч энэ асуудалд татагдан орж ирэх нь дамжиггүй.

/Судалгааны өгүүллийн долоодугаар хуудаст/

Шүгдэн урсгал

Шүгдэн урсгал гэж Дорж Шүгдэн /Долгял Шүгдэн гэж ч нэрлэдэг/-ийг шүтдэг бүлэглэлийг хэлнэ. Тус урсгал нь БНХАУ-ын Нэгдсэн фронтын хөдөлмөрийн холбооноос хүчтэй дэмжлэг авдаг гэж олон улсын ажиглагчид үздэг. Энэ урсгалынхан Монгол болон Энэтхэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн Далай ламыг хүлээн зөвшөөрдөггүй, ихэвчлэн түүний эсрэг эсэргүүцлүүдийг удирддаг.

Далай ламын залгамжлалын хувилбарт, Төвөдийн удирдлага дор хойд дүрийг тодруулах үйл явцын хууль ёсны байдлыг эргэлзээнд оруулах, сулруулах оролдлогыг Бээжин Шүгдэн урсгалыг ашиглан хийх магадлалтай юм.

/Судалгааны өгүүллийн наймдугаар хуудаст/

Энэтхэг

Соёл, шашны гүн холбоо: Энэтхэг улс Төвд болон Далай ламын институцтэй олон зууны турш үргэлжилсэн соёл, шашны гүн гүнзгий холбоотой. Шинэ Дели хотод төвтэй Олон улсын Буддистуудын /International Buddhist Confederation/ нь янз бүрийн урсгал, уламжлалын буддын удирдагчдыг оролцуулсан үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг бөгөөд тэдгээрт Далай лам ч оролцдог.

Сүүлийн үед тус холбоо нь Энэтхэгийн Соёлын яам болон Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр буддын шашны ариун шүтээн, дурсгалын үзэсгэлэнг Монгол, Тайланд, Вьетнам болон ОХУ-ын Халимаг улсад зохион байгуулсан.

/Судалгааны өгүүллийн 10 дугаар хуудаст/

Монгол Улс

Монгол Улс тусгаар тогтносон, үндэстний амин чанар, үүний нэг чухал хэсэг болсон Бурхны шашныг хадгалан үлдэхийг эрмэлзэхийн зэрэгцээ Бээжин, Москвагаас ихээхэн хамааралтай нөхцөл байдалд тэнцвэртэй хандахыг зорьж байна.

АНУ “гуравдагч хөрш” нь байхыг зорьж ирсэн ч Хятад, Оросын дунд хавчигдан оршдог далайд гарцгүй Монгол орны бодлого зайлшгүй хязгаарлалтад өртдөг.

Дарамт шахалтад орсон гүн холбоо

Монгол, Төвөдийн буддын шашны харилцаа холбоо олон зууны турш үргэлжилж байна. Энэ нь Монголын хаад болон урд өмнөх Далай лам нарын хооронд тогтсон priest-patron /Монголын хаан болон Далай лам харилцан бие биедээ цол өргөмжлөх үйлдэл. орч/ харилцаанаас эхлэлтэй. Үнэндээ, XVII зуунд Чин гүрний үед гаргасан зарлигаар Монгол дахь Төвөдийн буддын шашны Гэлүг /гэлүгва – шарын шашин.орч/ урсгалын тэргүүн Богд Жавзандамбын хойд дүрийг заавал Төвөдөөс тодруулах ёстой хэмээн заасан байдаг.

Гэвч орчин үеийн Монгол дахь буддын шашны чиг хандлага БНХАУ-ын Коммунист намын бодлоготой зөрчилдөх тохиолдолд Монгол Улс дарамт шахалтад өртөх эмзэг байдалтай болдог.

Тухайлбал, 2016 онд Далай лам Монгол Улсад айлчилсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч хилийн хязгаарлалт, тариф, дамжин өнгөрөх тээврийн хураамж ногдуулах болон хоёр талын дипломат харилцааг царцаах зэрэг хатуу алхам хийсэн. Ингээд зөвхөн Монголын тал уучлал илэрхийлж, Далай лам дахин айлчлахгүй гэдгийг мэдэгдсэний дараа л эдгээр шийтгэлийн арга хэмжээг цуцалсан юм.

Аравдугаар Богд Жавзандамба

2023 онд, Далай лам сүүлийн 300 жилийн хугацаанд анх удаа Монгол Улсаас тодорсон шинэ Богд Жавзандамбыг олон нийтэд танилцуулснаар дахин хурцадмал байдал үүсэв. 10 настай X Богд Жавзандамба Монгол–АНУ-ын давхар иргэншилтэй, А.Алтаннар /Аравдугаар Богд Жавзандамба хутагтын аавын нэр Ч.Алтаннар. орч/ хэмээх нэртэй.

Түүний гэр бүл монголын нэгэн томоохон уул уурхайн Монполимет группийг эзэмшдэг нь асуудлыг улам хүндрүүлж байна. Бээжингийн зүгээс хүүг Далай ламтай ойр харилцаа тогтоохоос сэргийлэхийн тулд монголын Засгийн газарт хүчтэй дарамт үзүүлж ирсэн.

Далай лам хүүгийн шашны боловсролд нөлөөлбөл Монголын буддын шашны ирээдүйд Төвөдийн нөлөө нэмэгдэж улмаар Бээжингийн Монгол Улс дахь байр суурийг сулруулаад зогсохгүй Хятадын коммунист намын дэлхий даяар Буддын шашинд нөлөөлөх хүчин чармайлтыг хүндрүүлж болзошгүй гэж тэд байж байна. Мөн Аравдугаар Богдын АНУ-ын иргэншил нь Монгол Улс дахь АНУ-ын оролцооны нэмэлт хурдасгуур болж болзошгүй гэж Бээжин болгоомжилж байж магадгүй юм.

Хятадын дарамт шахалтад буулт хийж, Монголын эрх баригчид Аравдугаар Богдын гэр бүлийн орон байранд дайран орж, гэр бүлийнх нь уул уурхайн компанийг онилон авлигын мөрдөн байцаалт эхлүүлж, банкны данснуудыг нь царцаажээ.

/Судалгааны өгүүллийн 12 дугаар хуудаст/

Геополитикийн хурцадмал цэгүүд ба бодлогын хоёрдмол байдлууд

Бээжин өөрийн бодлогын тэргүүлэх зорилтууд, ялангуяа “үндсэн ашиг сонирхол” хэмээн тодорхойлсон асуудлууд дээр олон улсын хэмжээнд хүлцэнгүй байдал бий болгохын тулд эдийн засгийн дарамт шахалт ба татан оролцуулах аргыг хослуулан ашиглахдаа тун гаршсан. Судалгаанаас үзвэл, Хятад улс хөрш орнууд руу чиглэсэн эдийн засгийн албадлагынхаа ойролцоогоор 42 хувийг Тайвань, Хонконг, Төвд, Шиньжянд хэрэгжүүлсэн байдаг.

2016 онд Далай лам Монгол Улсад айлчилсны дараа Бээжин эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь ийм бодлогын сонгодог жишээ юм.

/Судалгааны өгүүллийн 21 дугаар хуудаст/

Гадаадын оролцоо, үндэстэн дамнасан дарангуйлал, бүрэн эрхэд халдсан үйлдлүүд огцом нэмэгдэх нь

Далай ламын хойд дүр тодруулах үйл явц өрнөх үед Бээжин дэлхий даяарх Засгийн газрууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, компаниуд, тархан суурьшигчдын нийгэмлэгүүд, үзэл бодлын манлайлагчдын олон нийтийн байр суурийг хянах, чиглүүлэх оролдлогоо эрчимжүүлэх төлөвтэй байна.

Ялангуяа Балба, Монгол шиг Далай ламд сүсэглэдэг нийгэмлэгүүдтэй атлаа Хятадтай эдийн засаг, улс төрийн нягт хамааралтай орнууд Бээжингээс тэдгээрийн дуу хоолойг ямар ч үнээр хамаагүй чимээгүй болгох дарамт шахалттай тулгарна.

/Судалгааны өгүүллийн 21 дугаар хуудаст/

Бодлогын зөвлөмжүүд

Далай ламын залгамжлалын асуудлыг онцгойлон гаргаж, олон талт бодлогын уялдаа холбоог хангах шаардлагатай.

АНУ болон түүнтэй адилтгах хэмжээний бодлогын чиг баримжаатай улс орнуудын Засгийн газрууд гадаад албаны офицерууд, ялангуяа Хятад, Энэтхэг, Балба болон Монгол Улсад ажиллаж буй дипломатууд болон хятадын нөхцөл байдлыг судалдаг “China watcher” албан тушаалтнуудад Төвд ба Далай ламын институцийн талаарх сургалтад хамруулахыг шаардвал зохино.

/Судалгааны өгүүллийн 23 дугаар хуудаст/

Бээжингээс ирэх дарамт шахалт, гадаад оролцоонд тэсвэртэй эдийн засаг, нийгмийн уян хатан байдлыг бэхжүүлэх

Засгийн газрууд Хятадаас ивээн тэтгэсэн гадаадын, хөндлөнгийн оролцооны довтолгоонд бэлтгэж Бээжин ардчилсан улс төрд ялангуяа орон нутгийн түвшинд нөлөөлөх оролдлогоос урьдчилан сэргийлэх, Төвөдийн тархан суурьшигчдын нийгэмлэгүүдийн аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан дарангуйлал, хэлмэгдүүлэлтийг илүү өргөн хүрээнд эсэргүүцэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

Энэ нь АНУ, Энэтхэг, Балба, Монгол болон бусад томоохон төвд нийгэмлэг бүхий /буддын шашинтай орнууд. орч/ оронд  онцгой чухал арга хэмжээ байх болно.

/Судалгааны өгүүллийн 24 дугаар хуудаст/

Эх сурвалж: www.csis.org