5 Цагийн өмнө.
Цаас “амилав”
Цаас “амилав”

Залуу уран бүтээлч Т.Эрдэнэ-Очирын анхны бие даасан уран хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2026.01.16/ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

erdeneochir_uzesgelen  “Амь цаас” үзэсгэлэнгийн нээлт боллоо. 

Уран бүтээлч бүтээл бүрээ “амьтай”, өөрийн зан чанар, утга санааг илэрхийлдэг хэмээн тодорхойлж “Амь цаас” хэмээн нэрлэжээ. Тэрбээр үзэсгэлэнгээс “Сүүлчийн нүүдэлчид-2” бүтээлээрээ орчин үеийн хотын амьдралд автомашин хэт давамгайлж, хүн байгаль хоёрын харилцаа алдагдаж буйг илэрхийлэхийг зорьсноо онцоллоо. Мөн өнөөдөр цөөн уран бүтээлчийн сонирхлоор хөгжиж буй цаасан урлаг, уран хайчилбарын төрлийг илүү уран сайхны өндөр түвшинд хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ.

erdeneochir_eeej       “Амь цаас” үзэсгэлэнгийн нээлт боллоо. 

Т.Эрдэнэ-Очир дунд ангиасаа цаасан хайчилбар хийж эхэлсэн нь архитектур мэргэжил сонгоход нь чухал нөлөө үзүүлжээ. 

Түүний ээж Д.Эрдэнэчимэг “Манай хүү бага байхаасаа л зурах сонирхолтой байсан. Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаад нь бид баяртай байна. Хүүгийнхээ сонирхлыг үргэлж дэмжиж ирсэн, цаашид ч дэмжинэ” гэв.

Цаасан хайчилбарын уламжлалт арга барилыг орчин үеийн сэдэв, шинэ илэрхийлэлтэй хослуулсан “Амь цаас” үзэсгэлэн энэ сарыг 25-ыг хүртэл нийтийн хүртээл болно.  

М.Солонго