Солонгост визийн ангиллаа өөрчлүүлэх хүсэлтэй монгол хүмүүс залилуулжээ
Солонгост визийн ангиллаа өөрчлүүлэх хүсэлтэй монгол хүмүүс залилуулжээ

БНСУ-ын “Incheon Ilbo” сонинд монгол болон солонгос иргэд холбогдсон, хохирсон нэгэн залилах гэмт хэргийн тухай мэдээлжээ. Тодруулбал, БНСУ-д буй Монгол Улсын 32 иргэнд “Ажлын байр хайх боломжтой D-10 виз өгнө” гэж худал амлан тэднээс их хэмжээний мөнгө авсан хэрэг гарсныг тус сонинд өчигдөр /2025.01.15/ нийтэлсэн байна.

Солонгосын иргэн 45 настай А, монголын иргэн 41 настай B, 31 настай C нар хамтран цахим сүлжээгээр эл улсад удаан хугацаанд амьдрах хүсэлтэй монголчуудыг онилон гэмт хэрэг үйлдсэн гэдгийг Янжү хотын Цагаачлалын албанаас мэдээлжээ. Сэжигтнүүд бүх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, гарааны бизнесийн (D-10-2) визтэй болгож өгнө гэж хохирогчдыг залилсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Шалгалтаар солонгос иргэн А нэг хохирогчоос 4-6 сая вон буюу ойролцоогоор 9-14 сая төгрөг авсан бол монгол иргэд зуучилсан хөлснийхөө 30-40 хувийг шимтгэл болгон авч байсныг ил болгожээ. Цагаачлалын албаны ажилтан “Технологийн гарааны бизнесийн виз нь жинхэнэ чадвартай хүмүүсийг татах зорилготой байдаг. Виз хууль бусаар өөрчлөхийг завдсан энэхүү үйлдлийг хатуу шалгаж, арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Incheon Ilbo

М.Солонго