П.Эрдэнэтуяа: Гадаад иргэдээс монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч байна
П.Эрдэнэтуяа: Гадаад иргэдээс монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч байна
Ач холбогдол гэвэл бид эх хэлээрээ гадаад хүмүүсээс түвшин тогтоох шалгалт авдаг олон улсын жишиг шалгалтыг хараахан хийж амжаагүй байсныг хийж, агуулга болон тестийн сангаа боловсруулчихлаа. Үүгээрээ Монгол Улсад ажиллах, хөдөлмөрлөх, сурч боловсрох хүсэл сонирхолтой гадаад иргэний монгол хэлний түвшнийг тогтоож эхэлсэн.

МУБИС-иас Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх зорилготой гадаад иргэд болон монгол хэлийг хоёрдогч хэлээр сурч буй, хилийн чанадад оршин суудаг монгол иргэдийн хэлний мэдлэгийн түвшин тогтоох цаашлаад олон улсад монгол хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор монгол хэлний түвшин тогтоох шалгалт ToPMON (Test of Proficiency in Mongolian)-ыг боловсруулсан. Улмаар уг шалгалтын анхан, дунд, дээд шатны агуулгыг багтаасан гурван цуврал номыг эрхлэн гаргасан юм. Энэ тухай МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, дэд профессор П.Эрдэнэтуяагаас тодрууллаа. 

- Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажил хэзээнээс эхэлсэн юм бэ? 

- Анх боловсруулах үндэслэл 2019 оноос эхэлсэн юм. Тухайн үеийн БСШУ-ны сайдын тушаалын дагуу гүйцэтгэж эхэлсэн. МУБИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгчийн хамтарсан шийдвэрээр “Гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлын хэсэг” байгуулсан юм. Энэ хүрээнд бид гадаад хүмүүсээс авах монгол хэлний түвшин тогтоох сорил ямар агуулга, нэршилтэй, хэдэн түвшинтэй байх тухай зэрэг зүйлийг боловсруулсан. Анхан, дунд, дээд гэсэн гурван шаттай, анхан шат нэг, хоёрдугаар түвшинтэй, дунд шат гурав, дөрөвдүгээр түвшинтэй, дээд шат тав, зургаадугаар түвшинтэй байх агуулгыг боловсруулж, Монгол хэлний түвшин тогтоох сорил буюу ToPMON (Test of Proficiency in Mongolian) гэж нэрлэсэн. Төсөл хэрэгжиж дууссан. 

- Тэгэхээр уг төслийн дараа МУБИС-иас Монгол хэлний түвшин тогтоох шалгалтад үргэлжлүүлэн анхаарал хандуулснын үр дүнд өнгөрсөн долоо хоногт нийтэд танилцуулсан гурван цуврал ном гарч байна гэсэн үг үү? 

- Үүний дараа 2020 оноос эхлээд манай МУБИС дотоодын захиалгат төслөөр анхан, дунд, дээд шатны сорил боловсруулж эхэлсэн. Ингээд 2020-2021 оны хичээлийн жилд анхан шатны сорил боловсруулах төсөл хэрэгжсэн юм. Энэ төслийн хүрээнд анхан шатны агуулгыг хэлний хэрэглээтэй холбоод унших, сонсох, ярих, бичих гэсэн дөрвөн чадварт суурилж анхан шатны 1200 тестийг боловсруулж гаргасан. Улмаар 2021-2022 оны хичээлийн жил дунд шатны, өнгөрөгч онд дээд шатны тестийг боловсрууллаа. Нийт гурван шатны 3600 дата сорилын сан үүссэн. 

Ач холбогдол гэвэл бид эх хэлээрээ гадаад хүмүүсээс түвшин тогтоох шалгалт авдаг олон улсын жишиг шалгалтыг хараахан хийж амжаагүй байсныг хийж, агуулга болон тестийн сангаа боловсруулчихлаа. Үүгээрээ Монгол Улсад ажиллах, хөдөлмөрлөх, сурч боловсрох хүсэл сонирхолтой гадаад иргэний монгол хэлний түвшнийг тогтоож эхэлсэн. Сүүлийн жилүүдэд монголчууд гадаад улсад урт удаан хугацаагаар амьдарч, үр хүүхэд нь тэндээ өсөж торних нь нэмэгдэж байна. Тиймээс монгол хэлийг хоёрдогч хэлээр суралцаж байгаа хүмүүсийн мэдлэг чадварыг тогтоох зорилгоор боловсруулсан. Нөгөө талаар мэдээж эх хэл, соёлоо олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулсан. Манай сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш нарын хамтын бүтээл. 

- Та бүхэн боловсруулсан сорилынхоо дагуу гадаад хүмүүсээс монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч байгаа гэж ойлголоо. 

- Ямар ч байсан манай МУБИС 2021 оноос энэ тестийнхээ агуулгаар албан ёсны шалгалтаа авч эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 1400 орчим гадаад хүний монгол хэлний түвшнийг тогтоогоод байна. МУБИС-д магистр, докторын түвшинд элсэхийг хүссэн гадаад оюутнуудын монгол хэлний мэдлэг, чадварын түвшнийг тогтоодог. Ер нь дунд шатны гуравдугаар түвшнийг хангасан тохиолдолд манай оронд ажиллах, сурах эрх бүрдэнэ. Дөрөвдүгээр түвшнийг хангаж байж магистр, докторт суралцах эрхтэй болно. Манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүмүүсээс гадна Монгол Улсад ямар нэгэн байгууллагад ажиллах зорилготой гадаад хүмүүс ирж шалгалт өгч түвшнээ тодорхойлуулаад албан ёсны сертификат авдаг.

- Өмнө ярих, сонсох, унших, бичих дөрвөн ур чадвар, мэдлэгийг сорьсон тест гэж ярьсан. Шалгалтыг ямар хэлбэрээр авдаг вэ?  

- Тестийн агуулгыг боловсруулахдаа бид олон улсын аргачлал, ерөнхий зарчим, туршлага зэргийг харж, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж гүйцэтгэсэн. Америк, япон, солонгос, хятад дөрвөн улсын аргачлалыг илүү тусгаж авч үзсэн. Мэдээж аль нэг улсынхыг нь шууд авахгүй. Монгол хэлнийхээ онцлогтой уялдуулж үзнэ. Шалгуулагч өөрийн түвшнийг сонгож шалгалт өгнө. 

Нэг удаагийн шалгалт өгөхөд 400 онооны 120 тестийг 180 минутын хугацаанд хийх ёстой. Гэхдээ шалгалт үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт үгийн сан, хэл зүйн мэдлэг, бичих чадварын 60 тест, хоёрдугаар хэсэгт унших, сонсох, ярих чадварын 60 тестийг лингафоны танхимд өгнө. 

- Үнэлгээний хувьд ямар байдаг вэ?

- Дунд шатны түвшин тогтоох шалгалт өгч буй шалгуулагчийн жишээн дээр авч үзье. Тухайн шалгуулагч нийт 400 онооны тест өгнө. Нэгдүгээр хэсэг буюу үгийн сан, хэл зүй, бичих чадварын 60 тест 200 оноо болох бөгөөд үнэлгээг нь 100 хувь гэж авч үзвэл 51-ээс дээш оноо авсан тохиолдолд шалгуулагч дунд шатны гуравдугаар түвшин хангаж байна гэсэн үг. Харин 71-ээс дээш оноо авсан бол дөрөвдүгээр түвшний гэрчилгээ авах нь. Хоёрдугаар хэсгийнх мөн адилхан. Шат, түвшин болгондоо ингэж зааж өгсөн. Шатлал болгон хоёр түвшинтэй учир оноогоор ингэж зааглаж өгсөн. 

- Дунд шатны гуравдугаар түвшин хангасан бол ажиллах, сурах боломж нээгдэх тухай дээр өгүүлсэн. Тэгвэл шалгалтын агуулгууд ямархуу байна вэ? 

- Агуулга бол маш өргөн хүрээний асуудал шүү дээ. Олон улсын үндсэн жишиг байгаа, нөгөө талдаа танин мэдэхүйн түвшин харгалзан үзнэ. Маш товчхон ярья. Жишээлбэл, анхан шатанд тухайн гадаад хүн ямар ойлголтыг авах вэ гэдгийг нөгөө дөрвөн чадвар тус бүрээр нарийвчлан авч үздэг. Ерөнхий хэмжүүрийг хэлбэл өөрийгөө болон гэр бүл, цаг агаар гэх мэтчилэн өдөр тутмын энгийн харилцааны үг хэллэгээр чөлөөтэй ярьдаг байх. Энгийн тоочиж бичсэн өгүүлбэр, эхийн гол санааг ойлгодог байх гэх мэт. Бид анхан шатанд мэдвэл зохих монгол хэлний 1500-2000 идэвхтэй суурь үгийн жагсаалтыг гаргасан. Мэдээж эдгээр үгийг бичвэрийн хүрээнд чөлөөтэй хэрэглэдэг байх шаардлагатай.  

Дунд шатанд олон талт нийгмийн үйл ажиллагааны бүх төрлийн үг хэллэгийг бүрэн дүүрэн ойлгодог байх, 4000-аас доошгүй үгийг аль ч хэрэглээний түвшинд хэрэглэдэг байх. Монгол хэлний үндэсний онцлог шинжийг хамгийн их илэрхийлж байдаг өргөн хүрээний зүйр цэцэн үг, хэлц хэллэгийг чөлөөтэй ашигладаг байх ерөнхий хэмжүүр тавьдаг. Хэл зүйн дүрмийн мэдлэг дээр хамгийн түгээмэл, гол хэрэглээний дүрэм дунд шатанд бүрэн орж ирнэ. 

Дээд шатанд бол нийгмийн болон шинжлэх ухааны аль ч төрлийн бичвэрийг чөлөөтэй уншиж, ойлгож, ярьдаг байх. Мэдэх ёстой үгийн тоонд хязгаар заахгүй. Гүн гүнзгий утга агуулсан хэлц хэллэгийг хэрэглэх зэрэг жишиг хэмжүүр тавьж өгсөн. 

- Энэ хугацаанд цөөнгүй хүнээс шалгалт авчээ. Давтамж нь ямар байдаг вэ?

- МУБИС-ийнхаа хэмжээнд улирал бүрд авдаг. Мөн энэ үеэр монгол хэлний мэдлэгийн түвшнээ тогтоолгох хүсэлтэй гадаад хүмүүс шалгалт өгдөг. Шалгуулагчдын олонх нь дунд шатны шалгалт өгч байна. 

- Та олон гадаад оюутанд монгол хэл зааж, тэдэнтэй харилцдаг. Гадаад хүмүүст монгол хэл сурах хэр хэцүү байдаг юм бол?

- Би дүгнэж хэлэхэд хэцүү л дээ. Аливаа гадаад хэлийг сурна гэдэг бол хувь хүний өөрийнх нь хүчин зүтгэлээс хамгийн их шалтгаалдаг. Нөгөө талдаа хэлний онцлог, хэл зүйн бүтцийн тодорхой хэмжээнд харгалзах зүйлүүд бас байна. Гэхдээ л суралцагчийн идэвх зүтгэлээс л хамаарна. Манай монгол хэл сурахад хэцүү төрлийн хэлд орохгүй л гэж хэлнэ. 

Ярилцсанд баярлалаа.