10 Цагийн өмнө.
Үндсэн хуулийн 34 жил – таван баримт
Үндсэн хуулийн 34 жил – таван баримт

Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.

Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийн өдөр тохиож байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлаар зургаан бүлэг, 70 зүйлтэй Үндсэн хуулиа баталж байжээ. Бичмэл Үндсэн хуультай 100 гаруй улс орон дэлхий дээр буйн нэг нь Монгол Улс юм. Аливаа улс орны Үндсэн хууль бол ард түмэн төртэйгөө, төр иргэдтэйгээ зохирон оршихын тухай хамгийн дээд баримт бичиг гэж хэлж болно.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь хамгийн ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн баримт бичиг гэж судлаачид үнэлдэг. Хуульч, судлаачдын тодорхойлдог онцлог, давуу талаас таван баримтыг тоймлон хүргэж байна.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөний тухай бөгөөд ийнхүү хүний эрхийг Үндсэн хуулийн төвд тавьж тодорхойлсон. Хүний амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, шударгаар шүүлгэх эрх гээд орчин үеийн ардчилсан улсын бүх үндсэн эрхийг багтаасан юм.
  1. Монгол Улсад төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг заалтаар ард түмний засаглах эрхийг тодорхой баталгаажуулсан байдаг.
  1. Эрх мэдлийн хуваарилалт тодорхой болгож зохион байгуулжээ. Ингэхдээ УИХ-ыг хууль тогтоох, Засгийн газрыг гүйцэтгэх гэж тодорхойлсноос гадна Шүүх эрх мэдлийг тусад нь зааглаж, харилцан хяналттай байхаар зохицуулсан. Энэ нь байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалтыг тэгш түвшинд барьдаг чухал механизм юм.
  1. Шүүх засаглал бусад эрх мэдлээс хараат бус байна хэмээн шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хуулиар хамгаалсан.
  1. Үндэстнийхээ уламжлалт соёл, үндэсний онцлогийг орчин үеийн ардчилалтай хослуулсан байдаг. Үндэсний тусгаар тогтнол, Газар нутгийн бүрэн бүтэн байдал, Соёл, уламжлалаа дээдлэх үзлийг ардчилал, хүний эрхийн зарчимтай уялдуулан бичжээ.

Монгол Улсын Үндсэн хууль бол иргэн, төрийн харилцааг зохицуулагч, хүний эрхийг хамгаалагч, эрх мэдлийг хуулийн хүрээнд барьж ардчиллын суурийг тогтоогч хамгийн үнэ цэнтэй “амьд” баримт бичиг юм.