Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар
Хөвсгөл аймаг 2025 онд 45,6 тэрбум төгрөгийг өөрөө босгож бүтээн байгуулалт өрнүүлжээ. 2026 онд энэ хөрөнгө оруулалтыг 70 шахам хувиар нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Зах зээлийн нийгэмд шилжснээс хойших 35 жилд Хөвсгөл аймаг өөрөө мөнгөө босгож ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Миний хувьд орон нутгийн есөн удаагийн сонгуульд өрсөлдөж 8 удаа аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, найман удаа Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан хүн. Тиймээс ч Хөвсгөл аймгийн ажил төрөл, орлого зарлагыг мэддэг хүний нэг гэж би өөрийгөө ойлгодог” гэлээ. Түүнтэй Хөвсгөл аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг тодруулж ярилцлаа.
- Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж энэ чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлсэн. Чухам яаж сайжруулж, иргэд, айл өрхөө дэмжиж байна вэ?
- Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дөрвөн үндсэн зорилттой. 2025 онд 336 ажил хийхээр төлөвлөсөн. Ер нь аймагт улсын төсөв, гадаадын зээл тусламжаар л барилга байшин барьдаг. УИХ-ын гишүүн нь “би улсын төсөвт тавиулсан, аймгийн Засаг дарга нь би бас хөөцөлдсөн” гээд, барилга байшин ашиглалтад ороход гурав дөрвүүлээ цагаан бээлий өмсөөд гарах жишээтэй. Манай Хөвсгөл аймгийн хувьд энэ дөрвөн жилд ийм асуудал байхгүй. Энэ хугацаанд бид 208.5 тэрбум төгрөгийг өөрөө босгож бүтээн байгуулалт хийхээр зорьж байна.
2025 онд 52,5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг Хөвсгөл аймаг өөрөө босгож хийж чадлаа. 2020-2024 онд, дөрвөн жилд Хөвсгөл аймгийн орон нутгийн орлого, өөрийн хөрөнгөөр босгож хийсэн ажил 45.6 тэрбум төгрөг. Үүнд ковидын нөлөө байсан байх. Тэгвэл өнгөрсөн 2025 онд, ганц жилд бид 45,6 тэрбум төгрөгийн ажил хийгээд байна. Тодорхой хөрөнгө оруулалт босгож бүтээн байгуулалтуудыг хийсэндээ сэтгэл хангалуун байна.
Тухайлбал Мөрөн суманд 2025 онд 10,8 км автозам барьсан нь 2025 оны аймгийн Засаг даргаас зарласан “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн том ажил гэж бодож байна. Дараа нь 2299 айлын янданг буулгах боломж бололцоог бүрдүүллээ. Энэ хэмжээгээр агаарын бохирдол буурна. Өнөөдөр Мөрөн суманд 10258 яндантай айл бий. Бид өнгөрсөн онд зохион байгуулалтын ажлуудаа хийсэн. Энэ 2026 оноос ерөнхийд нь айл өрхүүдээ дулаанд холбоно. Энэ бол эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой ажил. Тухайлбал 25 сая төгрөгөөр үнэлэгддэг хашаа байшин 50 сая төгрөг болж байна. 8м2 байшинтай айл гурван машин мод 2.2 сая төгрөгөөр авч хэрэглэдэг байсан бол дулаанд холбогдохоор 616 мянган төгрөг зарцуулж байх жишээтэй. 1.6 сая төгрөг иргэн Доржид үлдэх юм.
- Хашаандаа тарьж ургуулсан модных нь тоогоор мөнгөн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. Хэрэгжилт ямар байна вэ?
- Хөвсгөл аймгийн төвийг ногоон Мөрөн болгох талаар олон жил ярьсан. Одоо энэ зорилтын хүрээнд тодорхой талбайд модоо тарьж, 100 хувь ургуулна. Мөрөнгийн зүүн талд Улаанбаатар луу гарах замын хажуугаар 5,5 км хашаа барьж 5200 ширхэг мод тарьлаа. Хаврын ургалт 95.8 хувьтай байсан. Өнгөрсөн намар ургаагүйгээ нөхөж суулгаад ургалтаа 100 хувь болголоо. Хоёр жилийн дараа мод өөрөө ургаад ирэх үед хашааг нь өөр газарт мод
тарихдаа ашиглана.
Тэгэхээр Засаг даргын зүгээс айл болгон хашаандаа мод таръя, 10 модны 5 нь жимсний, 5 нь агаарын бохирдол, тоос шороог бууруулах мод байя гээд журам батласан. Мөрөн сумын хэмжээнд 2025 оны хавар 900 гаруй өрх мод тарьсан. Ажил хариуцсан комисс айлын хашаа болгоноор явж баталгаажуулсан. Намар ургаад ирэхээр нь аймаг нэг модыг 50.000 төгрөгөөр үнэлж иргэдээсээ авна.
Ингэж 100 хувь хөрсөнд ургуулсан, өөрсдөө тарьсан жимс жимсгэнээ хэрэглээд зогсохгүй өрөөлийн хэрэгцээг хангахаар төлөвлөсөн. Мөрөн сумыг нарийн ногоогоор хангах зорилгоор 1000-1200 хүлэмжийг энэ 2026 онд иргэддээ өгөх юм. Тухайлбал иргэн Доржтой Мөрөн сумын Засаг даргын тамгын газар гэрээ хийж, сургалтуудаа зохион байгуулна. 2025 онд 480-аад ширхэг хүлэмж өгсөн. Яриад л байдаг, үр дүн байдаггүй энэ байдлыг өөрчилнө. Энэ ажил дээр иргэдийн сонирхлын бүлгээр байгуулагдсан ТББ олон нийтийн байгууллагын хүмүүсийг хөхүлэн дэмжиж хамтран ажиллаж байна. Ахмадуудын бүлэг мод тарилтад маш сайн ажилласан.
“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн бас нэг том ажил нь энэ юм. 1952 оноос хойш Мөрөн сумын Элстийн ард төвлөрсөн хогийн цэгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа нэг хумисан. Урд талаас салхилахаар Мөрөнгийн төв, 13 дугаар хороо хүн амьдрах аргагүй битүү утаанд булуулдаг байсан. Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр 890 орчим сая төгрөгийн тендэр зарлаж зохих стандартын дагуу ажиллаж, өнгөрсөн 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өглөө. Ингэж хогийн цэгээс нэг ч утаа гарахааргүй нам дарж чадлаа. Мөн бохирын үнэрийн аюулыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч тодорхой хэмжээнд бууруулж чадсан. Эрүүл мэндийн байгууллагын тохижилт, тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулж 2025 онд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нэгдсэн эмнэлэг ч гаднаа 128 машины зогсоолтой боллоо.
- Хамгийн их татаастай аймаг 2025 онд орлогоо хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татаж байна?
- Хөвсгөл аймаг хамгийн их татаастай аймаг. 2026 онд 40,8 тэрбум төгрөгийн татаас авах байсныг УИХ-аас 4 тэрбум төгрөг хасч 36,8 тэрбум болгож бууруулсан. Хөвсгөл аймаг 2026 онд зарцуулах 100 төгрөг тутмынхаа 50,8 төгрөгийг өөрөө олох юм. Бид чамлахаар чанга атгах ёстой байх. Эдийн засгийн орлого талаас нь харвал манай аймгийн орлого хэврэг л дээ. Цалин түүнтэй адилтгах орлого 40 гаруй хувийг эзэлдэг. Уул уурхай хөгжсөн аймгуудтай харьцуулахад эдийн засгийн бяр тэнхээний хувьд харьцангуй их муу. Том үйлдвэр, уурхайгүй аймаг.

Зарим иргэд, улс төрийн намын нөхдүүд 2024 онд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарт орон нутгийн орлогоос 50 тэрбум төгрөгийг давуулж өгсөн. Тэр хөрөнгөөр туйлж байна гээд байсан. Тийм биш юм аа. Хөвсгөл аймаг 21,2 тэрбум төгрөгийн давсан орлоготой. Үүний 11 тэрбум төгрөг нь самрын орлого. Сайдын журмын дагуу 50 хувь нь Байгаль Орчин, Уур Амьсгалын Санд орох журамтай.
Өмнөх дөрвөн жилд нийт 46,5 тэрбум төгрөгний хөрөнгө босгож, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байдаг. Тэгвэл 2025 онд, ганц жилд 52,5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг аймаг өөрийн хөрөнгөөр хийлээ.
- Улсын төсвөөс хасагдаад байсан зам гүүрний барилгын төсвийг орон нутаг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
- Орон нутгаас зургийн санд 2,2 тэрбум төгрөг хуваарилсан. Өмнө нь улсын төсвөөс хасагдаад байсан дархадын гурван сумын голын гүүрний зургийн ажлыг орон нутгаас 250 сая төгрөгөөр, Бэлтэсийн голын төмөр бетон гүүрний зургийг 280 сая төгрөгөөр, мөн Рашаант сумын Цэнгэлийн голын бетонон гүүрний зураг төслийг ч бас хийлгэлээ. Хөвсгөл аймаг өөрөө орлогоо олж байгаа учраас зам гүүрээр зогсохгүй нэн шаардлагатай бүтээн байгуулалтын томоохон зураг төсвийг ч хийлгэж байна.
Тухайлбал Зүүн Мөрөн хороололд Азийн хөгжлийн банкны шугамаар 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төслийг хийлгэж байгаа. Ингэснээрээ олон улсын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.
2025 оны зорилтыг бүхэлд нь дүгнэвэл төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, гадны байгууллагатай хамтран ажиллах, хөрөнгө босгох зэргээр бүх салбарт ажил өрнөсөн жил байлаа. Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш 35 жилийн хугацаанд Хөвсгөл аймаг өөрөө мөнгөө босгож ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй юм. Миний хувьд орон нутгийн есөн удаагийн сонгуульд өрсөлдөж 8 удаа АИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, найман удаа Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан хүн. Тиймээс ч Хөвсгөл аймгийн ажил төрөл, орлого зарлагыг мэддэг хүний нэг гэж би өөрийгөө ойлгодог.
- 2026 онд Хөвсгөл аймгийн хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэж, бүтээн байгуулалтыг өрнүүлэх вэ? Гол хөрөнгө оруулалт аль салбарт илүү төвлөрөх бол?
2026 онд Хөвсгөл аймаг дөрвөн зүйл дээр онцгой анхаарна. Спорт, урлаг, гар урлалын томоохон үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 332,5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын 58 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна Хөвсгөл аймаг өөрөө яах вэ гэдэг нь гол. Миний хувьд сумдын Засаг дарга, удирдлагуудад хандаж “Та нар санаачил, хий. Хийж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өг” гэдэг. Миний зарчим бол энэ.
2026 онд Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр 14 мегаваттын дулааны станц барих гэж байна. 25 тэрбум төгрөг болж байгаа. Улсын төсвөөр Дулаан цахилгааны станцыг 19,8 тэрбум төгрөгөөр өргөтгөж байна.
Зүүн мөрөнгийн 77 га газарт 235 барилга, орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Хамгийн гол нь дулааны асуудал хүнд. Үүнийг шийдэхээр Хөвсгөл аймаг мөн өөрийн хөрөнгөөр зураг төслийг хийлгээд энэ нэгдүгээр сард тендэр зарлана. 11 орчим тэрбум төгрөг орон нутгийн төсвөөс хуваарилсан. Ингэж том амбиц гаргаж байж л бид асуудлыг шийдэх юм байна.
Дулааны станцыг 2027 оны 10-р сарын 01 гэхэд ашиглалтад өгөх зорилго тавьж байна. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Ингэснээр суурьшлийн бүс өргөжиж тэлэх, айлууд дулаанд холбогдох нөхцөл боломж бүрдэж, улмаар агаарын бохирдол буурна. Дараа нь бид 35 кВ, мөн 10 кВ-ын дэд станцын өргөтгөлийг хийнэ. Орон нутаг 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж, 4000 айлын янданг буулгах боломжийг бүрдүүлнэ. Энэ бол том бүтээн байгуулалт болно. Таван суманд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэгдсэн уурын зуух барина.
Дээр нь Мөрөн суманд дөрвөн замын уулзвар байгуулна. Гол төв замыг дөрвөн эгнээ болгоно.Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд нэмж 3000 айлд тоног төхөөрөмж, 1000-1200 өрхөд хүлэмж өгнө.
- Хөвсгөлд аймагт тулгамдсан олон асуудал бий байх. Үүний нэг нь аймгийн төвийн суурьшлийн бүс, айлуудын газар өмчлөлийн асуудал гэх юм билээ. Үүн дээр хэрхэн ахиц гарах бол?
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга дээр 0,07 газар хүссэн 1900 айлын, Түнхэл сумын Засаг дарга дээр 600 өргөдөл байдаг. Аймгийн Засаг дарга 2500 айлд газрын асуудлыг шийдэж байгаа. Мөрөн сумын Засаг дарга, холбогдох албаны хүмүүст ч үүрэг даалгаврыг өгсөн. Мөн нийгмийн дэд бүтцийн асуудлыг давхар шийдэхээр ажиллаж байна.

Сумд 600 саяас 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Сумдын энэ хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол Хөвсгөл аймаг 2026 онд 76 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож бүтээн байгуулалт өрнүүлнэ. 2026 он нийгмийн тулгамдсан гол гол асуудлыг шийдэхийн төлөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно гэдгийг хариуцлагатай бөгөөд сэтгэл хангалуун хэлж байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, түүний багийнхан хувийн хэвшлийнхэнд маш их талархаж байгаа. Миний хувьд хэдэн жилийн өмнө ингэж төсөөлөөгүй явсан байна. Хөвсгөл аймгийн хөгжил тодорхой хэмжээнд шинэ шатанд гарна. Хөвсгөл аймгийн уугуул, суугуул, бизнес эрхэлдэг, төрийн, төрийн бус байгуулагад ажилладаг бүх хүмүүстээ хандаж хэлэхэд Хөвсгөл аймаг 2025 онд тодорхой асуудлуудыг шийдэж чадлаа. 2026 онд бүгдээрээ хамтраад амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бусад салбаруудад төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарч ажиллах боломж дүүрэн байгаа гэдгийг хэлье. Аймгийн Засаг даргын зүгээс иргэн, аж ахуй нэгж, төр хувийн хэвшлийн бүх санал санаачлагыг дэмжин ажиллах болно. Хамтдаа хөгжицгөөе Хөвсгөлчүүд ээ.
- Ярилцсанд баярлалаа.