Залууст COP17-ын талаарх мэдлэг, ойлголт өгөх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ
Газар ба уур амьсгал дахь залуучуудын манлайллын асуудлаарх сургалт, хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Их Британийн Элчин сайдын яам, Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (SIDA), YECAP-ийн дэмжлэгтэйгээр их, дээд сургууль, төрийн бус байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн залуучуудын сайн дурын төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.
Эл сургалт нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг онцлон таниулахад чиглэсэн юм. Мөн COP17-ын хүрээнд зохион байгуулагдах бодлогын үйл явц, нөлөөллийн үйл ажиллагаа, сайн дурын санаачилга, арга хэмжээнд залуучууд оролцох бодит боломжуудыг тодорхойлон харууллаа.
Оролцогчид COP17-ын талаар мэдээлэл авч, санал санаачилгаа хуваалцан, уур амьсгалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Movers Workshop”-д хамрагдсан. Энэхүү үйл ажиллагаа нь COP17 болон цаашдын шийдвэр гаргах үйл явцад залуучуудын илүү хүчтэй сүлжээ, тогтвортой оролцоог бий болгох шинэ эхлэлийг тавилаа гэж зохион байгуулагчид онцолж байна.