НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр /2025.12.17/ болжээ.
Хурлаар COP17-ын үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Мөн аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
2024-2025 оны бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, VisitUlaanbaatar.mn платформоор дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах, ЭКО аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн анхдугаар хурлаар COP17-ын соёл, аялал жуулчлалын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдах ажлууд, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг тодорхой болгосон байна.
Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахыг хурлаар баталжээ.