2 Цагийн өмнө.
Дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт болжээ
Дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт болжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт өнөөдөр /2025.12.17/ боллоо.

Уулзалтаар дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлэн сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 онд салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга хийсэн бөгөөд оролцогчид тус яамнаас Хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах стратеги (2026-2029 он) баталсан явдлыг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд, дэд зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.