4 Цагийн өмнө.
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ
Бидний хайрт аав Цагдаагийн яруу найрагч Тэлмүүн овогт Жамбалын Алтангэрэл 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас 68 насандаа дээд тэнгэртээ дэвшлээ.
 
Аав минь 1957 онд Төв аймгийн Баянчандмань сумын “Их сүүж” хэмээх газар төрж бага насаа эцэг эхийн асрамжид өнгөрөөсөн. Баянчандмань сумын найман жилийн дунд сургууль /1972/, Шарын голын УАА-н техникум /1979/, Цагдаагийн дээд сургууль /1995/-ийг тус тус төгссөн. Гидротехникч, хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1974-1977 онд Ардын армын 119 дүгээр цэргийн анги /химийн батальон/-д эр цэргийн албыг хаасан. 1979-1981 онд Баянчандмань сумын Сангийн аж ахуйд гидротехникч, 1981-2002 онд Улсыг аюулаас хамгаалах газар Боловсон хүчин, Цагдаагийн байгууллагад Эргүүлийн цагдаа, хэрэг бүртгэгч, Сумангийн дарга, Иргэний бүртгэл мэдээллийн төвд байцаагч, ахлах байцаагч, "Нүгэл буян" сонины сурвалжлагч, редактор, ЦЕГ-ын Тамгын хэлтэст байцаагч, ахлах байцаагчийн албыг тус тус хашиж гавьяаныхаа амралтад гарсан юм.
 
2002-2008 онд "Бэл" компанид менежер, орлогч захирал, 2008 оноос чөлөөт уран бүтээлч болж "Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо" ТББ-ыг үүсгэн санаачилж, тэргүүнээр нь өдгөөг хүртэл ажиллаж байв. 2015-2021 он хүртэл Монгол Улсын Хүүхэлдэй театрт, 2022-2023 оныг хүртэл Цагдаа дотоодын цэргийн ахмадын хороонд тус тус ажилласан билээ.
 
 
Мөн аав минь МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч уран бүтээч нэгэн байсан юм. Анх 1980-аад оны сүүлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд яруу найргийн "Гэрэлт үүлс" /2007/, "Тэнгэрийн шүүдэр" /2009/, "Цаг хугацааны аяс" шүлгийн цомог /2011/, “Хас дардас” /2013/, “Цагдаа хүний хүүхдүүд” /2016/, “Цэрэг ямбуу цамц” /2019/ номоо туурвисан. Үүнээс гадна зарим шилдэг бүтээл нь "Эх орны төлөө", "Цагдаагийн алдар" зэрэг номд хэвлэгдсэн. 2014, 2019 онд 2 удаагийн бие даасан Уран бүтээлийн тайлан тоглолтоо зохион байгуулж байв.
 
Аав минь Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг яруу найргийн "Эх орны цэрэг-1991" наадмын тэргүүн, Цагдаагийн байгууллагын нэрэмжит "Цагаан шонхор" наадмын дэд тэргүүн /1991/, тэргүүн /2011/, залуу яруу найрагчдын "Найргийн даага" наадмын тусгай байр /1990/-ын шагналыг тус тус хүртсэн авьяаслаг яруу найрагч байсан.
 
Аавын минь хөдөлмөр зүтгэлийг мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж улс хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль болон “Цагдаагийн алдар", Цагдаагийн "Хүндэт тэмдэг", "Сайн үйлсийн төлөө" медаль, 2021 онд төрийн дээд Алтан гадас одонгоор хөхиүлэн шагнаж, хайр хүндэтгэлээ үзүүлсэн.
 
 
1978 онд бидний хайрт ээжтэй ханилан сууж, 4 хүүхдийн ээж аав болж аз жаргалтай амьдарч хүүхдүүд бидэнд үргэлж шударга үнэнч, хөдөлмөрч, бусдад тустай дэмтэй, өрөвч нинжин сэтгэлтэй байхыг өөрийн биеэрээ үлгэрлэж, хүмүүжүүлж өсгөсөн билээ. Хайрт аав минь хурц оюун ухаантан, манлайлагч, хөдөлмөрч нэгэн байлаа. Аавын шүлгүүдээс цухас дурдвал...
 
ЦЭРЭГ ЯМБУУ ЦАМЦ
Ялалт авчирсан нэг нь
Одонгоо зүүж гоёогүй ч
Ялахын тулд унасных нь
Амийг баринтаглаад үлдсэн
Улаан залаатай Монголчуудын
Цусанд өнгө нь хувирснаас биш
Урваж сөхрөхийн тэмдэг болж
Жадны үзүүрт дэрвээгүй
Цэрэг ямбуу цамцаа... /"Эх орны цэрэг-1991" наадмын тэргүүн байр/
 
АМЬ НАС НАЙРАГЛАЛААС
Зурагны минь өмнө
Зул битгий өргөөрэй
Би өөрөө гал байсан юм чинь
Журмын минь нөхдийг хараад нулимас битгий унагаарай
Хүү нь амьд байгаа юм чинь
 
МОНГОЛ ЦАГДАА
Амьжиргаа залгах
Амин зуулгаа олъё гэж
Ард олондоо
Амар тайвныг өгье гэж
Хоногтоо хоёр эгшиглэдэг
Сүлдэн дунд гадаа явж
Хорвоогийн наран дороос
Сүүдэр үргээлцэж яваа
Би эгэл нэг цагдаа...
 
Энэхүү шүлэг нь цагдаагийн бүх үеийнхний сүлд дуу болон эгшиглэсээр байна. Энэхүү шүлгээс эгэл жирийн цагдаа аавын минь мөн бид бүхний амьдрал зураг шиг хөвөрдөг. Дуусашгүй их авьяастан эгэл цагдаа аав минь бидэндээ эгэл бус оюунтан, хайр энэрлийн нөмөр уул, халамж анхаарлын түшиг уул байлаа.
 
Аав минь таныхаа үргэлжлэл болсон үрс нь дуусашгүй сайхан алдрыг нь үр хойчдоо өвлүүлэн үргэлж жаргалаар дүүрэн гэрэлтэж амьдарнаа.
 
Аав тандаа зүрхний угаасаа хязгааргүй их хайртай шүү
Та минь тэнгэрийн орондоо саадгүй залраарай.
Ум ма ни бад мэ хум
Гэр бүл үр хүүхдүүдээс нь