Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.
Жилд нэг удаа хүмүүсийн сонсдог “ДОХ-той тэмцэх өдөр” хэдэн хоногийн өмнө тохиов. Уламжлалт ёсоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/-өөс 2025 оны 12 сарын 1-ний байдлын тоон мэдээгээ өглөө. Монгол Улсад хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/ тээн амьдарч буй 425 хүн байна. 60 орчим хүн нас барсан. Анхны тохиолдлоос хойш 33 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан бөгөөд цусаар болон эхээс урагт дамжсан халдвар байхгүй гэж мэдээлэв.
Тэгвэл он цагийн дарааллаар тоон мэдээлэл л хийдэг байдал өнөө цагт хэр зохимжтой вэ? ХДХВ-ийн эсрэг энэ чиглэлээр үйл ажиллагаатай сайн дурын Төрийн бус байгууллагууд, эрүүл мэндийн салбараас ХӨСҮТ л ажиллаж буй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэд л арга хэмжээ авч, сэрэмжлүүлж, тэмцэх ёстой мэт үзэл, хандлага манайд байсаар ирсэн, байсаар ч байна. Халдварт өвчнөөс сэрэмжилж, эрүүл мэнддээ анхаарч, хандлагаа өөрчлөх нь иргэн хүн бүрийн үүрэг, оролцоо байдаг.
Ганцхан жишээ татахад, Монгол Улсад ХДХВ-ийн вирус тээгчээр бүртгэгдсэн иргэдийн 50 орчим хувь нь 15-30 насныхан байгаа нь, 2025 онд шинээр 36 халдвар бүртгэгдсэний 16-г ТББ-ын үйл ажиллагааны хүрээнд илрүүлсэн зэрэг нь энд эрүүл мэндийн болон боловсролын асуудал хариуцсан төрийн байгууллагын ажил, оролцоо хангалтгүйг тодорхойлж байгаа юм. Улирлын томууны учрыг олж чадахгүй яваа Эрүүл мэндийн болон Боловсролын яаманд ХДХВ/ДОХ-ын эсрэг тэмцэх нь хүндхэн ачаа байж болох ч хуулиар хүлээсэн үүрэг, улс орныхоо ирээдүйн эрүүл мэндийн төлөө ажиллах шаардлагатайг цаг хугацаа, тоо баримт, нийгмийн хөгжил харуулж байна. Монгол Улсад ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажилд зарцуулагдаж буй төсвийн 80 хувь нь Глобаль сангийн дэмжлэгтэй явж байгаа бөгөөд Засгийн газар, ЭМЯ-ны дэмжлэг, анхаарал сул байгааг энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл хэлж байгаа юм.
Дэлхий нийтэд эрүүл мэндийн салбарынхан ХДХВ/ДОХ-ыг ханиад шиг эсвэл уушгины хорт хавдар шиг тэргүүлэх өвчлөл, халдвар гэж авч үздэггүй ч хамгийн аюултай өвчний жагсаалтад оруулдаг. Бас урьдчилан сэргийлэх нөөц боломж ихтэй халдвар гэж тодорхойлдог. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс энэ жил “Дэлхийн хэмжээнд 40 сая гаруй хүн ДОХ-той амьдарч, ДОХ-ын эмчилгээг 10 сая хүн хүлээж байна. 2024 онд 1.3 сая хүн ДОХ-ын халдвар тээгч болжээ. ДОХ дуусаагүй. Гэхдээ үүнийг өөрчилж чадна бас өөрчлөгдөх ёстой” гэж уриалга, сэрэмжлүүлгийг хамтад хүргэв.
Монгол Улсад 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэн, 99 хувь нь бэлгийн замаар халдварласан ДОХ гэдэг өвчин одоо л эхэлж байж магадгүй юм. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас хоёрхон баримт эшлэе. Манай улсад 2025 оны эхний 10 сарын байдлаар тэмбүү өвчний тохиолдол 3677, заг хүйтэн 3009 бүртгэгджээ. Өнгөрсөн онд 5247 хүн тэмбүү, 4010 хүн заг хүйтэн өвчнөөр өвдөж эрүүл мэндийн байгууллагад хандсан нь судалгаанд орсон байна. Эдгээрийн ард ямар тоо гарч ирэхийг тааварлашгүй. Халдвар авсан хүмүүсийн мөн л олонх нь 15-35 насны залуус. Өвчин, халдвар эмчлэгддэг, ДОХ ч адил. Гэвч тэдгээрээс болж алдсан боломж эргэж ирэхгүй, олсон шарх, сэтгэл зүйн гэмтэл анихгүй нэгэнт амьдралын саарал өнгө болж хоцорно.
Үүнээс монголын 15-35 насны залуусын бэлгийн эрүүл мэндийн боловсрол ямар хангалтгүй түвшинд байгааг, үүнээсээ улбаалсан замбараагүй харилцаа хаана хүрснийг харж болохоор ажээ. “Өөрчлөгдөх ёстой” гэдэг уриалга шиг мэдлэг, боловсролоо, бодлогоо өөрчилж “тоолдог, тооны дараа ганцхан өдөр шуурдаг” хандлагаасаа нийтээрээ, төрийн бодлогоороо салахгүй бол иргэдийн эрүүл мэнд цаашлаад улс орны аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх эрсдэлтэй нөхцөл байдал манай нийгэмд, залууст үүсжээ.
Иргэд нь эрүүл төрж, эрсдэлгүй өсөж өндийх нь аливаа оронд хүний хөгжил, нийгмийн эрүүл сэтгэл зүй, улсын хөгжил дэвшилд олон сайн талаар нөлөөлдөг гэдгийг өнөөдөр улс орнууд батлан харуулж байна. Манай улсын ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл цагаар биш цөөн минутаар хэмжигдэж буй. Их, дээд сургуулийн ерөнхий эрдмийн хичээлүүд дунд бүр ч сураггүй.
Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн мэргэшсэн, бэлтгэгдсэн багш байхгүйгээс үүдэн энэ хөтөлбөрийг хими, биологийн багш, биеийн тамирын багш зэрэг “мэргэжлийн бус” хэн бүр заасаар ирсэн. Одоо ч ингэж буй. Номын санчаар, бага ангийн багшаар эрүүл мэнд заалгаж, үгүй бол тэр цагийн 40 минутыг “цонхолж”, ангийн хурал хийж өнгөрөөж байсан хүмүүсийг эсвэл ийм хичээл огт судлаагүйг судалбал саяар тоологдох нь гарцаагүй.
Ерөөс монголчуудын эрүүл мэндийн боловсролд суралцсан байдал нэг иймэрхүү. Уг нь төр засгийн бодлогод хамаараад зогсохгүй хүний сурч боловсрох, мэдлэг авах эрхтэй огтолцох чухал асуудал. Гэвч чухал зүйл чухал бусад тооцогдон орхигдсоноос эрүүл мэндийн мэдлэгийг зохих хэмжээнд олгоогүйгээс үүдсэн хохирол нь эргээд нийгэмд өнөөдөр бэлгийн замаар дамжих өвчнүүд, ХДХВ-ийн тоог нэмэх шалтгаан болоод байна. Эцэг эхчүүд оролцож үр хүүхдэдээ зөвлөх хэрэгтэй гэдэг ч дээрх байдлаар боловсорсон монгол аав, ээжүүдийн зөвлөгөө “интернэтийн мэдлэг”-ийг ч гүйцэхгүй. Үүн дээр дотогшоо, бүрэг ичимхий зан нь ч нэрмээс болно.
Энэ бүхний эцэст, Монгол бол залуусын орон. Тиймдээ ч манай улсад бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ-ийн халдвар тээгчдийн нас бусад оронтой харьцуулахад харьцангуй залуу байна. Хүн бүр, залуус болгон өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд алхам тутамдаа хичээх хэрэгтэй ч нийтээр нь мэдлэг, эрүүл мэндийн боловсрол олгох системтэй, бодлоготой ажил хэрэгтэй байна. Эрүүл мэндийн боловсрол математикаас ч чухал гэдгийг ойлгож шийдэл, шийдвэр гаргах хэрэгцээ, шаардлага нэгэнт үүсжээ. Нийгмээрээ, нийтээрээ халдварын тохиолдлын тоог тоолдог биш тоож, ирээдүйд үүсэх эрсдэлийг тооцоолдог, хамгаалдаг байя.