Bpress.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид
“Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаанд манай сэтгүүлчид амжилттай оролцож тэргүүн болон гутгаар байрт шалгарлаа. Сэтгүүлч Г.Батзаяагийн бэлтгэн олон нийтэд хүргэсэн “Нэг л асуулт: Албадан чөлөөлөх нь шийдэл мөн үү?” нэвтрүүлэг түрүүлсэн бол сэтгүүлч Б.Будхүүгийн “Ээлтэй хотын шийдэл: Тэдэнд зориулаад барьчихвал бүгдэд хүртээмжтэй болно” хөгжлийн сэтгүүл зүйн өгүүлэл гутгаар байр эзэллээ.
Хүний эрхийн олон улсын өдөрт зориулсан энэхүү уралдааныг Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл ТББ болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан юм. Уралдааны хугацаанд хүний эрхийн тулгамдсан асуудлыг хөндсөн, шийдэл, гарц гаргалгаа хайсан 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 35 сэтгүүлч 51 бүтээл ирүүлжээ.
Бүтээлүүдийг хүний эрх болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн хараат бус гурван шүүгч үнэлж, амжилттай оролцсон найман сэтгүүлчийг өргөмжлөл болон 500.000-3 сая төгрөгийн шагнаж урамшуулав. Нэгдүгээр байрт Bpress.mn сайтын сэтгүүлч Г.Батзаяа, Зууны мэдээ сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр, дэд байрт Өнөөдөр сонины сэтгүүлч О.Бат-Ундрах, тв-9 телевизийн сэтгүүлч н.Хонгорзул, гутгаар байрт Bpress.mn сайтын сэтгүүлч Б.Будхүү, МҮОНТВ-ийн сэтгүүлч н.Отгонцэцэг шалгарсан байна. Мөн child.mn сайтын сэтгүүлч А.Уянга болон itoim.mn сайтын сэтгүүлч н.Хэрлэн, н.Бямбажаргал нарын хамтын бүтээлийг тусгай байрт шалгаруулжээ.
Энэ жилийн уралдаан Тогтвортой хөгжлийн 11 дэх зорилго “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих”-ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн бодит нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах, тулгамдсан асуудлыг тодруулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн гэж Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам ярилаа.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид уралдааны бүтээлүүд хүний эрхийн тухай, хотын төлөвлөлтийн талаар нарийвчилсан мэдээллүүдийг гаргаж, шийдэл санал болгосныг онцолсон бол Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа сэтгүүлчид дахин төлөвлөлт, утаа, угаарын аюул, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд зэргээр сэдэв тус бүрийг гарган судалж, сурвалжилж хүний эрхийн зөрчлийн бодит дүр зургийг олон хэлбэр, сувгаар мэдээлсэнд талархал илэрхийлэв.