COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны Аюулгүй байдлын дэд хорооны II хурал өнөөдөр /2025.12.08/ ГХЯ-ны "Зөвшилцөл танхим"-д боллоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэлд болно. Тус хурлыг зохион байгуулах бэлтгэлийг НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, түүний салбар хороод хариуцан ажиллаж буй билээ. Тэгвэл өнөөдөр болон өнгөрсөн өдрүүдэд ажлын албаны Ногоон бүс, Зам, тээвэр, логистик болон аюулгүй байдал хариуцсан дэд хорооны хуралдаан болжээ.
Аюулгүй байдлын дэд хорооны II хурал боллоо
COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны Аюулгүй байдлын дэд хорооны II хурал өнөөдөр /2025.12.08/ ГХЯ-ны "Зөвшилцөл танхим"-д боллоо. Аюулгүй байдлын дэд хороо нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах барилга байгууламж буюу “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, мөн дээд, өндөр түвшний зочдын байрлах зочид буудал, түүний ойр орчмын аюулгүй байдал, Улаанбаатар хотын замын үндсэн маршрутын хамгаалалтыг хариуцах үүрэгтэй ажиллаж байна. Тэрчлэн СОР17 хурал болох үеийн галын аюулгүй байдал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг бүхий л холбогдох арга хэмжээний хүрээнд НҮБ-ын хамгаалалтын багтай “Цэнхэр бүс”-д хамтран ажиллах юм.
Энэ удаагийн хурлаар Аюулгүй байдлын дэд хорооны дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Б.Ариунболд дэд ажлын хэсгүүдийг 12 дугаар сарын 15-ны дотор байгуулах чиглэлийг өглөө. Энэхүү аюулгүй байдлын арга хэмжээг удирдаж, бодлого, зохион байгуулалт талаас хариуцаж ажиллах газар нь Төрийн тусгай хамгаалалтын газар байх юм.
Мөн COP17 зохион байгуулах түр байр, барилга байгууламжийн талаарх мэдээллийг "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга танилцуулсан бөгөөд галд тэсвэртэй бат бөх материалаар хийсэн түр барилга байгууламж байхаар төлөвлөснөө онцлов. Мөн ойрын хугацаанд Аюулгүй байдлын дэд хорооны ерөнхий төлөвлөгөөг холбогдох байгууллага, дэд хороодын хамт боловсруулахаар боллоо.
Хурлын оролцогчдыг тээвэрлэх ажилд хувийн хэвшлүүдийн оролцоог дэмжих тухай ярилцжээ
Зам, тээвэр, логистикийн дэд хорооны хоёрдугаар хурал энэ сарын 6-нд болов. Тус дэд хороо нь Талуудын бага хурлын зочид, төлөөлөгчид, оролцогчдын унаа, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохицуулалт, зам, тээврийн аюулгүй байдал, хамгаалалтын бэлэн байдлыг хангах, зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллах юм.
Зам, тээвэр, логистикийн дэд хорооны хоёрдугаар хурал энэ сарын 6-нд болов.
Хуралдаанаар дэд хорооны гишүүн байгууллагууд чиглэл бүрээр салбар штаб байгуулан 2026 оны төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлуудаа хурдан, оновчтой зохион байгуулах, бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хурлын оролцогчдыг тээвэрлэх ажлыг зохион байгуулахад хувийн хэвшлүүдийн оролцоог дэмжин ажиллах, тээврийн хэрэгслүүдийн чиглэл, зогсоолын байршил, цагийн хуваарь зэргийг цахим системд нэгтгэх талаар санал солилцжээ.
Дэд хорооны II хуралд Гадаад харилцааны яамны Ёслолын газрын дэд дарга Г.Батбаяр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа зохион байгуулах газрын дарга Б.Гүндсамбуу, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга Ц.Отгондаваа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Б.Отгонсүх, Нийслэлийн авто замын газрын дарга Б.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Б.Отгонжаргал, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨҮГ-ын дарга Г.Галхүү, Улаанбаатар төмөр зам ХНН Б.Галсандорж, Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, COP17 “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер У.Энхтайван, COP17 Ажлын албаны Тээвэр логистик, үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Н.Өнөр болон Ажлын албаны бусад төлөөлөл оролцов. Дэд хороог Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох ахлан ажиллаж буй ажээ.
"Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан энэ сарын 3-нд болжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан энэ сарын 3-нд болжээ. Дэд хорооны энэ удаагийн хурлаар "Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталж, цаг үеийн асуудал болон цаашид анхаарах ажлуудаа тодорхойлж, санал солилцсон байна.
COP17-ын үеэр цөлжилт, газрын доройтлын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөллийн уялдааг хангаж, мөн сайн туршлага, төсөл, технологи, инновацыг таниулах, Монголын өв соёл уламжлалыг сурталчлах зэрэгт Ногоон бүс хариуцсан дэд хороо онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Тус дэд хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг ахлан ажиллаж байгаа юм.