Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг өргөтгөв
Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг өргөтгөв

"Nature Summit 2025" чуулганы нээлтэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх Монгол Улсаа төлөөлөн үг хэлэв.

Бүгд найрамдах Панам улсын нийслэл Панам хотод "Nature Summit 2025" буюу улс орнууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг нэгтгэн, байгаль, газар, ус, уур амьсгалын асуудлаар хамтын шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний чуулган боллоо.

Энэхүү чуулганы нээлтэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх Монгол Улсаа төлөөлөн үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын цаашдын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай гурван гол чиглэлийг танилцуулсан юм. Бэлчээрийн экосистем болон тогтвортой мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, Усны нөөцийн тогтвортой менежмент ба газар-усны нэгдсэн уялдаа, Байгальд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц гэх гурван чиглэл нь олон улсын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулалт татах боломжтой, бодит төсөл хэлбэрээр хөгжүүлэх зорилготой байгааг онцолж, COP17 нь хамтын шийдэл, хөрөнгө оруулалт болон бодит үр дүнг бий болгох талбар болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

nature_summit1 "Nature Summit 2025" чуулганы нээлтэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх Монгол Улсаа төлөөлөн үг хэлэв.

Мөн Монгол Улс "Nature Summit 2025" арга хэмжээнд оролцсоноор санаачилга, бодлогоо олон улсад таниулах, донор байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлээ бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлд шаардлагатай санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмыг хийж байна. COP17 хурал зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгт төдийгүй Монгол Улсад эдийн засаг, байгаль орчны менежмент, бүс нутгийн манлайлалтаараа өгөөжтэй, урт хугацааны үр дүн авчирна гэдгийг онцолжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Конвенцын Дэд гүйцэтгэх дарга хатагтай Андреа Меза, Панама Улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон сайн үйлсийн түншүүдийн төлөөллийн илтгэгчид оролцсон байна.

Манай улс энэхүү чуулганд оролцож 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулах, түншүүдтэй холбогдох чухал боломжийг бүрдүүлж байгаа юм.