Зургийг хиймэл оюунаар бүтээлгэв.
Амны бэлгэгүй зурвас бичиж буйг минь өршөөнө үү. Хорь гаруйхан хоногийн дараа баярын ширээгээ тойрч суугаад, шинэ он, шинэ жилээ аз жаргал, инээд хөөртэйгөөр угтах мөч хором хормоор ойртсоор байна. Гэвч бидэнд зайлшгүй анхаарч сэрэмжлэх зүйл олон бий. Баяр наадмын үеэр архи сархад, найр наадмаа хэтрүүлж зодоон цохион, элдэв хэрэг төвөгт холбогдох, хүйтэн нойтонд хээр гадаа машин тэрэгтэйгээ саатах зэргээс эхлээд зайлшгүй анхаарах зүйлс олон.
Энэ дундаас бидний хувьд төдийлөн аюул, эрсдэл гэж үзэхгүй ч сэрэмжлэх ёстой нэг зүйл бол гацуур модны галын аюул. Гацуур модгүйгээр шинэ жилийг төсөөлөх аргагүй ч гэртээ гал алдвал асар их хохирол амсах аюул, эрсдэл нуугдаж байна. Нэг л жишээ хэлэхэд одоогоос хоёр жилийн өмнө нэг гэр бүлийн таван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан шалтгаан нь гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй байж болзошгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаж байв.
Өнөөдөр гадуур худалдаалж буй гацуур болон гэрлэн чимэглэлүүдийг ихэвчлэн хуванцар материалаар хийсэн байдаг тул гал гарсан тохиолдолд үүсэх эрсдэл, аюулын түвшин өндөрт тооцогддог аж. Тэгвэл энэ эрсдэлээс хайртай дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ?
Хуурай биш, шинэ мод сонгох. Хуванцар мод авч байгаа тохиолдолд аль болох чанартайг нь авах хэрэгтэй. Модыг лаа, ил гал, халаагуур зэргээс нэг метрийн зайд байршуулах.
LED төрлийн, хэт халдаггүй, сайн чанарын гэрэл, чимэглэл хэрэглэх. Гэрэл, чимэглэлээ асаахын өмнө бүх утсыг нь шалгах хэрэгтэй. Хуучин эсвэл утас нь гэмтсэн гэрэл, чимэглэл бүү ашигла. Мөн олон гэрлэн чимэглэлийг нэг залгуурт холбож ачаалал үүсгэхгүй байхад анхаарч, гал хамгаалагчтай залгуур ашиглах нь хамгийн зөв шийдэл юм.
Гэрлэн чимэглэлээ шөнийн турш асаалттай орхих нь хамгийн том эрсдэл. Иймээс гэрээс гарахдаа болон унтахдаа гацуурын бүх цахилгааныг салгаж хэвшээрэй. Мөн гал унтраагуур гэртээ заавал байлгаж, хүүхдүүддээ гацуур модны аюул эрсдэлийг анхааруулж, ойлгуулах нь чухал.