Д.Нарантуяа: Тамхидалтыг хориглож болох ч борлуулалт нь худалдаачдын амьжиргаанд асар нөлөөлдгийг хууль тогтоогчдод ойлгож, харж үзээсэй
Д.Нарантуяа: Тамхидалтыг хориглож болох ч борлуулалт нь худалдаачдын амьжиргаанд асар нөлөөлдгийг хууль тогтоогчдод ойлгож, харж үзээсэй

“Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа

“Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Хуулийн төсөлд үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн байр суурийг тусгаж, бизнесийн эрх зүйн орчныг нийгмийн зөвшилцөлтэй бүрдүүлэх нь чухал. Тиймээс хуулийн төслийн талаар “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяатай ярилцлаа.

-Сайн байна уу. “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Танай холбоо, худалдаа эрхлэгчид хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль тогтоогчид онцгой албан татвар болон тамхины үнийг хоёр дахин нэмэхийг санал болгож байна. Энэ нь амьдрал дээр “өргөн хүрээний авлига”-ыг өдөөн дэвэргэх эрсдэлтэй. Үр дүнд нь өнөө л жижиглэн худалдаа эрхлэгчид хохирч үлдэнэ. Тодруулж хэлбэл, тамхи, тамхин бүтээгдэхүүн дээр бараг 500 гаруй хувийн татвар ноогдуулахаар хуулийн төсөл боловсруулаад оруулаад ирлээ. Гэтэл энэ тамхи, тамхин бүтээгдэхүүний борлуулалтын цаана нэг дэлгүүрийн бэлэн мөнгөний эргэлтийн 30-70 хувь нь оршиж байдаг. Тамхиа зарахгүй болчихоор тэр дэлгүүрүүд ямар мөнгөөрөө мах, таван цул, талх, төмс, хүнсний ногоо, тариагаа авах вэ? Цаашлаад “дэвтэр” худалдаа бүрэн зогсож, амьжиргаа багатай айл өрхүүд хоногийн хоолтойгоо залгахад бэрх болно. Газар дээрээ ийм харилцаа, амьдрал өрнөдгийг хууль санаачлагчдад нэг үзүүлмээр байгаа юм.

-Өнөөдөр манай улсад хэчнээн худалдаа эрхлэгч байна вэ?

-Монгол Улсад хэнээс ч тусламж, дэмжлэг авалгүйгээр 220 мянга орчим худалдаа эрхлэгч мөнчгөрөөрөө зүтгэж, амьдрал ахуйгаа залгуулж байна шүү дээ. Цалин орлогын бодит түвшин өсөөгүй байхад хууль тогтоогчид хэрэглээний үнийг ингэж огцом өсгөсөөр байх юм бол дээрх худалдаа эрхлэгчдийн амьдрал, ажил үйлчилгээ улам доройтно. Эхлээд ямар ч тооцоо судалгаагүй 500 метрийн хязгаар тавьсан хууль гаргасан. Үүний үр дүн олон мянган жижиг худалдааны цэг хаагдаж, элгээрээ хэвтсэн хар түүх бидэнд бий.

-Та бүхэн тамхины онцгой албан татварыг 100 хувь нэмбэл ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?

-Онцгой албан татварыг 100 хувь нэмбэл тамхины үнэ дор хаяж 6,300 төгрөг болно. Гэтэл ОХУ-д хууль бус тамхи манай үнээс гурав дахин хямд буюу 2,150 төгрөг байна. Эндээс харахад хямд үнэтэй тамхин бүтээгдэхүүн манайх руу хил дамжин орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Хууль бус, хямд үнэтэй тамхи монголын зах зээлд их хэмжээгээр орж ирэх үед хууль ёсны татвар төлөгч худалдаачид өрсөлдөж чадахгүй. Гудамжинд хуучин үнэтэй хууль бус тамхи байвал хэрэглэгчид тийшээ л очиж үйлчлүүлэх болно. Хянах, зохицуулах аргагүй.

-Бусад улс орны жишээ байдаг уу. Та бүхэн судалж, харьцуулж үзсэн байх?

-Турк, Тажикстан улсын жишээ байна. Тэнд онцгой албан татвар огцом өссөний дараа албан ёсны тамхины нийлүүлэлт зогсож, зах зээлд зөвхөн татваргүй, хяналтгүй “саарал импорт” үлдсэн. Өөрөөр хэлбэл, хяналтгүй зохицуулалтгүй хууль бус хар зах үүснэ гэсэн үг. Татвар төлөгдөхгүй болж, онцгой албан татвар, НӨАТ, ашгийн болон гаалийн татварын бүх орлогоо алдсан. Хэрэв ийм байдал Монголд давтагдвал бид албан ёсны дэлгүүрүүдээ хаах, ажилчдаа халж эхлэхээс өөр аргагүй болно. Энэ нь улсын хэмжээнд жижиглэн худалдааны салбарыг сүйтгэнэ гэсэн үг.

-Тэгэхээр та бүхэн хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгаж өгөх нь илүү үр дүнтэй гэж тооцож байна вэ?  

-Бид хэрэггүй авлига, хээл хахууль бий болгодог зохицуулалтуудыг зогсоо, ялангуяа жижиглэн худалдааны салбар руу үүнийг чиглүүлэхгүй байхыг хүсэж, шаардсаар ирсэн. Тухайлбал, Монголд одоо үйлчилж буй тамхи худалдаалахыг 500 метрийн радиуст хориглох журам байна. Энэ дүрэм хэзээ ч бодитоор хэрэгжиж байгаагүй, зөвхөн цаасан дээр оршдог гэдгийг бүгд мэднэ. Дан авлигын сүлжээ үүсгэсэн байдаг. Тиймээс кассын бүсэд камерыг заавал байршуулж, бичлэгийг шалгагч байгууллагуудад зориулан дор хаяж нэг сарын хугацаанд хадгалдаг байх шаардлагатай зохицуулалтыг хиймээр байгаа юм. Казахстан, Киргиз, Узбекистан улсуудын эрх баригчид энэ оройн зайн хязгаарлалтыг аль хэдийн цуцалж, утгагүй болохыг хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ.

-Та холбоо болон худалдаа эрхлэгчдээ төлөөлж, хууль санаачлагчдад хандаж юуг анхааруулж хэлэх вэ?

-Бид тамхидалтын эсрэг байгаа. Хориглож бололгүй яах вэ. Гэвч амьдралын нэгж дээр тамхины борлуулалт амьжиргааны микро системд асар том нөлөөтэй байдгийг хууль тогтоогчдод ойлгож, харж үзээсэй билээ.  За яах вэ халъя, татвар өсгөөд, 500 метрийн хязгаарлалт тавилаа гэж бодъё. Оронд нь бидэнд юу санал болгож байгаа юм бэ? Тамхины борлуулалтаас бүрддэг бодит орлого мөнгөний тухай яриад байна шүү дээ. Энэ мөнгөн эргэлтийг төр засаг, хууль санаачлагчид юугаар орлуулж, нөхөж өгөх гээд байгаа юм бэ? Тэр дагаад үүсэж байгаа олон мянган өрхийн өдрийн амьжиргааг хэн хариуцах вэ, гэж л асуумаар байна даа.

 -Баярлалаа.