Монгол Улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн боллоо
Монгол Улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн боллоо

Монгол Улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн боллоо

Франц улсын нийслэл Парис хотноо болсон Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн боллоо.

Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Монгол Улс нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарчээ. Энэ нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлдэг, 21 гишүүн улсаас бүрдсэн олон улсын нэр хүндтэй бүтцийн нэг юм.

-unesco-world-heritage Монгол Улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн боллоо.

Манай улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна манай улсад хамааралтай асуудлуудад байр сууриа бүрэн эрхтэйгээр илэрхийлэх, зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж буй. Түүнчлэн соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Өндөр хариуцлагатай тус хороонд Монгол Улс сонгогдсон нь манай орны олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дүгнэсэн байна.