Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчдийн уулзалт болов
Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчдийн уулзалт болов

Эх сурвалж: ХЗДХЯ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улс дахь Жендэрийн олон улсын хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг өнөөдөр (2025.11.18) зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар уулзалтыг нээж “Бид өнөөдөр жендэрийн тэгш байдлыг “эмэгтэйчүүдийн асуудал” хэмээн хязгаарлаж ойлгох үе ард үлдсэн, харин хүйсээс үл хамааран төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах, ялгаварлан гадуурхахгүй орчныг бүрдүүлэх, хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргийн тухай ойлголт юм. Хууль зүй, дотоод хэргийн салбарын зүгээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бодлогыг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө ахиц дэвшлийг гарган гарган ажиллаж байна. Өнөөдрийн уулзалт бол зөвхөн танилцуулга, санал солилцох арга хэмжээ биш, хамтын хөгжил, итгэлцэл, түншлэл, хариуцлагыг шинэ шатанд гаргах боломж гэж үзэж байна” гэж хэлэв.

hugjliin_tunshlegchdiin_meeting1 Эх сурвалж: ХЗДХЯ

Уулзалтын нээлтэд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш оролцож, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган чиглүүлэн, арга зүйгээр хангасан байна.

Түншлэгчдийн уулзалтаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт: Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж дахь шинжилгээ”, “Хууль зүй, дотоод хэргийн салбарын хоёрдахь шатны жендэрийн бодлогын төслийн танилцуулга”, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” зэрэг сэдвээр оролцогчид мэдээлэл авч санал солилцлоо.

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ-ын төрөлжсөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уулзалтад оролцов.