“Тооцон бодох математик” судалгааны багийн эрдэмтэд
Монголын математик, физикчдийн хамтарсан судалгааны бүтээлийг онол, практикт хэрэглэж, дэлхийн олон орны эрдэмтэн эшлэн ашиглаж байна. Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич Т.Жанлав, тус хүрээлэнгийн болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн эрдэмтэн, академич О.Чулуунбаатар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нарын хамтарсан “Тооцон бодох математик” судалгааны багийн “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” бүтээлийг томоохон тооцоолол шаарддаг уул уурхай, цаг уур, эдийн засаг зэрэг салбар дахь математик загварын тооцооллыг хийхэд ашиглаж байгаа юм.
Тус багийн боловсруулсан Шугаман бус тэгшитгэл, түүний системийг бодох итерацийн аргын шинэ цогц онолын болон Ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоо бодох өндөр эрэмбийн нийлэлттэй ялгаварт схем, төгсгөлөг элементийн шинэ аргуудыг байгуулсан бүтээлийг шинжлэх ухаан, судалгаа, технологийн салбарын тэргүүлэгч “Springer Nature” хэвлэлийн газарт хэвлэсэн. Улмаар эдгээр бүтээлийг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 243 номын санд байршуулжээ.
Цаг уур, далай судлалын сар, жилээр боловсруулсан өгөгдөлд прогноз хийх, бусад салбарын туршилтын үр дүнгээр тасралтгүй загвар, муруй гадаргуу байгуулах зэрэгт дээрх эрдэмтдийн байгуулсан локал сплайныг ашиглаж болох юм байна. Монголын эрдэмтдийн судалгаа нь онолоор зогсохгүй практик хэрэглээтэй бөгөөд компьютерын тооцооллын хурд нэмэгдэж, бодох хугацаа богиносож, нарийвчлал нь сайжрах бодит үр дүнг авчирчээ.
Манай эрдэмтэд 2013 оноос хойш “Web of Science” болон SCOPUS-д бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бичиж нийтлүүлсэн 106 өгүүллээ ашиглаж нэг сэдэвт бүтээлээ хийжээ. Тухайн багийнхны нийтлүүлсэн 106 өгүүллээс олон улсын эрдэмтэд нийт 1043 удаа эш татсан үзүүлэлт бүртгэгдсэн аж. Энэ нь монголын эрдэмтдийн судалгааны чадвар дэлхийн түвшинд хүрч, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж буйг судлаачид үнэлж байна.