Б.Энхбат: Хилийн манаанаас гэрэлтэй, дулаахан гэрт ороод ирэх чинь сайхан биз  
Б.Энхбат: Хилийн манаанаас гэрэлтэй, дулаахан гэрт ороод ирэх чинь сайхан биз   

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0217 дугаар салбарын захирагч, дэд хурандаа Б.Энхбат

Монгол орныхоо баруун хязгаарыг хамгаалан үүрэг гүйцэтгэж буй Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0217 дугаар салбарын захирагч, дэд хурандаа Б.Энхбаттай ярилцлаа. Энэ салбар 2024 онд их засварт орж барилга байшингаа шинэчилжээ. Салбарын алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчид Улаанбаатар хотоос 1000 км хол давсан зайд аж төрөх ч тогтмол цахилгаан, хийн халаалттай тухлаг байр, тохитой ариун цэврийн байгууламж ашиглаж цэргийн байгууллагын эмх цэгц, дэг журмыг харуулан цэмцийж суух ажээ.

-Сайн байна уу? Үүдэндээ цэцгийн мандалтай салбарт анх удаа ирж үзлээ. Танайх хэзээ их засвар хийсэн бэ. Гоё тухлаг юм.

-Сайн байна уу. Заа баярлалаа. Харин цэцгийн мандал хийж үзсэн юм. Гоё ургадаг юм байна. Ирэх жил бүр утга учиртай тарина аа л гэж бодож байна. Манайх 2024 онд их засвар хийсэн. 78 жилийн дараа их засварт орсон юм. Юмс өөрчлөгдөж, хөгжиж байна. Хүмүүсийн ажиллаж амьдрах орчныг нь сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор үр дүнтэй сайхан шинэчлэлүүд хил хамгаалах байгууллагад хийгдэж байна. Хил хамгаалалтыг ч орчин үеийн дэвшилтэт техник, технологийн хүч, давуу талыг ашиглан зохион байгуулдаг боллоо шүү дээ. Автомашин, мотоцикл зэрэг уналгаас гадна дрон ашиглаж байна. Эдгээр нь цаг хугацааг хэмнэж, хүний хөдөлмөрт ухаалаг тус дэм болж байгаа юм. Мөн салбарууд Хяналтын төвтэй болж, камерын хяналтыг сайжруулснаар албандаа, алба хаагчдадаа ч давуу тал бий болгож байна.  

-Сая харахад гэрийн угаалгын өрөө шиг л байна, шүршүүр, угаалгын машин гээд хэрэгтэй бүх зүйл байна.

-Тэгэлгүй яах вэ. Урьдынх шиг ус зөөх шаардлагагүй болсон учраас аль болох тухтай байлгахыг хичээж, хүнд хэрэгтэй бүхий л зүйлийг бүрдүүлсэн. Энэ халуун усны газартаа хугацаат цэргийн алба хаагчид, салбарын алба хаагчид бойлероо халаагаад л усандаа орчихдог. Цаг, хуваарийн хязгааргүй. Угаалгын машиндаа хувцсаа угаачихна. Хугацаат цэргийн алба хаагчид хангалтаар олгосон ариун цэврийн эд зүйлсээ тус бүрийнхээ шүүгээнд хадгалж, хэрэглэнэ. Цэргийн байрандаа ус цэвэршүүлэгчтэй болохоор заавал гал тогоо явах шаардлага байхгүй халуун, хүйтэн ус, байхуу цай зэргээ уучихна. Аль болох гэртээ байгаа юм шиг л ая тухтай байлгахыг хичээж байна даа.

enhbat dh  (3) Цэргийн байрны угаалгын өрөө

Мөн ариун цэврийн байгууламжийг “био 00”-оор шийдсэн. Хил дээр, суурин газраас алслагдсан болохоор хоцрогдсон гэсэн үг биш шүү дээ. Нэгдүгээрт хүний эрүүл мэнд, эрүүл ахуй, хоёрдугаарт хөрсний бохирдлоос сэргийлж байгаль орчноо хамгаалах гэдэг чухал юм байна.

-Хилчид хэрэглээгээ аль болох ногоон буюу сэргээгдэх эрчим хүч ашиглаж шийддэг юм байна. Газар орны нөхцөл байдал, онцлогоос ч бас шалтгаалж буй байх.

-Тийм ээ. Манай салбар 10кВт.ц нарны цахилгаан үүсгүүрээр цахилгаанаа шийдэж байгаа. Таны хэлээд байгаа байгальд ээлтэй шийдэл л дээ. Салбарын бүх байрны дулааныг хийн халаалтад шилжсэн. Өмнө нь бид түлээ мод, заг, хөрзөн, нүүрс гээд л бэлддэг байлаа. Одоо тийм юм байхгүй. Ер нь, сургуулиа дөнгөж төгсөөд хилийн салбарт томилогдож ирж буй ганц бие залуу алба хаагч өвөл хилийн манаанд яваад цэв хүйтэн гэрт ирдэг байсан бол одоо өөрчлөгдсөн л гэсэн үг. 

Хилийн манаанаас тогтмол цахилгаантай, дулаахан гэрт ороод ирэх чинь нэг сайхан биз. Хүний амьдрах орчин сайжирвал ажлын бүтээмж, үр дүн ч дагаад нэмэгдэнэ шүү дээ.

Энэ асуудалд маш их анхаарч буй хил хамгаалах байгууллагын болон ангийн удирдлагууддаа алба хаагчид талархалтай байгаа. Намайг сургуулиа төгсөөд салбарт томилогдон ирж байх үед цэргийн байранд гал түлдэг байсан. Өглөө 07:00 цагт цэргүүдийн хоолыг бэлэн байлгахын тулд гал тогооны ажилчид 05:00 цагт ирж гал түлээд хоолоо хийдэг байсан л даа. Одоо бол 30 минутын өмнө ирээд л газ асаагаад хоолоо хийчхэж байна. Энэ нь хоолны амт, чанарт ч нөлөөлнө. Тухайн тогооч ажилтны гэр бүлдээ зориулах цаг хугацаа ч тодорхой хэмжээнд уртсаж байна. Хүн ажил хийхэд чинь жижиг гэлтгүй зүйл чухал байдаг шүү дээ.

enhbat dh  (2)  Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0217 дугаар салбарын хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цаг

-Танай салбарын цэргүүд өөрсдөө хоолоо хийж идэж байна уу?

-Сонголттой хоол, бэлтгэж өгсөн хүнсний бүтээгдэхүүнээр цэргийн алба хаагчид өөрсдөө хоолоо хийж идэх гээд хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд бүгд хэрэгждэг. Амралтын өдөр өөрсдөө хоол хийнэ, гурван өдөр сонголттой буюу өөрийн идмээр байгаа хоолоо сонгож тогоочдоо захиалж хийлгэнэ гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний илчлэг, амин дэм зэргийг нарийн тооцоолсон байдаг. Үлдсэн өдөр нь нормын хоолоо иднэ.

Дөнгөж ЕБС-иа төгсөөд ирж буй хүүхдүүд байдаг болохоор зарим нь хоол хийж сураагүй нь ч байдаг. Тэгээд нэг жилийн хугацаанд хоол хийхээс эхлээд янз бүрийн аж ахуйн ажилд суралцана, хилийн манаандаа явна гээд тодорхой хэмжээнд амьдралд суралцаад явдаг даа. Цэргийн алба хааж буй хүн эрүүл хүнс хэрэглэж, цаг хугацааг зөв боловсон ашиглаж бас тав тухтай байх учиртай шүү дээ. Энд ажиллаж буй алба хаагчид ч гэсэн гэр бүл, үр хүүхдэдээ санаа зовох зүйлгүй бол хийх зүйн хэрэг.

-Цэргүүд, салбарын алба хаагчид аль хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Манай салбарт Улаанбаатар хот, Говь-Алтай болон Ховд аймгийн сумдаас ирсэн цэргүүд алба хааж байна. Сайхан шинэчилж, тохижуулсан салбарт ажиллаж буй хүмүүс, хугацаат цэргийн алба хаагчид ч сэтгэл өндөр байдаг даа. Хүүхэд харах үйлчилгээний, эрүүл мэндийн мэргэжилтэн ч байна. Эрүүл мэндийн зааварлагч нь эмч эсвэл сувилагч хүн ажилладаг. Салбарын алба хаагчид, тэдний гэр бүл, цэргүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Тийм болохоор өрөө тасалгааг нь сайн тохижуулж янзалсан. Тухайн мэргэжилтэн маань цэргийн ангийн эмчтэйгээ нягт хамтарч ажилладаг.

enhbat dh  (1) Хүүхэд харах үйлчилгээний суралцагчид - "бяцхан хилчид"

-Хүүхэд харах үйлчилгээний тухай та тайлбарлаж өгөөч?

-Хилийн салбарт буй гэр бүлийн гишүүн бүр ажилтай байдаг. Олонхдоо эхнэр, нөхөр хоёулаа үүрэг хүлээсэн алба хаагч байдаг гэсэн үг. Тэгэхээр ажилдаа ирэхдээ хүүхдээ гэртээ орхиод гардаг, эргээд санаа зовдог гээд асуудалтай л даа. Харин хүүхэд харах үйлчилгээний зориулалтын өрөө тохижуулж, багш ажиллуулснаар энэ асуудлыг шийдэж байгаа юм. Энд ажилладаг багш маань аймгийн Боловсролын газраас цалинждаг. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын бүтээмжид эерэг нөлөөлөх, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах гээд олон талын сайн ач холбогдол байгаа юм л даа, энэ ажилд. Бүх салбарт энэ үйлчилгээ бий.

-Сүүлийн үед албан татагдан ирж буй цэргүүдийн үзэл бодол, хандлага ямархуу байдаг вэ. Албандаа дасан зохицох чадвар нь хэр байдаг юм бол?

-Ер нь гайгүй шүү. Техник технологитой ойрхон өсөж байгаа учраас энэ төрлийн эд хэрэгсэлтэй түргэн “ойлголцож” байна. Газар орондоо хурдан дасаж байна.

enhbat dh  (6) Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0217 дугаар салбар

-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

-Баярлалаа. Хил хамгаалах байгууллагад ажиллаж байсан, одоо энэ албандаа үүрэг гүйцэтгэж буй хилчдэдээ мэнд дэвшүүлье. Заставынхаа хамт олны өмнөөс та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.