Хиймэл оюун ашиглан бүтээв.
Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буйгаа, дэлхийн ус, газар, экосистем өөрчлөгдөж, биологийн төрөл зүйл цөөрч байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрч улс орнууд нэгэн зорилгод нэгдэх хэрэгтэйг ойлгодог боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулахад анхаарал хандуулж, үйлдэл хийж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгаль цаг уурын үзэгдэл ган, зуд, цөлжилт, газрын доройтол зэрэг нь бэлчээр түшиглэн амьдардаг дэлхийн 500 сая гаруй хүн, Монгол Улсын 350 мянга гаруй малчин өрхийн аж төрөлд шууд нөлөөлж байна. Тэгвэл эдгээрийг хохирол багатай даван туулж, дасан зохицохын тулд зарим арга барил, хандлагаа өөрчлөх мэдлэг, чадварт суралцах шаардлага үүссэн билээ.
Монгол Улсад Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг хэрэгжүүлж байна. Баруун бүсээс Ховд, Завхан, зүүн бүсээс Сүхбаатар, Дорнод аймагт хэрэгжүүлж буй энэхүү төсөл энэ цагийн малчдад шинэлэг мэдлэг, шинэ боломж, байгалийн гамшгийг даван туулах арга ухаан, цаашид мал сүргээ адгуулж амьдрах итгэл найдварыг бий болгож байгаа юм.
“АДАПТ-ын хөргүүртээ сүүгээ хадгалж байгаад одоогоос л цагаан идээгээ боловсруулж байна”
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 64 малчин өрхийг нэгтгэсэн “Бат бэх найрамдал” хоршоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан тус хоршоо АДАПТ төсөлд хамрагдаж 20 тонны багтаамжтай хөргүүртэй болсноор жилийн дөрвөн улиралд малын мах, сүү цагаан идээгээ хадгалж, муудчихна гэж айх аюулгүйгээр борлуулж тогтмол орлоготой байх боломжтой болжээ.
 Хиймэл оюун ашиглан бүтээв.
Энэ тухай хоршооны дарга Г.Алтанцэцэг “Манайх хөргүүртэй болохоос өмнө зөвхөн хүйтний улиралд л мах борлуулдаг байлаа. Хоршооны гишүүн болон сумын малчдаас мал, мах авдаг. “Шинэ хоршоо” хөтөлбөрт хамрагдаж зээл авсан, гурван удаа эргэн төлөлт хийсэн. Мал төхөөрөх зориулалтын цэг байгуулж таван хүнийг байнгын ажлын байраар хангасан. Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж сумын малын эмчийг цалинжуулан ажиллуулдаг болсон. Улаанбаатарт мах их хэмжээгээр авдаг газартай хамтран ажилладаг болсон. Өнөөдөр мах ачиж явуулчхаад байж байна. Энэ жил сайхан зун боллоо. Малчид ч малын тоо биш чанарт анхаардаг болж байгаа. Сайн хонь авч ирээд өгөхөд 500 мянган төгрөг орчим болж байна шүү. Сумандаа хонины махыг 9500-д аваад хотод өгөхдөө 10200, ямааны мах 9000 төгрөгт аваад 9800-10 мянгын хооронд борлуулж байна даа. Мөн хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хөргүүрт сүү, цагаан идээгээ хадгалах боломжийг АДАПТ олгосон” гэж ярилаа.
Хоршооны малчин бүсгүйчүүд намрын ажлаа цэгцэлчхээд зориулалтын дагуу хадгалж байсан сүү, аарцаар ааруул хурууд, өрөм, ээзгий, хайлмаг гээд өвөл худалдаалах бүтээгдэхүүн хийж буйг ч дуулгасан. Хүнсний аюулгүй байдлыг хангаж мах, сүү цагаан идээг хадгалах болон мал төхөөрөх зориулалтын газартай болсноор хоршооны үйл ажиллагаа тогтмол болж, орлого нэмэгдэж, сайжирч хөгжих боломжийг бий болгожээ.
Баян-Уулын малчин бүсгүйчүүд өөхөн тосоор зулын тос үйлдвэрлэнэ
Хөдөө аж ахуй, ялангуяа орхигдож ирсэн мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанд тогтвортой бодлого хэрэгжүүлж, байгаль орчин, уур амьсгалын мэдээллийг хүргэж, үүнтэй уялдуулан ажиллах нь бүтээмжийг дээшлүүлж, малчид бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, хэрэглэгчдэд хүргэж таниулах боломж нэмэгддэг ажээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын “Улзын арвин сүрэг” хоршооны малчдын хот дахь монгол ямааны ноолуур Итали улсад хүрч байна. Энэ хоршоо Сор, Говь, Гоёл зэрэг компанитай хамтран ажиллаж байсан бөгөөд одоо “Өгөөж шим” үйлдвэртэй гэрээтэй ажиллаж байгаа юм. Тус үйлдвэрээс ноолуурын килограмм тутамд 2000 төгрөгийн урамшуулал бодож малчны данс руу шилжүүлдэг нь малчин өрхийн эдийн засагт нэмэртэй байдгийг хоршооны дарга Х.Баярмаа онцолж байлаа. Тэдний хоршооны ноолуураар пальто, цамц, өмд үйлдвэрлэсэн тухай мэдээлэл мөшгөх тогтолцоо буюу баркодоор нь дамжин ирж байсныг ч ярив. Ийнхүү тэд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулж байна.
 Хиймэл оюун ашиглан бүтээв.
“Улзын арвин сүрэг” хоршоо АДАПТ төсөлтэй хамтран ажиллаж иржээ. Хоршооны дарга, малчин Х.Баярмаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах төслөөрөө цахилгаан саалтуур авч байсан бөгөөд 20 үнээ сааж хоёр тонн аарц, 300 литр шимийн архи зэргийг боловсруулж 10-20 сая төгрөгийн борлуулалт хийж байжээ. Хоёр жилийн өмнө нэг килограмм цөцгий 10 мянгаар зардаг байсан бол одоо 25-30 мянган төгрөг болж малчдын бүтээмж, эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үнэлэгддэг болж. Тэд мал сүргээ чанаржуулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийг зорьж махны чиглэлийн хурга өсгөж хавар төрсөн хургыг тэжээгээд намар зах зээлд борлуулдаг болох төсөлд АДАПТ-тай хамтран ажиллаж байгаа аж. Ногоон тэжээл хэрчиж бутлах машин удахгүй хүлээн авах гэж буй бөгөөд малчид тэжээлээ тарих бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Нэгэнт махны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх болохоор хөргүүр ч тавиулах гэнэ.
Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Нүүдэлчин монголчуудын аливаад зохицохдоо сайн, бэрхшээлийг давах хат ухаанаас гадна сониуч, туршигч зан, угийн байгальд ойрхон чанар нь тэднийг түргэн бөгөөд үр дүнтэй өөрчилж байгааг эндээс харж болохоор ажээ. Малчид эвлэлдэн нэгдэж хоршоолох, тэдний төсөл, санааг бодит бодлогоор дэмжих, тэдэнд өөрсдийнх нь нөөц бололцоог ойлгуулж, урамшуулж буй нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, туулж гарах бэлтгэл, урам зориг болж байна. Товчхондоо тэдэнд хангалттай мэдээлэл, багахан санаа, тодорхой дэмжлэг өгөхөд л эвийг нь олоод аливаа өөрчлөлтөд тогтвортой үлдэх боломж байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.