Тэр оргил бидний уул
Тэр оргил бидний уул

Байтагийн заставын бяцхан "хилчид"

Алдаатай оноотой хоногоо болбол, хө,

Алмайлдаад ангайлдаад барна аа, яах вэ,

Адагтаа хоосон хорвоотойгоо бодохлоор л

Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа!...             

 /Ардын уран зохиолч Д.Урианхай/

Битүү, дүнсгэр өдөр байна. Харин тэр зуны тэнгэр ямар байсан бол? Нартай, бороотой эсвэл ийм саарал аль нь? Хайрт хөвгүүдээ алдсан эх орон эмгэнэн гашуудаж, эмтрэн өмөрч байсан байх даа ...

Эх нутгийн үнэ цэн, эр цэргийн тангарагт үнэнч амьдарсан, үхлээс үл эмээж үүрд үнэн оршсон омголон монгол хөвгүүдийн халуун амиа шингээсэн уул ус, хөрс шороо дээр алхаж байна. Уулсын оройд тогтсон зузааран зузаарсаар хайлган цагт л бэл рүүгээ уруудахаар болж дагтаршжээ. Үүлс бүрхсэн саарал тэнгэр, өндөр өвстэй шар талын заагт бараантан бартайж, хүрэнтэн хүглийх нуруу, хадан уулс. Өгсөх тусам хүчирхэгжих сэрүүн салхины уруу зогсоод доош харвал хар ногоон харгай, дэн шар улиасаар чимсэн Бүдүүн харгайт гол.

baitag_bogd_3  "Бүдүүн харгайт" голын намар

Энэ бүхнийг үзсэн оюун бодол, сэтгэл зүрхний хөг алдарч уярал хайр, нинж мэдрэмжээр бялхана. Улс орон, газар нутаг, эх үндэс хэмээгчийн төлөө ухаан санаа, буй биеэ өгсөн өрөвдөөд уйлмаар тавилантууд минь. 

Дахиад жаахан зогсмоор нөмөртэй, “Дурсгалын цогболбор”-ын шатаар илүү аяар өгсмөөр хүндлэлтэй, энд үрэгдсэн монгол амь бүрийн төлөө хүн шиг баймаар зоригтой, хүн шиг явж чадахгүй байгаа хойч үеийнх нь өмнөөс өршөөл эрмээр гэмшилтэй санагдана.

Өгсөх замд Бүдүүн харгайт голын хойд өндөрлөгт байрлан дайснуудтай тулалдаж буй зургаадугаар отрядын хоёрдугаар сумангийн тасгийн дарга Б.Гиваан, хилчин Б.Тэгшээ, Л.Даваадорж гурвын дүрийг товойлгож хийсэн дурсгал угтана. Хар дэвсгэр дээр алтан шаргал өнгөөр дүрсэлсэн тэрхүү хөшөө үзэсгэлэнд өлгөсөн зураг шиг үзэгдэнэ. Хөшөөний өмнө тулга залж, түүний наана баатрын улаан таван хошуу байрлуулан, хоёр талд нь дурсгалын үгс болон дайчдын нэртэй боржин чулуу тавьжээ. Энэ дурсгалыг 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр Хилийн цэргийн 0130 дугаар ангийнхан бүтээж.

baitag_bogd_2 Энэхүү дурсгалыг 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр хилчид босгожээ.

Анх буюу Байтагийн байлдаанаас 40 жилийн дараа босгосон дурсгалын хөшөө, гурван дайчны амиа өргөсөн хойд өндөрлөгт хүрэхийн тулд дахиад жаахан явна. Нутгийн амьтан, лусын эзэн эрээн “хайрхан”-аар угтуулж зорьсон газраа ирлээ. Гурван нөхөр зэрэгцэн зогсох шиг гурван чулууг зэрэгцүүлэн босгосон дурсгал дээр “1948 оны долоодугаар сарын 8-нд Гоминданы дээрэмчдийн довтолгооны эсрэг амь, бие үл хайрлан баатарлагаар тулалдаж мөнхийн гавьяа байгуулсан эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулав. 1988 оны есдүгээр сарын 17” гэж хар дэвсгэр дээр шар өнгөөр дармалджээ. Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Т.Баян, Э.Архад, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Х.Гончигзэгвээ, Ч.Пэлжээ гэдэг нэрсийг тав, таваар нь бичиж хоёр талын багана дээр хадсан байна. Гурван дайчин амь үрэгдсэн хойд өндөрлөг хэмээх бэсрэг хадан уул дээр овоо босгон тэмдэглэжээ.

baitag_bogd_11 Энэхүү дурсгалыг 1988 оны есдүгээр сарын 17-нд босгожээ.

Түүхийн сурах бичгийн тал хуудаст дурдсанаар хүүхэд залуусын мэдэх “Байтагийн тулгаралт” 1948 оны долоодугаар сарын 8-нд энд болжээ.

Далан долоон жилийн өмнө дайтаж үлдээсэн нутаг, 63 жилийн өмнө зааглагдсан улсын хил дээрээс өмнөх он цагуудад үргэлж монголынх байсан уулс, нуруудыг саравчлан зогсож байна.

Нэг л өглөө хил хэмээгч давж болохгүй “үг”-ээр хязгаарлуулж, ус нутагтайгаа харийн харьяат болчихсон торгууд түмний элэг эмтлэм тавилан заяаг эргэцүүлж байна. Үргэлжилсэн нуруудаас хамгийн өндөр нь гэмээр гурвалжлан үзэгдэх тэргүүндээ цастай буурал уул Байтаг богдын ноён оргил ажээ. Монгол Улсын Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг богд уулынхаа өндрөөс хилийн цаана үзэгдэх тэр сайхан оргилыг удаан гэгч харж нүд, сэтгэлдээ тогтоож авлаа. Хилийн цаана үлдсэн Саяны нурууны шовх оройт уулыг хойд хилээс хараад “Бидний уулс” гэж бодож зогссоноо бас л ингэж удаан ширтсэнээ, дотночлон хайрлаж сүсэлснээ, дотроо баахан “багтарч” байснаа санаж байв.

baitag_bogd_10 Байтаг богдын нуруу, хилийн цаана орших ноён оргил харагдаж байна.

Ингээд ганцхан удаа зогсож үзвэл монгол хүн эцэг дээдэс юуны төлөө тэмцэж, энд олон зуун эрс цусаа асгаруулан тулалдсаны эцэст бидэнд юу үлдэж, тэд юу авсныг, бид юугаа алдаж, тэд юу олж авсныг ойлгох болов уу. Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараах үеэс эхлээд 40 гаруй жил үймээн бужигнаан, тэмцэл зөрчилтэй байсан баруун хязгаар нутагт 1948 онд монголын хилийн цэрэг Гоминданы хил зөрчигч дайснуудын дунд хүч тэнцвэргүй байлдаан буюу Байтаг богдын тулалдаан болжээ.  

Өдгөө Байтаг богдын нурууны үргэлжлэл, ноён оргил нь оршиж буй Шинжааны нутагт ураны орд газар илэрсэн нь тухайн үеийн ЗХУ болон өрнөдийн орнуудын анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд Ойрх дорнодод хэрэгжүүлж байсан Зөвлөлт холбоот улсын бодлогыг таслан зогсоож, тэдний нөлөөг батжуулахгүйн тулд АНУ-ын зүгээс Гоминданы армид хөрөнгө мөнгө, зэр зэвсгээр туслах янз бүрийн арга хэрэгжүүлж байсныг түүхчид өгүүлдэг. Монголчууд ч зүгээр суугаагүй. Монголын хилчид Оспаны дээрэмчидтэй олон удаа зэвсэгт мөргөлдөөн хийсний эцэст 1944 онд маршал Х.Чойбалсан дипломат харилцаа тогтоохоор Оспантай биечлэн уулзсан бөгөөд түүний хүчийг гоминданы эсрэг ашиглан Шинжааныг чөлөөлүүлсний дараа Шинжаан дахь монголчуудыг чөлөөлөх бодлого хэрэгжүүлэхийн тулд буу зэр зэвсгийн туслалцаа үзүүлж байж. Ингэхдээ манай улс ЗХУ-аас зэв зэвсгийн тусламж авсан байдаг. Гэвч Оспан гэрээгээ зөрчиж дахин хатгалдаж эхэлсэн гэдэг. Угтаа Оспаны дээрэмчид, Гоминданы цэрэг, тагнуулууд монголын баруун хязгаар нутаг, ард иргэд, аж төрөл, хилчин дайчдыг амар суулгадаггүй он жилүүд байжээ.

baitag_bogd_8  Ховд аймгийн Булган сум, Байтаг богд уулаас эх авч урсах Бүдүүн харгайт гол

Тэгээд эцэстээ энд тулалдаж. 1948 оны долоодугаар сарын 8-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Т.Баян, Э.Архад, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Х.Гончигзэгвээ, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын ам дахь харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа өөрсдийн тооноос даруй 15 дахин олон, өвч зэвсэглэсэн Гоминданы цэрэгтэй тулгарчээ. Тухайн өдрийн хилийн манааны ахлагч Г.Хаянхярваагийн төлөвлөгөөгөөр ес нь байлдаж, хүний ганц хүү Ч.Пэлжээгээр хэл хүргүүлэхээр суман руугаа давхиулсан гэдэг. Хойд өндөрлөгт тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, туслах наводчик Л.Даваадорж, зүүн өндөрлөгт Д.Чойжин, Х.Гончигзэгвээ, Э.Архадыг байрлуулан, Н.Дандархайдавт морьдоо даатгаад, өөрөө Т.Баянгийн хамт байрлан эрэлхгээр, ухаалгаар тулалджээ.

Арвуулаа мордсон хилийн манааны эрчүүдээс дөрөв нь эргэж ирэв. Нар салхи, бороо шороонд гандаж гундаагүй “Үүрд дурсана” самбарт сийлсэн Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Т.Баян, Э.Архад гэдэг нэрс. Эр зориг, энэрэл хайр, ялна гэдэг итгэлээ тээсээр ид залуухан насандаа энэ газар шороонд эх нутгийнхаа ариун хөрсөнд мөнхөрчээ.

baitag_bogd_7 Овоо босгож тэмдэглэсэн хойд өндөрлөг

Хоёр хөршийн элдэв бодлого, хавчлага дунд оршиж, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зүтгэж байсан Монголд энэ тулалдаан, үүнээс өмнө өрнөж байсан мөргөлдөөнүүд аль аль талын нөлөө үзүүлсэн юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, үүнээс нэг жилийн дараа БНМАУ-БНХАУ-ын хилийн гэрээ байгуулагдаж өнөөдөр бид эндээс тийшээ саравчилж зогсоод, элгэн улаан чулуудад алгаа наагаад эх орны тухай бодож чадаж байна. Байтаг богдын байлдааныг Хятад улс хойд хөрш Монгол Улстай хийсэн цорын ганц цуст тулаан гэж тэмдэглэдэг юм билээ. Тун залуухан БНХАУ-ын хувьд аргагүй биз ээ.

Уруудаж уулынхаа бэлд ирлээ. Шавар чулуун нуувч, бэсрэгхэн байгууламж байсан бололтой буурь, туурь далан жилийн өмнө цэрэг эрс байрлаж, байлдаж явсныг гэрчилнэ. Уулын нөмөрт айлын өвөлжөө харагдах нь малчид, хилчид хоёр зэрэгцэн эх орноо хамгаалж, эзэн нь болж явааг илтгэнэ.

baitag_bogd_6 "Байтагийн тулалдаан"-аас 26 жилийн дараа энэхүү дурсгалын баганыг босгожээ.

Байтаг богдод ирэгчийг “Хилчин баатруудын алдрыг үеийн үед мөнхөд дурсана. 1974.05.01” гэж хүйтэн чулуун дээр сийлсэн дулаан үгстэй багана угтаж, үднэ. Үл мартан үргэлж санаж, хөшөө дурсгалыг нь бүтээн босгож, он жилүүдийн халуун, хүйтэнд гандааж гундаалгүй арчилж, үлдээсэн үйл хэргийг нь үргэлжлүүлж, энхийн цагт хилээ манаж, эх нутгаа хайрлаж, хамгаалж яваа нь Байтагийн хилчид юм.  

baitag_bogd_1 Байтаг богдын хилчид

Байтаг богдын бараа ихтэй, ноосолсон тэмээ шиг зүстэй цэлдэн бор уулс алсарч тэртээд Уушгийн улаан, ягаан, ухаа уулс үзэгдэнэ. Тэр өдөр байлдагч Б.Тэгшээгийн хүрэн халзан морь, хилчин Ч.Пэлжээ хоёр дайсны дайралтад өртсөн тухай яаралтай мэдээг Дамжигийн суманд хүргэхээр хүлгийн хурд, хүний авхаалж мэдэн тэртээх уулсын дундуур хурдалж явсан байх даа. Эх орондоо хайртай, хүний ганцад хүндлэлтэй, хүлэг мориндоо итгэлтэй эрс байжээ, монгол хүн. Үүл цоорохгүй бүрхийсээр нар жаргах нь ээ.