Өөрийнх гээд тэмдэглэдэг баяр, өөрийн гэж хүлээдэг хүмүүстэй байх сайхан 
Өөрийнх гээд тэмдэглэдэг баяр, өөрийн гэж хүлээдэг хүмүүстэй байх сайхан 
Өөрийн гэсэн зүйлтэй байх сайхан. Өөрийн эх оронтой, өөрийн бахархалтай, өөрийн гэр бүлтэй, өөрийн хайртай хүмүүстэй, өөрийн соёл уламжлалтай, өмчилж тэмдэглэдэг баяртай байх ямар сайхан бэ.

Буурай ээж бид хоёрын бэлэг боох тусгай ажиллагаа 

Дурсамж тэмдэглэл

Өөрийн гэсэн зүйлтэй байх сайхан. Өөрийн эх оронтой, өөрийн бахархалтай, өөрийн гэр бүлтэй, өөрийн хайртай хүмүүстэй, өөрийн соёл уламжлалтай, өмчилж тэмдэглэдэг баяртай байх ямар сайхан бэ.

Өнгөрөх он цагаас өнөөдрийн ой дурсамжид хамгийн тод ирж, он жилүүд улирах тусам үнэ цэнтэй болж, бодохын төдийд ямар нэгэн тунгалаг зүйл хоолойд зангирам болгох хэр нь нүүрэнд инээмсэглэл, зүрхэнд баяр баясал нэмдэг буурай ээж, бид хоёрын цагаан сарын бэлтгэл ээ гэж. 

Сургуулийн өвлийн улирлын амралт эхлүүлээд л миний буурай аавынд очих, буурай ижийн цагаан сарын бэлэг цуглуулах бэлтгэл зэрэг шахам эхэлдэг байлаа. Сумын төв орох бүрдээ л тор, хайрцаг, шуудай дүүрэн эд бараа, чихэр жимс авч ирнэ. Хоёулаа бүгдийг нь эмх цэгцтэй гэгч нь амбаартаа хурааж байгаад битүүний урд өдрийн орой буюу намайг сумын төвийн гэртээ харихаас өмнө бидний бэлэг боох ажиллагаа эхэлнэ. Хамгийн их догдолж хүлээдэг ажил. Цагаан сарын бэлтгэлээс хамгийн дуртай нь. Эцэст нь бэлэг бооно гэдэг догдлом бодол, урам зоригтоо хөтлөгдөөд хог шороо арилгах, тоос түйрэн үргээх, угааж арчих, аравч, хөшиг татах, толь, жааз зүлгэх зэргийг гялалзуулна.

Буурай ээж үр хүүхэд, ач, зээ нартаа хэрэгтэй зүйл, дуртай амттан, бүр татдаг тамхийг нь хүртэл сонгож бэлэг базаана. Нэг жилийн цагаан сараар өгсөн шар цамцаар нь 10 жил гангарч билээ. Одоо ч хааяа өмсдөг.

Хоймрын дэвсгэр, баруун, зүүн талын ширмэл ширдэг дэвсэж, айлын хүмүүсийн хөдөлгөөн багассан үеэр бидний бэлэг боох тусгай ажиллагаа эхэлнэ. Амбаараас хайрцаг савтай зүйлсээ зөөж ирээд гэрийн зүүн талыг эзлэн сууцгааж, бас бэлгээ зэхсэн авдруудаа нээж орхиод, банкнаас өчигдөрхөн авсан шинэ мөнгөтэй түрүүвчээ гаргаж бэлдээд л насны дарааллаар бэлгийг нь боож өгнө дөө. Хүмүүсийн чихрийн тоо, торгоны өнгө, дээр нь тавих мөнгөний дүн гээд бүгдийг анхаарах хариуцлагатай үүргийг биелүүлнэ.

Тэгэнгээ дөрвөлжин цагаан ямбуунд хавсай, домбон ёотонгийн хэлтэрхий боож өгдөг байсан үеийн цагаан сарын түүхүүдийг сонсож, заримдаа элгээ хөштөл инээж, хааяа тэднийг өрөвдөнө. Бэлэгт өгөх, таваг чимэх гэж авсан гоёмсог цаастай, элдэв өнгөтэй амттан бүрээс амсана, заримаас нь бүр хувь хүртэнэ. Бид хоёрыг ингэж том ажил амжуулж байх зуур буурай аав цай уунгаа бидний ярианд хөгжин хөхөрч эгээ л хөгжөөн дэмжигч аятай суудаг сан. Бид хамтдаа бэлэг боогоогүй олон жил болжээ. Миний догдлом ажлыг одоо үеэл дүү маань залгамжилсан. 

Цагаан сарын бэлтгэлээр дахин нэг хүндтэй үүрэг хүлээж авсан нь бурхан тахилын тоос үргээж, битүүн болон шинийн нэгэнд өргөх том, золгож ирсэн айлын таваг дээр өгч явуулах жижиг цөгцөнд зул хийх байв. Анхлан бурханы шашин дэлгэрсэн хошууныхан болоод ч тэр үү манайхан сүсэг бишрэл ихтэй, аливаа бурхныг шүтээнчлэн залж, идээ будаа, цай сүүний дээж өргөж, үргэлжид зул бадрааж байдаг уламжлалтай. Буурай ижийгээ судар барин гороо хийхээр дээлийн хормойноос нь зууралдан гэр тойрдог, бөөр нь цайрсан модон эрхийг нь бариад мэдээ орохоос л цээжлүүлсэн насны бурхны зүрхэн тарнийг уншдаг хүүхэд байсан тул тэрхүү уламжлалд тун хүндэтгэлтэй ханддаг. Битүүний өдөр чин сэтгэлээс гүн хүндэтгэлтэй хийдэг ажил маань байжээ. 

Буурай аавынх бууз, хэвийн боов хийх ажил бол олны хүчээр бүтнэ. Гурилын мод, элдүүр, бууз өрж хөлдөөх мод, махны машин зэргийг барьсан хүмүүс тал талаасаа цуглаад инээд хөөр, шүлэг дуу болж байгаад л гялалзуулчихна.

Эдгээр ажлаас хүүхдүүдэд хамгийн зугаатай нь хэвийн боов чанах тос руу эхэлж хийгээд дуусах хүртэл нь түлэгдэж харлатлаа тогоонд эргэлддэг могой дүрс болон тахилын самар хийх хоёр. Өчнөөн янзын могой зангидаж тогоо руу хийгээд гурилаар тоглолоо гэж зэмлүүлэх боловч үл шантарна.

Харин тахилын самар хийх гэж бүтээл урлах мэт бөөн юм болдог ч олонхдоо амжилтад хүрдэггүй байж дээ. 

Цагаан сарын хамгийн догдлом, хамгийн хүндтэй, хамгийн зугаатай үүрэгтэй байсан хүн одоо бол харьж очиж яваадаа л догдолдог болов. Харин бэлэг боох ажиллагааны босс буурай түүнээс ч илүү сэтгэл нь хөдөлж хагас цаг тутам залгаж хаана явааг минь асуудаг болсон юм. 

Үр хүүхдүүддээ, ач, зээдээ, зээнцэр, ачинцартаа, ах дүү садандаа, айл саахалтынхандаа, огтоос танихгүй хэн хүнд хүртэл тухайлан бэлэг бэлдэж, тусгайлан боосоор он жилүүдийг угтан авч, үдэн мордуулж суугаа цагаан сарын бэлтгэлийн босс, хөгжөөн дэмжигч хоёроо зорьж явна. Өөрийнх гээд тэмдэглэдэг баяр, өөрийн гэж хүлээдэг хүмүүстэй байх сайхан. 

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд суугаа болон өөрийн улс орондоо сар шинээ угтаж буй монгол хүн бүр сайхан шинэлээрэй.