Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн багш, уран бүтээлч Э.Анхбаяртай ярилцлаа. Түүний уран бичлэгийн бүтээлүүдээс монгол бичгийн зөв, хичээнгүй тиг, шинэлэг, бүтээлч өнгө аяс мэдрэгддэг юм. 10 гаруй жилийн турш өдөр алгасахгүй бийр, бэхтэй нөхөрлөж монгол уран бичлэгээ сурч судлах, бусдад зааж сурган түгээн дэлгэрүүлэх үйлсийг үүргээ хэмээн ухамсарласан, тууштай, хичээнгүй залуу судлаачийн яриаг хүргэж байна.
- Таны монгол бичгээ сонирхон суралцсан, тэр тусмаа монгол уран бичлэгтэй хэрхэн холбогдсон талаар яриагаа эхэлье.
- Бусад хүүхдийн л адил дунд сургуульдаа монгол бичгийн хичээл үзсэн. Улмаар хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуульд 2008 онд оюутан болж титэм, шүд гээд монгол бичгээ дахин сурч, судалж эхэлсэн маань их нөлөөлсөн. Манайх тухайн үед улсын хэмжээнд монгол бичгээр дагнаж хичээллэдэг ганцхан дээд сургууль байсан. 1990-ээд оноос хойш монгол уран бичлэгийг хөгжүүлэх үйлсэд манай сургуулийн үүсгэн байгуулагч их эрдэмтэн болон багш нар маань ихээхэн хувь нэмэр оруулсан шүү дээ.
Оюутнуудад хоёрдугаар курсээс нь бийрийн бичлэгийн хичээл орж, сайхан бичиж байгааг анхаарч, илүү хөгжүүлдэг байсан. Миний хувьд долоо хоногт нэг удаа эхний цагт ордог, сонгон суралцах хичээлийн жагсаалтад байдаг энэ хичээлд холоос явдаг тул ихэнхдээ сууж амждаггүй байлаа.
Харин нэг өглөө маш эрт босоод сургууль дээрээ иртэл бийрийн бичлэгийн хичээлтэй байж таарсан. Тэр өглөө бийр бариад үсэг, үг бичээд эхэлсэн чинь нэг их онцгой сайхан мэдрэмж төрсөн. Түүнээс хойш эртлэн сургуулиа зорьдог болсон доо. Бийрээ бариад бичихээр тайвшрал мэдэрч, бясалгал хийсэн дайны болоод ирдэг юм. Дээд сургуулийн гуравдугаар курсийн хоёрдугаар хагасаас эхэлсэн гэж үзвэл монгол уран бичлэгтэй холбогдож ажил, амьдралаа болгоод 10 гаруй жил болж байна.
- Сургуулиа төгсөөд “Бичиг соёл төв”-д уран бүтээлч болсон уу?
- Бидний багш Д.Ганбаатар гээд “Бичиг соёл төв”-ийн тэргүүн, мөн л монгол уран бичлэгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж яваа хүн бий. 2012 онд сургуулиа төгсөөд дотооддоо болон гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тус төвд уран бүтээлчээр ажилласан. 2016-2020 онд төгссөн сургуульдаа Монгол уран бичлэгийн багшаар ажилласан. Бас чөлөөт уран бүтээлчээр хоёр жилийн хугацаанд ажиллаж үзсэн. Тэгээд 2022 оноос Хүүхдийн урлан бүтээх төвд уран бичлэгийн багшаар ажиллаж байна.
- Та сургуулиа төгссөн цагаасаа эхлээд хүүхэд, оюутан, багш гээд олон янзын хүнд хичээл зааж байна. Ямар арга барилаар заадаг вэ. Одоогийн хүүхдүүд монгол бичгээ сурах сонирхол хэр байна вэ?
- Үнэндээ, одоогийн хүүхүүдийн сонирхол бага байна. Өөрөө сурахаар ирж байгаа нь ч байна. Эцэг, эхийн шахалтаар ирэх нь ч бий. Багш бүр өөрийн арга барилтай. Миний хувьд хүүхдийн сонирхлыг олж байгаад түүнтэй нь нийцүүлэн заах, сургах барилаар ажилладаг. Эхнээс нь зөв суух, зөв бичих суурийг нь тавих нь чухал. Тэгээд бийрийн өргөлт, даралт, эхлэл, төгсгөл гээд бүгдийг нь нарийн зааж өгөөд явдаг даа. Хүүхдүүдээ чадахаараа л дэмждэг. Урлан бүтээх төвд багшилж буй нэг жил гаруйн хугацаанд анхны хичээлээс одоог хүртэл явж байгаа хүүхдүүд байна, хэд суугаад орхисон нь ч бий. Ер нь монгол бичгийн хичээлийг дунд сургуульд туслах хичээл маягаар явах бус үндсэн гол хичээлд нь оруулж заавал үзэж, сурах ёстой гээд бодлогоор шийдэж, дэмжиж өгөх хэрэгтэй. Уран бичлэг сурах гээд ирж байгаа зургаадугаар ангийн хүүхэд үсгээ үзэж дуусаагүй, долоодугаар ангидаа дөнгөж үсгээ бүрэн сурч байна. Сургалт, дугуйлангаар ч юм уу эсвэл хичээлийн явцад илүү сонирхон сурсан 10, 20 хүүхэд монгол бичигтэй боллоо гэхэд бусад хүүхэд орхигдож байна шүү дээ.
Яах вэ, оюутнуудын хувьд мэргэжлээ сонгоод ирсэн, үндсэн хичээл нь тул өөрсдөө хичээгээд явчихдаг. Зөвлөгөө маягаар хэлж, зааж өгнө. Хүүхдэд бол заавал жолоодлого хэрэгтэй байдаг юм билээ. Гэхдээ хүүхдийн хүлээж авах, тогтоох, сурах байдал нь томчуудын сурах үйл явцаас илүү хурдан.
Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн ангийн хичээлийн үеэр
- Уран гоё бичих, монгол бичгийн дүрмээрээ зөв бичих хоёрыг хослуулж авч явахгүй бол хээнцэр тансаг бүтээл алдаатай байгааг харах эвгүй байдаг.
- Монгол бичгийг сурч, судалж байгаа хүмүүс эхлээд дүрмээ сайн сурчихвал зүгээр. Хэдий сайхан бичсэн ч үг нь буруу бол тэр бүтээлийн утга алдагдана. Монгол бичгийн цагаан толгойг крилл үсэгтэй харьцуулбал дүрэм цөөнтэй шүү дээ. Дүрмээ сайн сурчихвал мэдээж алдаагүй бичнэ.
- Монгол бичгийн хүнийг татах увдис юу байдаг юм бол?
- Гайхалтай түүхтэй, монголын асар том соёлын нэг. Сурч, судалж үзэх тусам гайхамшигтай. Монгол бичигтээ хайртай.
- Хамгийн их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж бичсэн ямар бүтээл байдаг вэ?
- Гурван сар түрүүлгээ харж хэвтэж бичсэн Монголын нууц товчоо бүтээл. 2013 онд манай Бичиг соёл төвөөс “Монголын нууц товчоо – Монгол бахархал” үзэсгэлэн дэглэсэн юм. Үүнд зориулж зургаан уран бүтээлч тус бүрдээ Монгол нууц товчоог бүтнээр өөр өөрийн өнгө аяс, зохиомжоор бичсэн. Миний хувьд 360х140 см-ийн муутуу цаасан дээр, мөр хоорондоо 5 мм-ийн зайтайгаар үсэн бийрээр бичсэн. Их Монгол Улсын үеийн газрын зураг дээр байгаагаар зохиомжоо хийсэн. Дөрвөн уран бүтээлч нь ийм том хэмжээтэй цаасан дээр бичсэн юм. Бохирдуулахгүй, гэмтээхгүйн тулд том муутуу цаасаа дэлгэж өөр цаасар бүтээсэн. Тэгээд бүтээсэн цаасаа өчүүхэн зайд хөдөлгөж муутуугаа ил гаргаад бичиж явсан даа. Их нарийн зайд бийрийн үзүүрээр бичихээр нэлээн хөдөлмөр, цаг хугацаа, хөлс хүч шаардана. Өглөө 09:00 цагаас эхлээд шөнийн 00:00 цаг хүртэл тасралтгүй хэвтэж бичиж байсан үе бий.
- Одоо бүтээл хаана байгаа вэ?
- Хувь хүний сан хөмрөгт байгаа.
- Худалдагдсан гэсэн үг үү?
- Тийм.
- Ер нь хүмүүс мэдэхгүй ч гэсэн монгол бичгээ хүндэлдэг, өдөр тутмын хэрэглээ, бэлэг дурсгалын зүйлдээ хүртэл шингээхийг эрмэлздэг болж.
- Сайшаалтай тал зөндөө бий. Төрийн бичиг болгоно гэсэн цагаас хойш албан байгууллага, хувь хүн монгол бичиг сурах нь нэмэгдэж байна. Таны хэлснээр монгол бичгээр бичсэн бэлэг дурсгалын зүйл нэгэндээ өгөхийг эрмэлздэг болж.
Уран бүтээлч Э.Анхбаяр
- Бүтээл хийх арга барилаасаа хуваалцвал?
- Бичихээсээ өмнө зохиомжоо, бичих үгээ, тэр үгийг хэрхэн бичих, татах вэ, хэрхэн эхлэх вэ гээд л бодно. Сайн бодохын хэрээр чанартай бүтээл гарна. Ганц бичилтээр гарах нь ч байна. Хэдэн удаа бичээд ч гараас гарахгүй байх тохиолдол байдаг. Бүтээлээ бичиж эхлэхийн өмнө тархиа гашилгадаг даа. Маш сайн төвлөрч, өрөөндөө нам гүм ганцаараа сууж байж бичвэл илүү байдаг юм. Тухайн үеийн сэтгэл хөдлөл бас нөлөөлнө.
- Бүтээлүүдээ тоолж байсан уу. Заримаас нь дурдвал?
- Заа. Яг чанартай бүтээл гэвэл 100 орчим байгаа болов уу. Зүгээр бэлэг дурсгал, хүмүүсийн захиалга, хүсэлт зэргийг оруулбал их олон болох байх. Дээр ярьсан Монголын нууц товчоо бүтээл маань байна. 2016 онд Мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэнд тэргүүн байр авч байсан “Оюун түлхүүр сургаал”-ийн хэсгээс хар дэвсгэр дээр алтан боронзоор бичсэн 90х160 см орчим бүтээл. Тус үзэсгэлэн тухайн онд анх удаа шилдэг бүтээл шалгаруулж тэргүүн байрыг нь авсан болохоор чанартай бүтээл болж дээ гэж боддог. Тусгай байрт нь Өвөр Монголын Үнэнчбаатар гэдэг хүний бүтээл орж байсан.
Тэр хананд өлгөөтэй байгаа “Амитаба” гэдэг бүтээл байна. 2019 онд “Урлагаар шинэчлэхүй-Монголын өв, соёлыг сурталчлан таниулах зураг, уран бүтээлийн үзэсгэлэн”-д шалгарч оролцсон монгол бичгийн хоёр бүтээлийн нэг болсон. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банк болон “Олон улсын худалдааны төв”-өөс зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд болсон тус үзэсгэлэн АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банкны байранд гурван сар орчим үргэлжилсэн юм билээ.
- Амитабаг бүтээл болгосон шалтгаан нь юу байв?
- Ер нь уран бичлэг бичдэг хүн бүрд л яруу найрагч Д.Нямсүрэн гуайн Амитаба шүлгийг бичээд үзье, бичих юм сан гэдэг бодол байдаг байх. Эрч хүчтэй, залбирч сүслэж байгаа мэт байдлаар зохиомжилж хийсэн бүтээл. Би бүтээлээ тэр үзэсгэлэнд зориулж хийгээгүй. Өмнө нь бичсэн байсан юм. Харин шалгаруулалтын зар хараад зургийг нь явуултал тэнцээд тэгээд Амитаба маань АНУ-ыг зорьж, гурван сар үзэсгэлэнгийн танхимд заларч байгаад ирсэн.
Уран бүтээлч Э.Анхбаярын Амитаба бүтээл
- Өвөр Монгол уран бүтээлчийн тухай дээр дурдлаа. Тэдний болон манай уран бичээчдийн арга барил хэр зөрүүтэй вэ?
- Бийрээр бичиж байгаа нь бол өөр. Өвөр Монголчууд илүү ханз талдаа тулгуурласан юм уу гэмээр анзаарагддаг. Хоёр уран бүтээлчийн бүтээлийг харьцуулаад харваас их ондоо байдаг л даа.
- Таны бүтээлүүдийг хархад бэхээ энд тэндгүй цацаж цалгиасан биш уншигдахуйц ойлгомжтой, хичээнгүй тигээр бичсэн гэмээр ч юм уу байдаг. Өөрийн бичлэгийн өнгө аясаа тодорхойлбол?
- Миний хувьд уралдаан тэмцээн, үзэсгэлэн ер нь юунд ч бай төвийг барьсан, хичээнгүй маягаар бичдэг. Ингэж бичихэд бийрийн өргөлт, даралт маш чухал. Тодорхой хэмжээнд надаас үлгэр дуурайлал авдаг хүмүүс байгаа. Зарим хүн чиний бичиг их зөөлөн юм гэж хэлж байсан нь бий. Анх суралцаж байгаа хүмүүс уран бичлэг гэхээр татсан, цацсан замбараагүй том, жижиг үг, үсэг гэж ойлгох хандлагатай байдаг. Хичээнгүй бичсэн нь ч уран бичлэг мөн. Хамгийн гол нь зөв тигийг заах, сургах, өвлүүлэн үлдээх зорилготой байдаг. Багш маань ч өөрийн бичиж буй энэ байдлаараа онцлогоо гаргаад явж бай. Хүн бүр өөр өөр өнгөтэй. Гэхдээ зөв сурах, бичих нь чухал гэж хэлж байсан.
Хичээл зааж байгаа хүмүүс сайхан бичдэг байх хэрэгтэй. Хэдий сайн заах арга чадалтай багш байлаа ч бичиг муутай бол нэг дутагдал болно шүү дээ. Тиймээс багш хүн илүү хөдөлмөрлөж, илүү суралцаж, байнга л өөрийгөө хөгжүүлж байх ёстой гэж боддог. Зарим хүн ганц, хоёрхон жил биччихээд сургалт, дугуйлан явуулах нь олширч. Бусдад заах, түгээх, өвлүүлэх зорилготой хүмүүс зөв, сайхан юмыг л сургах учиртай гэж боддог.
- Мэдээж монгол бичгийн бүтээлүүдийг эргүүлж тойруулж уншдаг, үзэж хардаг байх. Ихэвчлэн ямар эх сурвалж үзэж байна вэ?
- 1600, 1800-аад оны үеийн нугалбаруудын бийрэн бичлэгийн тиг сайхан. Архивт их бий. Бодитоор харж байж нүдэнд сайн бууж өгдөг тул тэндээс нэлээн их зүйл сурч судалдаг. Сүүлийн жилүүдэд хулсан үзэг мөн эрчийг авч хүн бүрийн сурах ёстой зүйл болчихсон. Судлаачдын үзэж байгаагаар бидний өвөг дээдсийн үед хулсан үзгээр бичиж байсан гэдэг. Хамгийн том уран бичлэгийн дурсгал “Чингисийн чулууны бичиг”-т хулсан үзгийн тигээр бичсэнээс авч үзвэл хулсан үзгийн өвтэй байсан гэж үздэг. Манайд уран бичлэгт бийрэн бичлэг болон хулсан үзэг гол давамгайлж байна. Бийр шиг их цаг зарцуулж чадахгүй байгаа ч хулсан үзгээр тодорхой хэмжээнд бичээд явж байгаа. Ер нь бичгийн хэв дээр үндсэн тигээ л барьж явах маш чухал.
- Одоо алтан боронзоор хүрээлж буй энэ бүтээлийнхээ талаар ярьж болох уу. Энэ ямар цаас вэ, ийм гоёмсог өнгөтэй?
- Болно оо. Чингис хааны билиг сургаалаас бичиж байна. Би янз бүрийн шүлэг, үлгэр, домгоос илүүтэй энэ сургаалийг бичих дуртай. Ер нь бүтээлийнхээ утга агуулгад илүү анхаарал хандуулдаг. Тиймээс их утга учиртай, монгол хүн бүр мэдэж, санаж явууштай эл сургаалыг бүтээлдээ шингээхэд сайхан байдаг.
Энэ бүтээлийг удахгүй болох Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын уламжлалт үзэсгэлэнд зориулж буй юм. Зөвхөн цагаан цаасан дээр хараар бичихийг уран бичлэг гэхгүй шүү дээ. Сэдэв, үг, цаасны сонголт, бэхийн өнгө гээд бүхий л зүйл таарч, тохирч, уялдаж байж бүтээл гарч ирдэг болохоор зохиомжоо бодож байгаад муутуу цаасандаа өнгөр оруулсан. Манай нэг багшид ийм өнгө оруулдаг техник байдаг юм. Бүтээлийг баяжуулах хэрэгтэй. Сонин содон дээр нь бүтээлийн агуулгаа илэрхийлэхэд дөхөм юм болов уу гээд ингэж үзэж байна. Өөрөө зураач хүн биш тул бодож, судалж байгаад өнгө гаргаж өгөх хүнтэйгээ зөвшилцөж санаагаа аваачиж үзүүлээд л ямар нэг үр дүнд хүрдэг дээ.
Чингисийн билиг сургаалаас бичиж зохиомжилсон бүтээл
- Арай өөр, шинэлэг байхыг хүсдэг байх нь тийм үү?
- Бүтээл бүр дээрээ шинэ санаа гаргаж ирэхийг хичээдэг. Нэг хайрцагт баригдаж, санаа, хэлбэр, агуулга давтахаас зайлсхийдэг. Гэхдээ бичгийн хэв, тигээ хадгалаад бусад талаар нь олон шинэ санаа агуулахыг зорьдог.
- Бичихгүй өдөр байдаг уу?
- Хамгийн удаан нь 14 хоног бичихгүй байж үзсэн. Аяллаар явсан юм. Тэрнээс бусад өдөр бүгдэд нь бичсэн, бичдэг. Байнга л хэрэглэж, бичиж, дадал болгож байхгүй бол болохгүй. Багшилж бусдад түгээх хүн чинь жаахан хөндийрвөл ухарна, ухрахгүй юм гэхэд байрнаасаа урагшлахгүй. Өдөр бүр бичиж, давтаж, судалж байж л ахицтай. Хаашаа ч явсан бичгийн хэрэгсэлтэйгээ явдаг. Монгол бичгийнхээ ачаар олон газар, орноор явсан. Тэр бүхэнд бийрээ аваад, дадлагаа хийгээд л явдаг. Өөрийгөө байнга бэлтгэж, хөгжүүлэхийг хичээдэг.
- Одоо нэг ийм л бүтээл хийчих юмсан гэж бодож явдаг байх.
- Бий, бий. Үндэсний номын санд 71.1 метр урт Саган Сэцний зохиосон “Эрдэнийн товч” хэмээх хуйлмал ном хадгалагдаж байдаг шүү дээ. Монголын нууц товчоогоо 100 метрийн урттай цаасан дээр бичиж маш сайн чанартай бүтээл болгох юм сан гэдэг санааг тээж явдаг.
- Зарим хүн крилл үсгийг орхиод шууд монгол бичигт шилжсэн нь зөв гэдэг. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?
- Тун удахгүй албан ёсоор хос бичигтэн болох гэж байна шүү дээ. Хоёр бичгээ хамтад нь аваад явсан нь дээр байлгүй дээ. Бодит байдал дээр хүн амын хэдэн хувь нь монгол бичигтэй байгаа билээ. Шууд шилжвэл бас нэг харанхуй үе гарч ирэх болов уу.
- Залуу хүн боловч миний хийж буй ажил бол миний үүрэг гэж ухамсарласан нь мэдрэгдлээ.
- Үүргээ биелүүлж байна гэж боддог. Энэ мэргэжлийг эзэмшсэн би ямар байдлаар өөрийн гар бие, хувь нэмрийг оруулж чадах вэ. Миний чадал ийм байгаа болохоор аль болох олон хүн монгол бичгээ сургах, сурталчлах зорилгоо биелүүлээд явж байна.
Ярилцлагын үеэр, Хүүхдийн урлан бүтээх төв, 2024.02.05
- Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд өөр нэмж хэлэх зүйл бий болов уу?
- Монгол бичгийн үзэсгэлэнгүүд болж байна. Тэр нь сайн. Гэхдээ илүү чанаржуулж, хамрах хүрээг нэмэх нь зүйтэй гэж боддог. Сурахад оройтохгүй тул монгол хүмүүс, ялангуяа залуучууд монгол бичгээ сурвал сайн.
Урилга хүлээн авч, ярилцсанд баярлалаа.