М.Энхням: Судалгаа хийх нь хичээлээр олсон мэдлэгээ бататгах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээдэг
М.Энхням: Судалгаа хийх нь хичээлээр олсон мэдлэгээ бататгах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээдэг

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдааны илтгэлийн төрөлд 2022, 2023, 2024 онд амжилттай оролцсон ДХИС-ийн төгсөгч М.Энхням

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Эл уралдааны илтгэлийн төрөлд 2022, 2023, 2024 онд амжилттай оролцож байсан ДХИС-ийн төгсөгч М.Энхнямтай ярилцлаа.

-Сайн байна уу. ДХИС-ийг хэдэн онд төгссөн бэ. Мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Сайн байна уу. Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 2025 оны төгсөгч. 2021 онд эрх зүйч мэргэжлээр элсэн орж, сургуулиа амжилттай төгссөн. Одоо мэргэжлээрээ өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байна. ЕБС-ийн сурагч байхаасаа илтгэх, мэтгэлцэх урлагт сонирхолтой байсан учир их сургуульд ороод мөн адил өөрийгөө олон талаар сорих, авьяас чадвараа дээшлүүлэн хөгжүүлж тэмцээн уралдаанд оролцдог байсан.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны илтгэлийн төрөлд хоёр жил дараалан амжилттай оролцож байсан юм билээ. Ямар сэдвээр хэрхэн оролцож байсан тухайгаа яривал?

-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдаанд ЭЗНУС-НЭЗТ-ийн ахлах багш, доктор, дэд хурандаа Т.Азжаргал, цагдаагийн ахмад, доктор И.Ургамал багшийнхаа удирдлагад дөрөвдүгээр курсийн н.Солонго эгчтэй хамтарч “Эрх зүйн ухамсрыг тодорхойлох замаар хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт илтгэлээр оролцож тусгай байрын шагнал хүртсэн. Энэ бол миний хамгийн анхны том амжилт байсан юм. Энэхүү илтгэлийг бичих явцдаа судалгааны ажлын арга зүй, техник, бүтэц зэргийг эрдэмтэн багш, ах эгч нараасаа суралцаж, дараа дараачийн эрдэм шинжилгээний илтгэлд оролцох болсон. Дараа жил нь оролцохдоо “Шүүх шинжилгээний салбарт хиймэл оюун ухаан, технологийн инновацыг ашиглах нь” сэдвээр ШМИ-ийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.Алтантуяа багшаараа удирдуулан илтгэл хэлэлцүүлж дахин тусгай байр эзэлсэн.

Харин 2024 онд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдал, онол практикийн тулгамдаж буй асуудал” сэдвээр оролцож гурав дахь жилдээ тусгай байр эзэлсэн. Ингэж гурван жил дараалан Хууль зүйн дотоод хэргийн сайдаас энэ нэр хүндтэй, шагналыг хүртсэндээ баяртай явдаг.

-Оюутны ширээнээс ажлын байранд гарсан шинэхэн ажилтанд орчин нөхцөл, бодит байдал ямар байна. Хэрхэн ажиллаж байна вэ. Уралдаанд оролцохоор судалгаа хийж буй оюутнуудад хандаж ямар үг хэлэх вэ?

-Хуульч мэргэжил биднээс маш өндөр хариуцлага, ур чадвар, ул суурьтай байдлыг шаардаж байдаг. Тийм учраас бид аливаа зүйлд өнгөц, хөнгөн хийсвэр санаа бодлоор хандаж огт болохгүй. Хуульч хүн маш их уншиж, судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Бидний хэлсэн ганцхан үг, хийсэн энгийн үйлдэл хэн нэгний амьдралд асар их нөлөө үзүүлж, дэнсний нэг талд туухай нэмж байдаг учраас нийгмийн үзэгдэл, харилцаа бүрийг уг үндсээс нь ойлгож, утга учрыг нь тунгаан бодож, өөрийн үйлдлийг нийгмийн тэрхүү хэм хэмжээ шаардлагад нийцүүлэн, цэгнэж явах хариуцлагыг энэ мэргэжил маань бидэнд оноодог.

Судлаач оюутан байх нь хичээлээр олж авсан мэдлэгийг бататгаж бусдаас түрүүлж алхах боломжийг нээдэг. Судалгаа шинжилгээ хийнэ гэдэг зөвхөн академик үр өгөөжөөр зогсохгүй, аливаа зүйлд ул суурьтайгаар хандах, одоогийн нийгэмд дутагдаж буй шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой. Энэхүү уралдаанд сонсогч, суралцагч оюутнууд та бүхнийг оролцоорой, өөрийгөө сориорой гэж урьж байна.