Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Дэлхийн байгаль хамгааллын конгресст Монгол Улс оролцож байна.
Энэ үеэр сайд Б.Батбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Байгаль орчны сайд Амна Ал Дахактай уулзалт хийж Байгаль орчны хоёр талт хамтын ажиллагаа болон ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 бага хуралд тус улсаас үзүүлэх дэмжлэгийн талаар яриа өрнүүлжээ. Улмаар талуудын ажлын хэсгүүдийг идэвхжүүлж, мөнгө санхүүгийн дэмжлэгийг судлан үзэж, албан ёсны хариу өгөхөө мэдэгдсэн байна.
Уулзалтад Монгол Улсаас АНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, СОР17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, БОУАӨЯ-ны сайдын зөвлөх С.Энхболд, СОР17 Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн дарга Д.Ариунтуяа болон Б.Билгүүн, А.Нарангаравуу зэрэг албаны хүмүүс байлцжээ.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагаа, Байгаль орчны асуудал хариуцсан дарга Шантал Фелдертэй хоёр талт уулзалт хийж байгаль орчин болон СОР17 бага хурлын талаар бүтээлч санал солилцов. Хоёр талын өмнө хэрэгжүүлсэн төслүүдийг дүгнэж, цаашид төслүүдэд уламжлалт байдлаараа хамтарч, үр дүнг бодит, бүтээлчээр хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах чиглэлийг баримталж буйгаа манай зүгээс онцолжээ. Түүнчлэн СОP17 бага хурлын үйл ажиллагаа, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, санаачилгатай оролцоогоор хангах бодлогын агуулга баримтлахаа Шантал Фелдер тэмдэглэн хэлсэн нь чухал юм.
Монгол Улсын сурталчилгааны танхимын эргэн тойронд
Дэлхийн байгаль хамгааллын конгресст оролцож буй Монгол Улсын сурталчилгааны танхимд Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан жагсаалт”-д бүртгэлтэй Их говийн зургаан амьтныг хамгаалах талаар танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Тахь, хулан, мазаалай, хар сүүлт, бөхөн, хавтгай зэрэг нэн ховордсон Монгол Улсын уугуул язгуурын амьтад уг жагсаалтад багтдаг.
Мөн өдөр БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, СОР17 ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах шинжээч А.Нарангаравуу зэрэг төлөөлөгч “Нэг эрүүл мэнд: Хүн, амьтан, экосистемийн цорын ганц эрүүл ирээдүй” арга хэмжээнд оролцов. Мөн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 хуралдааны талаар Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн шинжээч С.Тамир танилцуулга хийжээ.
Монгол Улсыг сурталчлах танхимд оролцогч орнуудын зочид, төлөөлөгчид ирж сонирхон, санал солилцож, манай талаас ч СОР17 бага хурал зохион байгуулах тухай мэдээлэл, сурталчилгаагаа амжилттай явуулсан байна.
35 улсын байгаль орчны салбарынхан хуралдаж байна
Дэлхийн байгаль хамгааллын конгресст 35 улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн сайд нар болон 10 мянга гаруй хүн оролцож байна. “Дэлхийн газрын хэтийн төлөв: Холболт ба газрыг нөхөн сэргээх сэдэвчилсэн тайлан” хэлэлцүүлэгт манай улсын БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар оролцож санал солилцлоо.
Мөн тэрбээр албаны хүмүүсийн хамт "Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай" конвенцын гүйцэтгэх захирал Ами Фраклинтай уулзалт хийжээ. Уулзалтаар Ами Фраклин Монголын говийн их дархан цаазат газар дахь Нарансэвстэйн боомт нээх асуудал нь байгаль, зэрлэг амьтанд эрсдэл учруулах тухайд зохих зөв чиглэл баримталсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад илэрхийлэв. Түүнчлэн СОP17 бага хурлын агуулгыг бүрнээ дэмжин оролцох, үйл ажиллагааг санаачилгатай, үр бүтээлтэй ажиллагаагаар дэмжинэ гэжээ.